Дэлхийн үйл явдал

Германд өрнөсөн жагсаалын үер нүүрээ халхалсан үймээн дэгдээгчид дэлгүүр дээрэмджээ

Таны сэтгэгдэл
Германчууд амьжиргааны өртгийн өсөлтөөс болж орон даяар жагсаал цуглаан өрнүүлж байна. Жагсагчид өнгөрсөн амралтын өдрүүдээр Германы санхүүгийн төв гэгддэг Франкфуртын дэлгүүрүүдэд халджээ. Мөн нийслэл Берлин, Кёльн, Хамбург хотуудад ч эмх замбараагүй байдал үргэлжилж, цагдаа нар жагсагчидтай мөргөлдсөн байна.
Бямба гарагийн орой Германы Франкфурт хотод нүүрээ халхалсан үймээн дэгдээгчид дэлгүүрүүдийг дээрэмджээ.

Германд болсон жагсаалыг “Gen Z regelt” буюу герман хэлээр “Gen Z хариуцлагаа өөрсдөө үүрнэ” нэртэй хөдөлгөөн зохион байгуулсан бөгөөд Берлин, Франкфурт, Мюнхен зэрэг 34 хотод өрнөжээ. Тус хөдөлгөөн цэргийн албыг заавал хаах тогтолцоог эсэргүүцэж, амьжиргааны өртгийн өсөлтөд хүндрэлтэй тулгарч буй залуусын боловсролд илүү их хөрөнгө оруулахыг шаардаж байгаа аж.

Германы санхүүгийн төв Франкфурт хотод жагсаал хүчирхийлэл болж даамжирсны улмаас хоёр дэлгүүрийг дээрэмдэж, хэд хэдэн дэлгүүрт халдахыг завджээ.

“Хотын төвд хэд хэдэн дэлгүүрийн цонхыг хагалсан. Мөн онцгой байдлын албаныхан руу шатамхай шингэнтэй лонх шидэж байна. Иргэдийг хотын төвөөс хол байх эсвэл тухайн бүс нутгийг орхин явахыг уриалж байна” гэж Цагдаагийн газрын мэдэгдэлд дурджээ.

Бямба гарагийн үдээс хойших албан ёсны тоон мэдээллээр жагсаалд оролцогчдын тоо зохион байгуулагчдын анх таамаглаж байсан 182 мянгад хүрээгүй байна. Франкфурт, Мюнхен, Берлин хотын цагдаагийн байгууллагууд нийт 18 мянга орчим хүн жагссан гэж мэдээлсэн нь зохион байгуулагчдын цахим хуудастаа дурдсан  36 мянган жагсагч бий гэсний ердөө тал нь юм.

Жагсаалд зүүний хэт даврагч үзэлтэй, тодорхой танигдсан 100 орчим хүн оролцсоныг Дотоод хэргийн сайд Роман Посек хэлжээ. Тэрбээр “Жагсаал ийм байдлаар өндөрлөсөн нь ичгэвтэр хэрэг. Дээрэм тонуул, гал түймэр, цагдаагийн машин, цагдаагийн алба хаагчид халдсан явдал гээд бид Францад юу болсныг харж байна. Франц шиг байж болохгүй” гэжээ.

Герман дахь эмх замбараагүй байдал нь Францын залуучуудын эсэргүүцлийн жагсаалуудтай төстэй байгаа юм. Франц улсад өнгөрсөн амралтын өдрүүдээр 320 мянга гаруй хүн жагсаалд оролцжээ. Мөн 770 хүнийг баривчилсан гэх мэдээлэл байна.

Сүүлийн үед Франц, Бельги, Ирланд, Испани, Португал, Итали, Грек, Серби, Албани зэрэг Европын олон оронд голчлон залуучуудаас бүрдсэн жагсагчид гудамжинд гарч эсэргүүцлээ илэрхийлсээр байгаа юм. Жагсагчдын тавьж буй шаардлагууд улс орон бүрт харилцан адилгүй байгаа ч голчлон орон сууцны хүртээмж, боловсролын чанар, төрийн үйлчилгээний зардлыг танах зэрэг амьжиргааны өртөгтэй холбоотой асуудлуудад анхаарлаа хандуулж байна.

ЭХ СУРВАЛЖ: BBC

15
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

803 нийтлэл

Сэтгэгдэл бичих