Хувиараа хөдөлмөр эрхлэгч 107 985 иргэн есдүгээр сард нийт 1.7 тэрбум төгрөгийн шимтгэлийг Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлжээ. Улмаар эдгээр иргэний авсан 54 469 тохиолдлын тусламж, үйлчилгээнд 8.9 тэрбум төгрөгийг тус сангаас санхүүжүүлсэн байна.
Мөн 39 894 оюутнууд 631.9 сая төгрөгийн шимтгэл төлсөн бол тэдний авсан 24 163 тохиолдлын тусламж, үйлчилгээнд 3.4 тэрбум төгрөг зарцуулжээ.
Малчдын тухайд 10 083 иргэн 159.7 сая төгрөгийн шимтгэл төлж, 3,191 тохиолдлоор 10 төрлийн тусламж, үйлчилгээ авсан байна. Үүнд ЭМД-ын сангаас 683.3 сая төгрөгийн санхүүжилт олгожээ.
Түүнчлэн гадаадын иргэн, харьяалалгүй 109 хүн 3.4 сая төгрөгийн шимтгэл төлсөн бөгөөд дөрвөн төрлийн тусламж, үйлчилгээний 40 тохиолдолд 3.2 сая төгрөгийг ЭМД-ын сангаас санхүүжүүлсэн талаар Эрүүл мэндийн даатгалын сангаас мэдээллээ.