Монгол Улсад жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон орон даяар тэмдэглэн өнгөрүүлдэг.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх, цэцэг өргөх ёслолын арга хэмжээ өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цагт Дурсгалын хөшөөнд болно.

Мөн Монголын Бурхан Шашинтны Төв-Гандантэгчэнлин хийдтэй хамтран 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Монголын бүх сүм хийдэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн улс орон даяар нэгэн зэрэг буяны ном хурна.

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 37 мянга гаруй байснаас 30 мянга нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгажээ. Хэлмэгдүүлэлтийн үеэр Монголын насанд хүрсэн эрэгтэйчүүдийн 10.9 хувь, нийт ард түмний таван хувь нь өртсөн. Түүхийн хуудаснаа томоос том хар толбо болон үлдсэн гашуун дурсамж 1921 онд “Саж ламын хэрэг” гэгчээр эхэлсэн гэж түүхчид үздэг юм.