Төрийн удирдлагын доктор, дэд профессор Д.Сүрэнчимэгтэй төрийн албаны сургалт, ёс зүй судалгаа, бүтээлийн талаар ярилцлаа.
-Таныг Удирдлагын академийн захирал байх үед “багш” л гэж хардаг байсан бол өнөөдөр судлаачийнхаа хувьд ямар гайхалтай оюуны өмч бүтээснийг хараад өмнөх төсөөллөө өөрчлөхөд хүрлээ. Бүтээмэл буюу хиймэл оюун ухаанд суурилсан судалгаа, шинжилгээний систем зохион бүтээснийг хараад судлаачдын халгадаг “хар ажлыг” хөнгөвчлөх маш чухал зүйл юм байна гэж бодсон бол “Ёс зүйн 100 сургаал” хэмээх гурван ботийг эмхэтгэхдээ 180 тэрбум илэрц дээр ажилласан гэдгийг чинь сонсоод тун их гайхлаа. Гэхдээ ярилцлагаа Удирдлагын академийн ажлаас эхлүүлье. Тэнд та чухам юу хийж бүтээсэн бэ?
– Монгол Улсын Төрийн албаны сургалтын байгууллага Удирдлагын академийн захирлаар таван жил ажиллаад 2025 оны 10 дугаар сард хүлээлгэн өгсөн. Энэхүү байгууллага 1924 онд албан ёсоор байгуулагдсанаасаа хойш өнөөдрийг хүртэл 102 жил болж байна. Намын түр сургуулиас эхлээд нэр нь 12 удаа солигдсон ч Монголын төрийн албан хаагчдыг бэлтгэх зорилго нь хэвээр хадгалагдаж ирсэн. Зарим цаг үед сургалтын хугацаа дөрвөн жил байсан бол өнөөдөр 1-2 өдрийн богино хугацааны сургалтууд ч бий. Энэ бүх сургалтын статистик 220-иод мянган хүнийг хамарч байгаагаас 168 мянга гаруй нь манай багийн ажилласан таван жилд суралцсан байдаг. Тэгэхээр сургалтын хэрэгцээ, нөгөө талаас эрэлт хэрэгцээнд нийцэх сургалтын агуулга, хэлбэрийг зохион байгуулах, ачаалалтай ажиллах бололцоо гээд энэ бүхэн байж болдгийг өнгөрсөн таван жилд манай багш нар харуулсан гэж боддог. Сургаж бэлтгэсэн төрийн албан хаагчийн тоог сургуулийн нас, өөрсдийн ажилласан жилдээ харьцуулаад тооцвол 77 жилийн ажлыг нугалсан байна гэж бид дараа нь өөрсдийгөө дөвийлгөн хөгжилдөж байлаа. Захирлын ажлыг өгөхдөө бичиж дүүргэсэн 51 тэмдэглэлийн дэвтэртэй өөртөө үлдэж, дараагийн хүндээ 30 хавтас ажлыг үлдээж байлаа.
-Удирдлагын академийг “дарга бэлтгэдэг” сургууль гэх сөрөг хандлага, ойлголт нийгэмд байдаг. Гэтэл төрийн уураг тархийг бэлтгэж байх, төрийг бүрдүүлдэг олон деталь хэсгүүдийн уялдаа холбоог нэг итгэл үнэмшилд зангидах, нэг зүг рүү харахад чиглүүлэх тун чухал үүрэгтэй инститиуц юм байна. Таны ёс зүйн боть бүтээлүүд ч, академийн сургалтууд ч төрийн уураг тархийг цэнэглэн хөгжүүлэх, нэг үгээр бол улс орны чадавх чадамж, аюулгүй байдлын тухай юм байна гэж ерөнхий зургаар нь ойлгож байгаа нь зөв үү?
-Төрийн албаны сургалтын байгууллага гэдэг статусаар бол тийм. Дэлхийн улс орнууд үүнийгээ яаж хийгээд байна гэдгийг харвал гурван хувилбар байгаа юм. Зарим улс орнууд төвлөрүүлж хийдгийн нэг загвар нь манайх. Манайх тийм хуультай. Хуулиа 2017 онд батлаад 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Төрийн алба хашиж байгаа л бол та анх албанд орохоосоо эхлээд Удирдлагын академид суралцах хуультай. Гурван жил тутамд сурна, албан тушаал дэвшихээрээ сурна, тодорхой албан тушаалуудад томилогдохдоо заавал сурсан байна гэдэг ч юм уу, энэ бол төрийн албан хаагчдаа тасралтгүй сургадаг төвлөрүүлсэн хэлбэр. “Уураг, тархиа” яг ижил өнцгөөр нэг талаас харах ёстой зүйлийг нь харуулж байгаа гэсэн үг. Зарим улс орнууд ингэж төвлөрүүлдэггүй. Их, дээд сургууль болоод төрийн чиг үүргүүд өөр өөрийн бүтэц дээр сургалтаа явуулдаг, тухайн байгууллага, салбар нь албан хаагчдадаа тавих ур чадвар, сургалтын агуулга, шаардлагаа захиалж бэлтгэдэг хэлбэр зарим улс оронд хөгжсөн байдаг. Зарим улс орнуудад дээрх хоёрын холимог хэлбэр хөгжсөн байдаг. Эдгээр хэлбэрүүдийн энэ нь сайн, тэр нь муу гэж хэлэх боломжгүй. Тухайн улс орны нөхцөл байдал, хүн ам, бэлтгэгдсэн хүний нөөц гэх мэт хүчин зүйлүүд төрийн албаны сургалтын хэлбэрт нөлөөлнө. Тухайлбал, намайг Удирдлагын академид захирлаар томилогдож байх үед Монгол Улсын хэмжээнд төрийн удирдлага, төрийн захиргааны шинжлэх ухааны чиглэлээр гадаадад бэлтгэгдсэн мэргэжилтэн, боловсон хүчин 42-46 хүн л байсныг тооцож үзвэл бидэнд олон улсын түвшинд мэргэшсэн хүн хэр олныг хэруулах үзүүлэлт гэж хэлж болно. Хэрэв бид төрийн албаны төвлөрсөн сургалтын хэлбэрээ өөрчлөөд салбар салбарт нь бэлтгэх хэлбэр рүү шилжлээ гэхэд багш, хүний нөөцийн хүрэлцээнээс хамаараад төрийн захиргааны шинжлэх ухааныг авч явах үндсэн чиг үүрэг рүүгээ нэгтгэх гэх мэт олон асуудал өрнөх нөхцөл ч бий. Жишээлбэл төрийн албаны хүний нөөцийн менежментийн загвар болгож байгаа Өмнөд Солонгос улсын хувьд төрийн захиргаа, төрийн удирдлагаар мэргэшиж докторын зэрэг хамгаалсан 1100 эрдэмтэнтэй. Манай дээр хэлсэн тоотой харьцуул даа.
-Хүн амын болон төрийн албан хаагчийн тоотой нь харьцуулах нь оновчтой байх?
-Хүн амын тоо гэхээсээ илүү бэлтгэгдсэн боловсон хүчний асуудал руу хандуулах нь зөв байх. Хэрэгцээ гарах үед их, дээд сургуулиудаасаа эрдэмтдээ татаж авчраад сургалтуудаа явуулдаг төвлөрсөн тогтолцоогүй байх хэлбэр бий. Манайх энэ загварыг нэвтрүүлэх бололцоог туршсан ч их, дээд сургуулийн багш нарын маань ачаалал, замын түгжрэл гээд маш энгийнээс эхлээд нэлээд өргөн хүрээний асуудлууд бий. Тиймээс төвлөрсөн сургалтын загвараа хадгалах нь зүйтэй гэж үзсэн гэж ойлгодог. Удирдлагын академийн багш нар бүх чадлаараа ажиллаад ч төрийн албан хаагчдадаа бүгдэд нь бас хүрэлцдэггүй тал ч бий. Тиймээс тухайн мэргэжлийн эрдэмтэй, туршлагатай хүмүүстэй хамтарч ажилладаг. Намайг ажиллаж байхад зарим ачаалалтай жилд академийн багш нараас гадна 200 гаруй багш, судлаач, туршлагатай, мэргэжлийн хүмүүстэй хамтарч ажилласан тохиолдол ч бий. Төрийн албаны сургалтын нэг онцлог нь шууд практик заах ёстой. Өнөөдөр хичээлд суулаа, сургалтаа дуусгаад ажил дээрээ очиход шууд хэрэгжүүлэх бололцоотой зүйлийг заах ёстой учраас түвшин, шаардлага нь их өөр, илүү практик хэрэглээтэй байх ёстой, түүнийг дамжуулж байх ёстой. Их, дээд сургуульд мэргэжил эзэмшүүлэх түвшинд мэдлэг, ур чадвар олгох сургалтаас шууд тэр өдрөө хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэх талаараа ялгаатай. Энэ бүхэн нь улс орон бүр өөрийнхөө нөхцөл байдалд тохирсон хэлбэрүүдтэй гэсэн үг.
-Төрийн албан хаагчийн мэргэжлийн замнал, карьер мерит зарчмаар явдаг. Тасралтгүйгээр өөрийгөө хөгжүүлээд туршлага мэдлэг хуримтлуулаад явж байтал улс төрийн томилгоогоор нам дагасан нэг нөхөр дээр нь ирээд суучихдаг. Нөгөө хуримтлуулсан мэдлэг чадварыг нь ашиглах эсэх нь тодорхойгүй, шинийг санаж сэдэх шаардлагатай эсэх ч тодорхойгүй, цаашаа үргэлжлэх эсэх нь ч баталгаагүй баахан бодлого, шийдвэрээр дарчихдаг. Сүүлдээ дөжрөөд зүгээр л мөрөөрөө байж байдаг хүмүүс болчихсон байх нь анзаарагддаг. Энэ бол улс төрийн асуудал. Төр үүнийгээ нь хэрхэн хардаг юм бол?
-Монгол Улс төрийн алба дөрвөн бүлэгт ангилагддаг. Тус дөрвөн ангиллын хоёр нь төрийн жинхэнэ алба буюу төрийн захиргааныхан ба төрийн тусгайгийнхан. Гурав дахь хэсэгт боловсрол, эрүүл мэнд, соёл, спорт гээд төрийн үйлчилгээнийхэн багтдаг ба дөрөв дэх нь улс төрийнхөн юм. Төрийн улс төрийнхөн гэдэг нь сонгуулиар төрийн эрх барих нөхцөл бүрдсэн улс төрийн албан тушаалуудад томилогдож буй хүний нөөц юм. Энэ нь эрх зүйн хувьд хуулийн дагуу боловч нөгөө талдаа байгууллагын ой санамж, өмнөх бодлого үйл ажиллагааны залгамж чанарыг үргэлжлүүлэх туршлага талаасаа зөрчилдөх тохиолдол байдгийг үгүйсгэхгүй. Төрийн жинхэнэ албан хаагч мерит зарчмаар албан тушаал ахилаа ч улс төрийн намын гишүүн биш учраас тодорхой өндөр албан тушаалд томилогдож чадахгүй байх, тухайн салбарын мэдлэг, туршлага үл харгалзан улс төрийн намын хүн түүнээс дээд албанд томилогдох зэргийг буруу, эсвэл зөв гэх хэцүү. Эрх зүйн орчин нь ийм юм. Олон жил төрд ажилласан албан хаагчид үүнд дургүй байх нөхцөл ч бий. Яагаад гэвэл тэнд туршлага, мэдлэг, чадвар хуримтлагдах ёстой. Засгийн газрын дундаж нас 1,8 жил. Энэ хугацаагаар улс төрийн албан тушаалтан солигддог нь төрийн жинхэнэ албан хаагчдыг шинийг санаачлах, хөгжүүлэх, үнэн сэтгэлээсээ ажиллах хүсэл, эрмэлзлийг мохоох талтай. “За тэгээд л дарга солигддог, бодлого өөрчлөгддөг шүү дээ” гэдэг нөхцөл байдал үүсээд байгаа нь харамсалтай санагддаг. Энэ хооронд бид маш олон хүнийг сургаж, бэлтгэж байгаа. Тэр болгон үргүй зардал болж хувирч байдгийг ч анзаарах ёстой.
Төрийн улс төрийн албаныхны сургадаг тогтолцоо зайлшгүй хэрэгтэй
-Төрийн улс төрийн албаныхныг төрийн захиргааны шинжлэх ухаанд сургаж бэлтгэдэг үү? Улс төрийн албан тушаалтан, төрийн жинхэнэ албан хаагчдын хооронд зөрчил үүсэх үү, эсвэл нэг зүгт нягтарч ажиллах уу гэдгийг хэрхэн шийддэг юм бэ?
– Сүүлийн есөн жилийн хугацаанд эрх зүйн орчны өөрчлөлтөөс үүдэн бид төрийн улс төрийн удирдлагууд болон төрийн үйлчилгээний удирдлагуудыг системтэйгээр сургаагүй. Зарим нэг захиалгаар богино сургалтуудаар л сургах үйл ажиллагаа хязгаарлагдсан гэж хэлж болно. Үр дүнд нь системтэйгээр сурсан эмнэлгийн даргагүй, сургуулийн захиралгүй, цэцэрлэгийн эрхлэгчгүй болсон гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэдгээрийг удирдлагад бэлтгэх, сургах ажлыг тухайн салбарын сургалтын байгууллагууд хийгээд явж байгаа ч агуулгыг нь харахад түүгээр байгууллагын бодлого, менежментийг авч явах боломж хэр хангагдах бол гэсэн асуудалтай тулгарна. Миний хувьд Багшийн мэргэжил дээшлүүлэх институцийн захирлаар ажиллаж байх хугацаандаа үүнийг анзаарч, удирдлага бэлтгэх сургалтын хөтөлбөртөө хөндлөнгийн үнэлгээ хийлгэж байсан юм. Үнэхээрийн байгууллага авч явахад сайн мэргэжилтэн байхаас гадна өөр ур чадварууд шаардагддаг. Удирдана гэдэг чинь мэргэжлийн ажил шүү дээ. Сайн багшаа захирал, дарга болгоод байхаар сайн багш ч үгүй, системтэй сургаж хөгжүүлээгүй болохоор сайн дарга ч үгүй болоод байгаа тал бий. Удирдлагын академийн захирлаар томилогдон очихдоо нийгмийн салбарын удирдлагуудыг бэлтгэх, сургах хэрэгцээ шаардлага байгааг хөндсөн боловч эрх зүйн хувьд төсвийг нь шийдэх бололцоогүй байсан. Тиймээс төлбөртэй сургалтыг өгч эхэлсэн. Нийгмийн салбарын удирдлагуудаа болон улс төрийн албаныхнаа, ялангуяа баг, сум, дүүрэг, нийслэлийн түвшинд сургахгүй бол төрөө мэдэхгүй хүн төрийг удирдаж, төрийн шийдвэр гаргана гэдэг асуудал шүү.
– Та төрийн албан хаагчийн ёс суртахууныг хуульчлах асуудал дээр сөрөг байр суурь илэрхийлж байсныг санаж байна. Төрийг харах ойлгох өнцөг төрд ажиллагсдын хувьд ард иргэдийнхээс хэр өөр байдаг бол?
– Би Удирдлагын академийн ажлаа өгснөөс хойш хувь судлаачийнхаа хувьд монгол хүмүүс төр, улс, ёс суртахуун, ёс зүй гэх ухагдахуунуудыг яаж ойлгодог юм бэ гэдгийг судалж, нэлээн цаг хугацаа, хөдөлмөр зарцууллаа. Судалгаа юунаас эхэлсэн бэ гэхээр “төр”, “улс”, “ёс” гэсэн гурван үгээр орчин цагт хэрэглэгдэж буй бүх утгыг толь бичгүүдээс түүсэн. Эдгээр гурван үг орсон 1460 гаруй толгой үг гарч ирсэн. Дараа нь 1460 гаруй үгээ утгын айгаар нь бүлэглэж, тэдгээр утга өөр хоорондоо хэрхэн холбогдож байгааг шинжлэн судалсан. Тэгж судлах явцад тодорхой утгуудын холбоог гаргаж, тэдгээрийн хэрэглээний цаг хугацааг тогтоохыг оролдсон. Цаг хугацааны хувьд “Монголын нууц товчоо”-ноос эхлэлийн цэгийг авч үзсэн. “Монголын нууц товчоо” 800 гаруй жилийн тэртээх үйл явдлыг бичиж үлдээсэн түүхэн шастир, бидний үеийг хүртэл уламжилж ирсэн бичгийн гол эх сурвалж. Уг эх сурвалжтайгаа тулгаад үзэхээр “төр” гэдэг үг ХХ зуунд л гарч ирж хэрэглэгдсэн байна. “Монголын нууц товчоо”-нд “улс” гэдэг үг илүү давамгай хэрэглэгдсэн байх жишээтэй. “Ёс” бол түүнээс урагш цаг тоолол руу хөтлөөд зогсохгүй цаг хугацааг ухраах тусам улам олон илэрц олдож байгаа нь гайхмаар байлаа.
-Урагшлах гэдэг нь он цаг тооллын аль хүртэл?
-Цаг хугацааны хувьд урагшлах тусмаа ёс суртахуун, ёс зүй гэх ухагдахуун “ёс”-той холбоотой уламжлал дээр суурь нь зангидагдаж байна. Түүний дараа “улс”. Төр бол одоо хэрэглэж байгааа утгаараа хамгийн сүүлийнх юм билээ. Тэр тусмаа ХХ зуунаас хэрэглэж эхэлсэн гэж хэлж болно. Монголч эрдэмтдийн хурал дээр би энэ талаар илтгэл тавих үеэр хүмүүс надаас юу гэж асуусан гэхээр “Ахуй төр маань бүү алдартугай” гэдэг үг “Монголын нууц товчоо”-нд байхгүй гэж та хэлж байгаа юм уу? гэдэг асуулт. “Монголын нууц товчоо”-нд “Ахуй төр маань бүү алдартугай” гэдэг үг байхгүй. “Монголын нууц товчоо”-нд төртэй холбоотой үг гэвэл “Их төрийг сэтгэх” гэх үг байна. Энэ үгийн үүрэг нь ёс, уламжлалаа барьж ажилла гэдэг утгатай. Тэгэхээр “төр” гэдэг хэлбэрээр “ёс” хэмээх агуулгыг илэрхийлж байжээ. Үүний нотолгоо нь хүн төрөлхтний бичмэл толь бичгүүдийн эртний сурвалжуудын нэг, 1170-аад оны үед зохиогдсон түрэг хэлний “Диван Лугат” толь бичигт байна. “Диван Лугат”-д тайлбарласанчлан төр гэдэг үгээр ёс хэмээх утгыг илэрхийлдэг нь орчин цагийн турк хэлэнд ч мөн адил байгаа юм. Төр гэдэг хэлбэр хэрнээ агуулга нь ёс. Бидний судалгааны эх сурвалж он тооллын хувьд урагшлах тусмаа “ёс” хэмээх ойлголт гүнзгий байна гэдэг нь энэ. Тэгэхээр судалгаагаар юу харагдаж байна вэ гэхээр ёс, ёс суртахуун, ёс зүй бол аливаа үйлдлийн суурь, хэм хэмжээний шалгуур юм байна. Улс бол түүний үр дүн юм байна. Төр бол түүнийг бүтээдэг систем буюу улсыг бүтээдэг механизм. Тэгэхээр төр гэдэг маань төрийн албан хаагч, түшмэд нь яаж ажиллана тийм үр дүнг буюу тийм улсыг бүтээнэ гэсэн үг. Төрийн албаны яаж ажиллах ёс суртахууны хэмжүүр нь ёс. Бид “ёс” гэх шүүлтүүрээр шигшигдсэн төрийн зөв үйл ажиллагаа, төрийн зөв шийдвэр илүү сайхан улсыг бүтээнэ гэдэг логикийг яг энэ үгийн хэрэглээн дээрээс олж харсан. Яагаад гэвэл хэлэхүй бол сэтгэхүйн үргэлжлэл, илрэл учраас бид ямар үгийг яаж, хэзээд хэрэглэж байна вэ гэдгээр үүнийг гаргаж ирэх шинжлэх ухааны аргачлалуудыг ашигласан юм. Өнөөдөр бид ёс, ёс суртахуун, ёс зүй гэдэг агуулгуудаа хольж ойлгодог. Шинжлэх ухааны судлагдахуун талаасаа ёс зүй гэж ярьж болно. Яг хувь хүн үйлдлүүд рүү ороод ирвэл ёс суртахуун гэх дадлын тухай болно. Энэ бол хувь хүний асуудал болж байгаа биз. Тэгвэл үүний дараагаар удирдлагын асуудлууд яригдана. Яагаад гэвэл аль ч байгууллагын хувьд удирдагч нь ямар байна тухайн байгууллага тийм л соёлтой болдог. Тэгэхээр хувь хүний ёс суртахууны дадлын асуудал байгууллагын соёлыг тодорхойлох хүчин зүйл болж байгаа хэрэг. Институцийн соёл нь төрийн албаны ёс зүйн агуулгаас бүрдэж таарна. Тухайн институцийн тогтсон соёл гэдэгт ёс зүйн агуулгыг ярих болж байна гэсэн үг. Төрийн албан хаагчийн ёс зүй гэж байгаа бол тэр нь хувь хүний дадлын тухай яриа болж хувирна. Төрийн аль нэг институци дээр алдаа гарлаа гэхэд хариуцлага нь хувь хүн дээр яригддаг ч алдаа гарах нөхцөл байдал нь тухайн байгууллагын тогтолцоо, соёлоос шалтгаалж байх тохиолдол бий. Гэтэл бид үүнийг хэн нэгэн хүний буруу мэтээр хардаг, ханддаг, бас шийддэг. Тэгэхээр бид ойлголтуудаа зөв ялгаж, асуудлын уг сурвалж хаана байна гэдгийг үнэн бодитой таних нь чухал. Сая бидний хийсэн судалгаа яг энэ ялгаануудыг гаргаад зогссон. Судалгааны ажил цааш үргэлжилнэ.
-Тэгэхээр та “Ямар төр байна, тийм улс бүтнэ” гэдэг үзэл дээр та бат зогсож байна. Энэ бол зүй тогтол гэж хэлж байна. Энэ төрийн соёл нь ямар байна тэр улсын соёл тийм болно гэсэн үг үү. Энэ төрийн мөнгө олох арга ямар юм, иргэдийнх нь мөнгө олох арга яг тийм болно гэдэг ч юм уу. Бас нэг зүйлийг энд зайлшгүй дурдах ёстой байх. Та төрийн албан хаагчийн ёс зүйн асуудлыг хуульчлах ёсгүй гэдэг байр суурийг илэрхийлж байсан шүү дээ. Төрийн ёс зүйн ямар байхыг хуульчлах нь яагаад болохгүй байсан бэ? Хуульчлахгүйгээр хуулиас өмнө байх ёстой анхдагч ёс зүйг яаж энэ төрд суулгах вэ?
– Хуульчилж болохгүй хэсэг нь бидний өв уламжлал, ёс суртахууны дадал юм. Ёс суртахууны тэр дадал нь гэр орны орчинд бидэнд эцэг, эхээс уламжлалаар дамжиж ирдэг. Хүүхэд орчноосоо харж суралцдаг. Хувь хүний дадалтай холбоотой зүйлийг хуульчилна гэдэг бол боломжгүй зүйл. Таны өдөр тутам гаргадаг үйлдэл, дадлыг хуульчилна гэдэг утгагүй. Харин мэргэжлийн ёс зүй болон төрийн албан хаагчийн ёс зүйг хуульчилж байгаа бол үүнийг буруу биш. Энэ бол байж болох юм. Учир нь хувь хүний гэхээс илүү тогтолцооны, байгууллагын, институцийн асуудал болох нь бий. Миний хэлээд байгаа санаа, байр суурь юу вэ гэхээр эдгээрийг хольж хутгахгүйгээр ойлгох. Үүнийг холихоор юу болдог вэ гэхээр институцийн хувьд байх ёстой “ёс” нь соёл болж төлөвшөөгүй тохиолдолд хариуцлага нь хувь хүн дээрээ бууж ирдэг. Ихэнхдээ анхан шатанд байгаа түвшинд буруу тохиогддог. Уг нь системийн хувьд хамгийн гол манлайлагч бол байгууллагын удирдлагууд. Ялангуяа өндөр түвшний удирдлагууд өөрийнхөө хувийн манлайллаар ийм соёлыг тогтоодог. Улс орнуудын туршлага, түүхүүд ч тийм байна. Байгууллага, хамт олон, улсыг удирдаж буй хүний хувийн манлайлал нь түүний ёс суртахуун, дадал дээр тогтдог. Удирдлага ямар байна байгууллага тийм байдаг. Бидний асуудал энд л байгаа.
5000 жилийн түүхэнд огт өөрчлөгдөөгүй асуудал бол ёс суртахуун
-Нийгмийн ёс зүйн хэм, хэмжээ, ёс суртахуун яаж бүрэлдэж тогтдог юм бэ? Үүнд төрийн юм уу, нийгмийн бусад институцийн алиных нь нөлөө тусгал их байдаг вэ? Тэр тусгал ямар зүй тогтол, ямар үйлчлэлээр нийгмийн, нийтийн, үндэсний ёс суртахууны хэм хэмжээ болж тогтдог вэ?
-Нийгэмд ёс суртахууны тодорхой асуудал үүсэх үед улс орнууд яадаг юм бэ гэдгийг бид нэлээд ухаж үзсэн. Гэтэл үүнд дөрвөн салбар их чухал үүрэгтэй байдаг юм байна. Эхнийх нь шашин. Хамгийн өндөр үүрэгтэй нь шашин юм билээ. Шашин бол ямар ч цензургүйгээр хүмүүсийн оюун ухаанаар дамжин айл гэр рүү орж, аав ээж, эмээ өвөөгийн шийдвэрт нөлөөлдөг. Тэд юун дээр юу гэж дуугарч байгаагаар бид хүмүүжиж байдаг. Тэр талаасаа шашин бол хамгийн хүчтэй бөгөөд нөлөөтэй юм билээ. Дараагаар нь цэрэг, батлан хамгаалах салбарынхан. Энэ их сонирхолтой. Яагаад цэрэг гэж. Гайхаад үүнийг судлаад үзсэн чинь цэрэг, цагдаа, тусгай хүчнийхэнд бид эрх чөлөөгөө даатгадаг юм байна. Эрх чөлөө ба түүний зааг дээрх бүх эрхээ даатгадаг. Хэрэгцээтэй үед тэд тэр үүргийг гүйцэтгэдэг. Энэ бол энх цагт байгууллагын ёс суртахуунд нөлөөлөх гол хүчин зүйл юм. Энх биш цагт дайны үед амьд байх эсэхийн зааг дээр байдаг. Тиймээс тэр хариуцлага нь ёс суртахууны хамгийн өндөр үнэлэмжийг тогтоодог юм байна. Түүний дараа олон нийт, үүсгэл санаачлагын байгууллагууд. Тэгээд төр. Хүний оюун ухаанд нөлөөлөх үйлдэл талаас нь матрицлаад үзэхээр оюун ухаанд хамгийн нөлөөтэй хэрнээ үйлдлийн хувьд бага нь шашин. Хамгийн их үйлдэлтэй ч оюун ухаанд арай бага нөлөөлөх нь цэрэг. Нийгмийн ёс зүйг ярихын тулд энэ дөрвөн чиглэл бүрээр тодорхой ажлууд хийсэн туршлага олон улсад байдаг юм билээ. Энэ бүхэн бидний нэгтгэсэн “Ёс зүйн 100 сургаал” гурван боть бүтээлийн ард байгаа датад бий.

-“Ёс зүйн 100 сургаал” гурван ботийг бичихээс өмнө дэлхийн хэд, хэдэн хэл дээрх эртний болон орчин үеийн бичгийн эх сурвалжуудаас ёс суртахуун, ёс зүйтэй бичлэгүүд, илэрхийллийг татаж авсан гэж ярьсан. Төсөөлшгүй ажил санагдаад байх юм?
– Энэ датаг цуглуулахын тулд бид хүн төрөлхтний оюуны бүх уурхай руу нэвтрэхийг хичээсэн. Бид ёс зүй, ёс суртахуунтай холбоотой 49 түлхүүр үг боловсруулан 16 хэлээр хайлт хийхээр бэлдсэн. Энэ 16 хэлний 9 нь эртний хэл буюу өнөөдөр хэрэглэгдэхгүй байгаа хэл байсан. Тэгээд дэлхийн 140 гаруй их дээд сургууль, нэр хүнд бүхий томоохон номын сангууд, зарим нээлттэй архивууд руу орох эрхийг авч хайлт хийсэн. Үр дүнд нь 180 тэрбум илэрц гарч ирсэн.
-Тухайлбал, ямар түлхүүр үгсээр?
-Ёс суртахуун, ёс зүй, ёс зүйн дадал, ёс суртахууны үнэлэмж гэх мэт үгсээс эхэлсэн.
-Ёс зүй гэдэг үг орохгүйгээр энэ утга, ухагдахууныг илэрхийлдэг ямар үг байна?
-Байж болно. Хүний дадал, зуршилл, уламжлал гэх мэт. Тэгэхээр ийм 49 түлхүүр үгийг гаргаад 16 хэлээр номын сангуудаас хүн төрөлхтний мэдлэгийн эх уурхайгаас шүүрдсэн.
-Хамгийн эртний эх сурвалж нь юу байв?
-Хамгийн эртний эх сурвалж бол Египтийн Маатын ёс зүй. Египтийн Маатын ёс суртахууны уламжлал бол 5100 жилийн түүхтэй. Бид энэ шүүлтийг хийхдээ 16 хэлээр хийсний 9 нь эртний буюу мөхсөн хэл байсан тухай хэлсэн. Тэр үеийн Египтийн хэл, латин хэл өнөөдөр хэрэглэгдэхгүй.
Бид тэрхүү 180 тэрбум илэрцээ яаж цэгцлэх вэ гэдэг асуудалтай тулгарсан. Бид эдгээрийг цэгцлэх системүүд хийсэн. Тэр системүүдийнхээ үр дүнд илэрсэн бүх ойлголтууудаа цэгцэлсэн. Нэгтгэхэд хүн төрөлхтөн ёс зүй, ёс суртахуунтай холбоотой 800 гаруй онол, сургаал, үзэл, баримтлал гаргасан юм билээ.
-Тэгвэл хүн төрөлхтөн өөрийгөө танин мэдэх явцдаа хамгийн их анхаарч судалсан ч өнөөдрийг хүртэл огт шийдэж чадаагүй салбар байх нь ээ?
-Тэгж хэлж болохоор. Хүн төрөлхтний хувьд хамгийн урт хугацаанд хамгийн өргөн хүрээтэй судлагдсан ч хамгийн шийдэгдээгүй салбар гэж хэлж ч болох байх. Бид 800 онол, сургаалыг уншигчдын гар дээр тавина гэдэг бол зөв биш гэж үзсэн. Ингээд шинжлэх ухааны христоматын аргачлалыг өргөтгөн нью христоматын аргачлал боловсруулан эдгээр 800 онол, сургаалыг шинжилсэн. Хүн төрөлхтний түүхэнд гүйцтгэсэн үүрэг, цаг хугацааны хувьд хэр урт насалсан, хүний эрхийг хүндлэх талаасаа, шинжлэх ухаанд гүйцэтгэсэн үүрэг, түүхэн нөлөө гэх мэт шалгуур үзүүлэлтүүд боловсруулан бүх онолыг үнэлсэн. Зарим сургаальд “буруу үйл хийсэн бол хөнөө” гэхээс эхлээд л хүний эрх, хүмүүнлэгийн талаас хэтэрхий харгис онол сургаал ч байдаг. Энэ бүхэн нийгмийн хөгжлөө дагаад хувирч өөрчлөгдсөөр ирсэн. Тухайн үедээ тэр нь зөв байсан ч байж мэдэх. Хүн төрөлхтөн үүнийг нь хүлээн зөвшөөрч байсан. Ийнхүү шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийгээд бүгдийг нь жагсааснаас хамгийн өндөр үнэлгээтэй 99 сургаалийг шигшин авч, монголынхоо өвтэй нийлүүлэн 100 сургаал болгон ботилсон. Хүн төрөлхтний 5100 жилийн түүхийн өв сан дотор манай уламжлал үнэхээр арвин, уг нь. Гэхдээ виртуал ертөнцөд байршсан нь бага. Тиймээс бид Монголынхыг тусад нь боловсруулж, заавал багтаах ёстой гэж үзсэн. Ингээд 100 болж буй хэрэг. Энэ зуугаа сонгож аваад цаг хугацааны дарааллаар байрлуулахад үндсэндээ 6 бүлэг болж байгаа. Бүр эртнийх, шашны үеийнх, сонгодог философийнх, хэрэглээний ёс зүй, ирээдүйн гээд 6 бүлэг болсон. Үүнд онол, сургаал, шашны сургаал, домог шиг зүйл хүртэл байгаа ч нийтлэг нэр нь сургаал гэдэг үг байх нь зохистой юм байна гэж үзсэн. Түүнээс бүгдийг нь онол гэж нэрлэж болохгүй. Тэгвэл аль нэг талаараа зөрөх гээд байсан учраас бид “Ёс зүйн 100 сургаал” гэж нэрлэсэн. Ном гарсны дараа “За чи сургаал л ярьдаг болж дээ” гэж хэлж байгаа хүнтэй ч таарсан. Сургаал гээч зүйл хэзээ тэр хүний ярьж байгаа шиг тийм үнэ цэнгүй болдог вэ гэхээр төрийн хэм хэмжээ нь ёс зүйн шалгуураасаа буугаад ирэхээр үнэ цэнгүй болдог гэдгийг энэхүү судалгааныхаа аргачлалаар гаргаж ирсэн. Хэрвээ төрийн хэм хэмжээ нь өндөр байгаа бол сургаал гэдгийг хүмүүс “бидний дагаж мөрдөх хэм хэмжээ шүү” гэж бодож хүлээж авдаг. Манай нийгэмд байгаа бодит байдлыг энэ агуулгууд толь мэт харуулж байсаан. Үүнийг бид дөнгөж эхлэл гэж харж байгаа. Ботиуд тус бүрдээ 500 орчим хуудас, нийт 1534 хуудас бүтээл болсон. Эртний сурвалжуудаа оруулаад 1800 шахам давхардаагүй эх сурвалж ашигласан. Бид 6565 эшлэл, зүүлт авсан. Нэг агуулгаар бичсэн ном бүтээлд ийм тооны эшлэл зүүлт авсан тохиолдол цөөн байдаг юм билээ6 Тол бичгүүдийг эс тооцвол. Үндсэндээ шинжлэх ухааны судалгаанй суурь бүтээл болсон гэж хэлж болно.
– Хамгийн хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн эх сурвалж юу байсан бэ?
-Хүн төрөлхтөний 5100 жилийн өмнөх Маатын сургааль дахь хүний сүнсийг өдөөр жинлэдэг тухай домог байсан. Хүнийг нас барахад энэ насандаа үйлдсэн гэм нүглийг жинлэж хэмжихдээ жингийн туухайн нөгөө талд өд тавих ба түүний гэм буруу нь өдний жинтэй тэнцүү, эс бөгөөс өднөөс хөнгөн бол диваажин рүү хүргэгддэг гэх домог. Хүний гэм нүглийг 42 асуултаар шүүх ба хэр олон асуултад “үгүй” гэж хариулж чадаж байна түүний сүнс тэр хэрээр хөнгөн байх болно. Хамгийн гайхалтай нь тэр 42 асуулт бол хүний ёс суртахууны энгийн хэм хэмжээг илэрхийлдэг төдийгүй өнөөдрийг хүртэл утга учраа алдаагүй байгаа явдал юм. Тэгэхээр хүний ёс суртахуун гэдэг түүний сүнстэй дүйх тийм чухал зүйл гэдгийг илэрхийлснээрээ Маатын сургаал хүндлэл, гайхшрал төрүүлэхүйц илэрхийлэл. Энэхүү сургаал олон хэлбэрээр дамжин өнөөдрийн цаг үед хүрч ирснээс хамгийн үнэтэй хувилбар нь пирамидын дотор хананд бичигдэн үлдсэн хувилбар нь.
-Энэ бүхний эцэст та ёс зүй, ёс суртахуун гэдгийг нэг үгээр юу гэж илэрхийлэх бол. Энэ нь юу байж байгаад юу болж хувирсан бэ. Анхны илэрц одоогийн ойлголт хоёрт юу нь адилхан бөгөөд юу нь өөр байсан бэ?
-Энэ асуултын хариу хүн төрөлхтөний ёс зүйн онолын эцэг болж буй Маатын онолоос хойшхи 5000 жилийн туршид яг хэвээрээ буюу огт хувираагүй. Ёс суртахуун бол хүний мөн чанар, сүнсний өгөгдөл юм байна. Маатын тавьсан 42 асуулт өнөөдрийн бидний амьдралд хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Бид хүн төрөлхтөний 5000 жилийн өмнө хийснийг өнөөдрийн цаг үе хүртэлх он дарааллаар нь хэлхэн нийлүүлсэн. Хийсэн ажлынхаа дараа үүнийг мэдрэхдээ үнэхээр их бахархсан. Гайхалтай нь тэр.