УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хурлаа хийлээ. Хурлаараа хэлэлцсэн асуудлын талаар АН-ын дарга бөгөөд бүлгийн дарга О.Цогтгэрэл мэдээлэл хийлээ.
Тэрээр “2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсөв хууран мэхлэлт, залилангийн шинжтэй төсөв болсон байна. Энэ бол хэрэгжих боломжгүй төсөв. Цалин, тэтгэвэр нэмж байгаа нэртэй боловч нөгөө гараараа инфляцыг нэмэгдүүлэх, иргэдийн худалдан авах чадварыг бууруулсан төсөв өргөн барилаа. Энэ бол хууран мэхлэлт.
Хоёрдугаарт, энэ төсөв батлагдахгүй бол АН руу бүх бурууг чихнэ гэж төлөвлөсөн бололтой. “Цалин, тэтгэвэр нэмэх гэсэн чинь АН эсэргүүцлээ” гэж буруутгах юм байна. Энэ бол заль.
Төсөв, төсвийн тодотголыг энэ чигээр нь баталбал улс орон сүйрнэ. Инфляц, үнэ ханшийн өсөлт олон хувиар нэмэгдэнэ. Тэтгэврийг 200 мянган төгрөгөөр нэмнэ гэсэн. Гэвч 20 хувийн инфляцтай болчихвол ямар ч үр дүнгүй.
Бүлгийн хурлаас өмнө АН-ын Улс төрийн зөвлөл хуралдсан. “Н.Учрал Ерөнхий сайд огцрох ёстой. Гэхдээ Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг УИХ-д оруулж иртэл шахаж ажилла” гэсэн чиглэл өгсөн. Ерөнхий сайд төсвөө батлуулахаасаа өмнө энэ бодлогыг нь УИХ дэмжиж байгаа эсэхээ шалгуулж итгэл үзүүлэх эсэх асуудлаа оруулж ирэх хэрэгтэй. Бас сайд нар нь Ерөнхий сайддаа итгэхгүй байна. Энэ Засгийн газарт танхимын зарчим алга. Бас худал, хулгайн асуудал хэрээс хэтэрлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь ял наймаалцаж байгаа тухай бичлэг цацагдсан. Гадаад харилцааны сайд нь гадаад паспортыг хувийнхаа компанид хэвлэдэг болтлоо замбараагүйтлээ” гэв.