МАН-ын генсэк, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан гээч нөхрийг даруй зогсоохгүй бол түүний үг, үйлдэл бүр хэрээс хэтэрч, ёстой л намын ойн баяраа 461-т тэмдэглэж мэдэхээр болж байна. Уг нь ЖДҮ-ийг дэмжих сангаас зээл авсан, авахад нь албан тушаал эрх мэдлээрээ нөлөөлсөн байж магадгүй гэж хардагдсан нөхөд эхнээсээ ёс зүйн хариуцлага үүрч, ажил албанаасаа чөлөөлөгдөөд байгаа.
Гэтэл сургууль, сум даяараа хүмүүжүүлэх гээд дийлэхээ больсон дүрэмгүй хүүхэд шиг нэг нөхөр МАН-д идээлж бээлээд хагардаггүй ээ. Хүүхэд, хүргэн, аав, ах нь ЖДҮ-ээс зээл авсан нөхөд хариуцлага хүлээж, шалгагдаж эхлээд байхад Д.Амарбаясгалан асуудлын ард цэвэрхэн мултарч үлдэх арга саамыг хайж байх шиг.
Тэр өөрийн 30 хувийг эзэмшдэг “Тайшир өргөө”, “Агро Технологи Шижирт”, “Соёмбо принтинг”, “Топ медиа” компаниудаараа 2016-2018 оны хооронд 39 удаагийн гүйлгээгээр нийт 4 тэрбум 215 сая 904 мянга 670 төгрөгийн хөнгөлттэй зээл, төсөл, бараа, ажил, үйлчилгээг төрийн болон төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудаас авсан байгаа юм.
Яасан их хэрэглээтэй, яасан сэргэж, дэмжигдэж өгдөггүй компани гэхээрээ хот, улсын бүх сангаас зээл хүртсэн байдаг юм. Мань эрийн “Тайшир өргөө” компани нь бүр 2015 онд нийслэлийн ЖДҮДС-гаас мөн 350 сая төгрөгийн зээл авсан байдаг. Ийм байтал тэрбээр намын гал тогоог удирдсаар байна гэдэг МАН гэх энэ том нам төдий хэмжээний дор орж, жолоодлогогүй болсны илрэл юм.
Намын жирийн гишүүд нь манай нам толгойгүй болчихлоо гэцгээж байгаа. Үнэн хэрэгтээ МАН толгойгүй биш, бүр 15 атгаалжин хар толгойтой болсноос болж гал тогоон дахь ахлах нь ийнхүү хор хутгаж, хүссэнээрээ жонхуу зуурч, намаа дотроос нь, дороос нь самарч суугаа хэрэг.
Авсан, нөлөөлсөн зээлээр нь ёс зүйн хариуцлага хүлээлгэлгүй нам гүм буйд талархаж суухын оронд намынхаа Удирдах зөвлөлийг шийдвэрийг “арынхаа өрөөн”-д гээчихээд өөрөө дур мэдэн Д.Сумъяабазарыг Хотын намын хороон даргаар илгээсэн гэж байгаа.
Ингэж том толгойлоход ч намын дарга У.Хүрэлсүх хариуцлага ярьж чадахгүй байгаагийн учир нь тэр хоёр хоёулаа Ерөнхийлөгчийн “штанги дор даруулаатай” байгаагийнх гэж тайлбарлах нөхөд бас байна.
Хадгаламж банкны 14 тэрбумыг залгисан У.Хүрэлсүх, НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч байхдаа Харвардад сурч байсан Л.Оюун-Эрдэнэтэйгээ нийлэн АНУ-ын Тайсон коллежийн тухайн үеийн төлөөлөгч М.Ариунбат нарын монголчуудыг МАН болон НАМЗХ-ны нэрийг барин залилсан. Монгол дахь ах дүүсийг нь насаар нь хохирооно хэмээн айлган сүрдүүлж, их хэмжээний мөнгө тонон дээрэмдэж байсан хэргээрээ АНУ-ын Цагдаагийн газарт бүртгэгдэж, Дипломат тагнуулын албанд шалгагдан байсан гэдэг. Энэ хэрэг эцэстээ шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг. Тэдний энэ фактуудыг Х.Баттулга гартаа оруулсан гэдгийг ч хэлэх эх сурвалж бас бий юм.
Тийм ч учраас удаа дараалан МОАХ-ны тэргүүн, МУ-ын Ерөнхийлөгч, женко Х.Баттулгын сценариар талбай дээр жагсаал, цуглаан зохион байгуулах ээлжит даалгаврыг хөөрхий ХҮК, хөлдөө хөгнө чирчихсэн гүйх Д.Амарбаясгалан нар гүйцэтгэн, жагсагчдынхаа өдрийн хоол ундыг МОАХ байрлах Ардчиллын ордноос зөөлгөсөөр байгааг тэнэг биш тэвчээртэй ард түмэн чинь хэдийнэ анзаарчихаад байна.
Өмнөх жагсаалыг У.Хүрэлсүх хийлгэсэн бол өчигдрийн Хон хэрээд тэргүүтэй “Даяар Монгол”, “Босоо хөх Монгол”, “Нэхүүл” нөхдийн жагсаалыг Д.Амарбаясгалан зохион байгуулсан юм байх. Гэхдээ хөөрхий НИТХ-ын учир мэдэхгүй 17 нөхрийг эгнээндээ нэгтгэн, хэт нь нөгөө хэдээрээ туг тахиж ч мэдэх төлөвлөгөөгөөр хутгалдаж, өөрийн үүрэх ял зэмийг нэмсээр явна.
Тийм ч учраас “Монголын иргэний нийгмийнхэн ТББ-ын төлөөлөл мөн биз, Мөн. Ашгийн бус хуулийн этгээд мөн үү, Мөн. Хүчирхэг төрийн үндэс нь Иргэний нийгэм гэж ярьсан уу, ярьсан. Хэнийг нь дэмжих, хэнийг нь дэмжихгүй вэ гэдэг Хуулийн бодлого, Хэрэгжүүлэгч хоёр хаана байна аа” хэмээн эгдүүцсэн иргэдийн дургүйцэл сошиалд газар аваад байна.
Үнэхээр Хон Хэрээдийн толгойлсон эсэргүүцэл нэртэй арга хэмжээг Д.Амарбаясгалан тэргүүтэй НИТХ-ын 17 төлөөлөгч толгойлсон нь үнэн бол Эрүүгийн хуулийн Гэмт хэргийн 3.4 зүйлээр шалгагдах нөхцөл үүсэх юм байна. Энэ зүйл ангид гэмт хэргийн хатгагчийг хэрхэн шийтгэх тухай заасан байгаа.
Цаашлаад энэ нь Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулсан гэх үндэслэл болж Үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн тооцогдож болзошгүй юм. Хэрвээ энэ хэргээр шалгагдаж эхэлбэл Эрүүгийн хуулийн 19.9 дүгээр зүйлээр Үндэсний эв нэгдлийг бусниулсан зүйл ангиар таваас арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэгдэх аж. Хэрвээ энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг /нөгөөх 17 төлөөлөгч хамтарсан нь тогтоогдвол/ үйлдсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм байна.
Үүнээс гадна зөвхөн Д.Амарбаясгалангийн хувьд гэхэд албан тушаалаа урвуулан ашиглаж ДЖҮХС-гаас бага хүүтэй зээл авсныхаа төлөө мөн Эрүүгийн хуулийн Хууль бусаар нийгмийн хөгжлийн үйлчилгээ авсан зүйл ангиар шалгагдах болоод байгаа. Ингэхдээ гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэгдэнэ гэдгийг хуулийнхан хэлж байна.
niigmiintoli.mn
Сэтгэгдэлүүд