нийгэм

Б.Пүрэвдагва: Нийтийн тээвэрт 16 шинэ чиглэл нэвтрүүлнэ

Таны сэтгэгдэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хотын цаашдын хөгжлийн төлөвлөлт, бодлогын талаар танилцууллаа.

Тэрээр” Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар долоон асуудал тулгамдаж байна. Үүнд, агаарын бохирдол, авто замын түгжрэл, дэд бүтцийн дутагдал, амьдрах орчны доройтол, төрийн үйлчилгээний хүнд суртал, эдийн засаг бизнесийн орчин гэсэн асуудлуудыг шийдэх шаардлагатай байна. Миний хувьд энэ асуудлуудыг шийдэхийн тулд ажиллана. Ингэхдээ эхлээд эрсдэлээ тооцож байж тулгамдаж байгаа асуудлаа шийднэ. Иймээс эхний ээлжид дулаан хангамж, цахилгааны хязгаарлалт, бохир дулааны шугам, нийтийн тээвэр гэх асуудлуудыг шийдэх байдлаар эрэмбэ дараалалтай явна.

Үүний дараагаар түгжрэлийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Түгжрэл бидний амьдралын чанарт шууд нөлөөтэй асуудал. Улаанбаатар хотод 3 182,317 зорчилт өдөр тутамд явагдаж байна. Эдгээр иргэд ажил, хичээлдээ явахдаа 56 хувь нь хувийн автомашинаар, 24 хувь нь нийтийн тээврээр зорчиж байна. Зорчилтын дундаж хурд нь 10.8 км/цаг байгаа юм. Хэдхэн жилийн өмнө иргэдийн нийтийн тээврээр зорчих хувь ойролцоогоор 50 байсан. Одоо иргэд нийтийн тээврээс илүү хувийн автомашинаар зорчихыг илүүд үзэж байна.

Судалгаагаар иргэд гэрийнх нь ойролцоо 400 метрийн дотор автобусны буудал байвал нийтийн тээврээр зорчихыг сонгодог. Гэтэл нийслэлийн зарим бүсэд автобусны буудал нь 4-5 км-ийн зайтай байна. Энэ тохиолдолд иргэд нийтийн тээврээс илүү хувийн автомашинаараа зорчихыг илүүд үзэх юм.

Иймээс энэ жилээс эхлэн нийтийн тээврийн 16 шинэ чиглэлийг нэвтрүүлж, маршрутыг 27.3 км-ээр уртасгана. Мөн парк шинэчлэл хийж 60 цахилгаан автобус оруулж ирнэ. Улаанбаатар хотын агаарын бохирдлын 30 хувийг автомашин эзэлж байгаа тул цахилгаан машиныг дэмжих чиглэлд ажиллана. Мөн сургуулийн автобусыг нэмэгдүүлнэ. Тодруулбал, энэ жилийн хувьд 50 хүүхдийн автобусыг нэмнэ.

Сурагчдын амралт болоход 45 хувиар түгжрэл буурч байгаа нь сургуулийн хүртээмжгүйгээс зорчилт хөдөлгөөн нэмэгдэж байгааг харуулж буй. Үүнийг сууриар нь шийдэхийн тулд 84 сургууль шинээр барих шаардлагатай” гэв.

40
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

554 нийтлэл

Сэтгэгдэл бичих