Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны хурлаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 сая төгрөг болгон шинэчлэн тогтоосон талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдээллээ. Тус холбооноос ажилтны цалин, орлогыг инфляц, үнийн өсөлт, амьжиргааны бодит хэрэгцээтэй уялдуулан нэмэгдүүлэх санал оруулж, сард 208,000 төгрөг буюу 26.3 хувиар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан байна.
Мөн 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс нийт ажилтан, албан хаагчийн цалингийн орлогод ногдуулах Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг шинэчилсэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 1 сая төгрөгөөс тооцохоор талууд тохиролцоонд хүрчээ.
Өөрөөр хэлбэл, ажилтан бүрийн сарын орлогын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх буюу нэг сая төгрөгт ногдох 100.000 төгрөгийн татварыг хөнгөлнө. Ингэснээр цалингийн хэмжээнээс үл хамааран нийт ажилтан, албан хаагч сард 100,000 төгрөг хүртэл, жилд 1,200,000 төгрөг хүртэлх ХХОАТ-ын хөнгөлөлт эдлэх боломжтой болж байна.