нийтлэлчийн булан

Нээлттэй байдал бус хаалттай байдал

Таны сэтгэгдэл

Монгол Улсын шүүхийн үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод, ойлгомжтой хүргэх, олон нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Шүүхийн суваг” Univision IPTV-ийн 50 дугаар суваг дээр цацалтээ эхэлжээ. Улсын дээд шүүхийн дэйж хуудсанд нийтэлсэнийг үзвэл үндэслэлээ тайлбарлахдаа төрийн болон шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах үүднээс хэмээн хуулийн зүйл, заалт эшлэжээ. Шүүх хурлыг дамжуулахаас гадна шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах ярилцлага, хэлэлцүүлэг, контент нэвтрүүлж байх юм байна.

Монгол Улсад Хэвлэн нийтлэх эрх чөлөөг баталгаажуулсан хүчин төгөлдөр буй хуульд төр дэргэдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглосон заалтыг энэ нь илэрхий зөрчих биш үү?!

Шүүхийн нээлттэй ил тод байдал гэдэг нь зөвхөн өөрсдийн бэлтгэсэн мэдээлэл, хууль эрх зүйн боловсролын контент, өөрөө өөрсөдтэйгээ ярилцсан ярилцлага, өөрөө өөрийгөө ялагч болгох хэлэлцүүлэг зэргийг хэлэхгүй бөгөөд эдгээр нь яваандаа шүүх ямар шударга сайн байгаа тухай магтан дуулал, Ерөнхий шүүгчийг алдрын тавцанд нь алтан медальтай амьд бурхан болгох арга зам болон хувирахыг хэлэхгүй юм шүү.

Шүүхийн нээлттэй ил тод байдал гэдэг бол хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, шүүгчдийн томилгоо шударга ёсны зарчимд тулгуурлах, шүүгчдийн хөрөнгө орлого ил тод байх, төсөв аудитын тайлан нь нээлттэй байхыг хэлнэ!

Шүүхийн нээлттэй, ил тод байдал гэдэг нь сэтгүүлчдэд нээлттэй бөгөөд тэдний асуултад цензур тавихгүй бөгөөд нийгэмд хэлэлцэгдэж буй шүүхийн талаарх маргаантай, шүүмжлэлтэй асуудалд тайлбар өгч, байр сууриа тодорхой илэрхийлэх, хамгаалах, эсвэл уучлал гуйх чадвар чадамжтай байхыг хэлнэ.

Шүүх засаглал ТВ СУВАГ ажиллуулж эхэлж байгаа нь НЭЭЛТТЭЙ байдал биш ХААЛТТАЙ байдлыг бий болгож байна. Үүгээрээ эх сурвалжийг хязгаарлаж, сэтгүүл зүйн асуух, тодруулах, мэдээлэл эрэн хайх, асуудлыг нөгөө талаас харуулах, ингэснээрээ нийгэм, олон нийтэд олон талт мэдээлэлд үндэслэсэн чөлөөт үзэл бодол, байр суурь бүрэлдэн буй болох эрх, эрх чөлөөг зөрчихөд хүрч болзошгүй байна. /Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодолтой байх, хэвлэн нийтлэх эрх чөлөө ийм замаар л хэрэгждэг/

Шүүхийн нээлттэй, ил тод байдал гэдэг нь шуух хуралдааныг нээлттэй шууд дамжуулах тухай хуулийн заалт байсаар байтал хүссэн хурлаа хаалттай хийдэг, олон нийтийн мэдээллийн хэрэгсэлд хориг саад тавихыг хэлэхгүй бөгөөд үүнийгээ өөрсдийн эзэмшлийн мэдээллийн хэрэгслээр дамжуулснаар нээлттэй байдал гэж үзэх нь гажуудал юм.

Хэтэрхий улстөржсөн, хэт нэг намжсан, төрийн тусгай болон бүх албыг иргэний эрх ашгийн төлөө гэхээс илүүтэй улстөрийн эрх мэдлийг хамгаалагчид болгон хувиргаж буй өнөөгийн улс төрийн тогтолцоонд ШҮҮХИЙН МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЭЛ дан ганц үнэнийг мэдээлнэ гэдэгт итгэлгүй байна. Зөвхөн нэг талаас нь харуулсан мэдээлэл түгээхийг сэтгүүл зүй гэхгүй бөгөөд яг иймэрхүү мэдээлэх үйл явц бүхий хэвлэл мэдээлэлтэй улсын жишээ бол өмнөд хөрш.

Шүүх засаглалын анхлан зориглон санаачилж буй энэ үзэгдэл бусад институци, төрийн байгууллагад бэлээхэн загвар болж, халдварлах, цааш цаашдаа уламжлагдах маш гажуудсан жишиг гэж бодож байна.

Иргэд олон нийтийн эрх зүйн боловсрол тааруу , хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн ур чадвар дутмаг гэх шалтаг шалтгаан тоочих гэж байгаа бол энэ нь хэвлэн нийтлэх, мэдээлэл хайх, хүлээн авах эрх, эрх чөлөөнөөс огт тусдаа асуудал юм. Өнөөдөр Үндсэн хуулиар тунхагласан, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн цагаан дээр хараар бичсэн мөрүүдийг хэн ч цасан дээр үлдсэн мөр шиг үзэх ёсгүй.

Хэвлэл мэдээллийн орон зайд өнөөдөр улс төржсөн ТӨР сэтгүүл зүйтэй өрсөлдөгч болсоор байна. Эхлээд санхүүжүүлэгч, захиалагч, дараа нь өрсөлдөгч, дараагийн удаад залгигч болоход ойрхон байна.

Эцэст нь ганц асуулт; Монгол Улсын шүүхийн тухай хууль тогтоомжид түүний кмэргэжлийн үйл ажиллагаа юу гэж тодорхойлдог вэ? “Хэвлэл мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх” зохицуулалт байдаг уу?!

25

Сэтгэгдэл бичих