Монголын тал нутгийн салхи, өвгөдийн хөөмий, морин хуурын аялгууг рок хөгжмийн хүчтэй хэмнэлтэй сүлж, дэлхийн сонорт хүргэсэн THE HU хамтлаг 10 жилийн ойгоо эх орондоо тэмдэглэлээ. Төв цэнгэлдэх хүрээлэнд болсон “WOLF TOTEM – World Premiere” тоглолт бол нэгэн хамтлагийн ойн баяр төдий бус, Монголын хөгжмийн сүүлийн арван жилийн түүхийг тайзан дээр дахин бичсэн үдэш байв.
Улаанбаатар. 2026 оны наймдугаар сарын 8.
Наймдугаар сарын үдэш Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүг чиглэсэн хүмүүсийн хөл хөдөлгөөн улам бүр нэмэгдэж байлаа. Хар хувцас, үндэсний дээл, хувцсаараа гоёсон залуус, гэр бүлээрээ ирсэн үзэгчид, гадаадын жуулчид гээд олон янзын хүмүүс нэгэн зорилготой. Монголын “Hunnu Rock” урсгалыг дэлхийд таниулсан “THE HU” хамтлагийн 10 жилийн ойн тоглолтыг үзэхээр цуглажээ.

Тал нутгийн хархираа хотын төвд
Энэ үдэш бол энгийн нэгэн тоглолт биш. “WOLF TOTEM – World Premiere” нэртэй энэхүү тоглолт нь “THE HU” хамтлаг байгуулагдсаны 10 жилийн ойд зориулсан аялан тоглолтынх нь эхлэл бөгөөд эх орондоо хийж буй хамгийн том тоглолт нь ийнхүү “Хархираа дор Хийморь сэргэмүй” уриатайгаар зохион байгуулагдсан юм. Тоглолт нь хамтлагийн өнгөрсөн арван жилийн уран бүтээлийн замнал, дэлхийн тайзнаа гаргасан амжилт, үзэгч фенүүдтэйгээ хамт бүтээсэн мөчүүдийг нэг дор зангидах зорилготой байв.
Төв цэнгэлдэхийн гадна хэдийнээ баярын уур амьсгал бүрджээ. Үзэгчдийн яриа, зураг авахуулж буй хүмүүс, “THE HU”-ийн уран бүтээлийн нэрсийг дурсан ярилцах залуусын дуу чимээ орчныг бүрдүүлж байв. Тоглолтын өмнө “Chill Zone” ангиллын тасалбар бүрэн борлогдсон нь үзэгчдийн хүлээлт ямар өндөр байсныг илтгэнэ.
Тайзны гэрэл аажмаар бүдгэрч, цэнгэлдэхийн чимээ намсах мөчид нэгэн танил авиа цуурайтна. Морин хуурын татлага, хөөмийн гүн авиа, товшуурын хэмнэл рок хөгжмийн хүчтэй цохилттой нийлнэ.
Тэгээд л Төв цэнгэлдэх тэр чигтээ нэгэн хэмнэлд орно.
“ХҮ! ХҮ! ХҮ!”
Арван жилийн өмнө эхэлсэн аялал ийнхүү эх орныхоо тайзан дээр эргэн ирэв.
Харин тайзны гэрэл асаж, хөгжмийн хэмнэл цуурайтахад цэнгэлдэхийн уур амьсгал нэгэн агшинд өөрчлөгдөв. Морин хуурын өнгө, товшуурын хэмнэл, хөөмийн гүн авиа рок хөгжмийн хүчтэй цохилттой нийлж, “THE HU”-ийн онцлог дуугаралтыг Төв цэнгэлдэх даяар цуурайтлаа.
Тоглолтын нэр болсон “Wolf Totem” нь ч мөн THE HU-ийн уран бүтээлийн замналын салшгүй хэсэг. Чонын бэлгэдэл, тал нутгийн омогшил, өв соёлын өнгө аяс, орчин үеийн рок хөгжмийн эрч хүчийг нэгтгэсэн энэ бүтээл хамтлагийн олон улсын танигдах гол бүтээлүүдийн нэг болсон юм.
Тиймээс энэ үдэш тайзан дээр зөвхөн хамтлагийн уран бүтээлчид бус, Монголын хөгжмийн шинэ үеийн нэгэн түүх гарч ирсэн мэт байлаа.

Үзэгчдийг эзэмдэгч сүр хүчний эзэд
Төв цэнгэлдэхийн тайзнаа “THE HU”-ийн өнгөрсөн арван жил нэг нэгээрээ амь орж байлаа.
“Wolf Totem”-ийн сүр хүч.
“Yuve Yuve Yu”-ийн гал.
“Gereg”-ийн аялгуу.
“Rumble of Thunder”-ийн дэлхийн тайзны цуурай.
Эдгээр дуу бүр хамтлагийн түүхийн нэг хуудсыг эргүүлнэ.
Тэр мөчид үзэгч ба уран бүтээлчийн хоорондох орон зай бараг алга болсон мэт. Нэг талд нь уран бүтээлчид, нөгөө талд нь үзэгчид байсангүй. Харин нэгэн хэмнэлд цохилох олон мянган зүрх, нэгэн аялгууг дагах олон мянган хоолой байлаа. Арван жилийн өмнө эхэлсэн тэр санаа энэ шөнө Төв цэнгэлдэхэд дахин амь орж, энэ бүхэн нэг үдэш нэг тайзан дээр огтлолцов.
Харин үзэгчид зүгээр хараад суусангүй.
Тэд бахархаж, огшсон сэтгэлээрээ хамт дуулж, хөөмийлж, уухайлж, алгаа хорстол ташин, биелж, бүжиглэв. Тоглолтын хамгийн сайхан хэсэг нь магадгүй яг энэ байлаа.
THE HU тайзан дээр 10 жилийн түүхээ тоглож байхад үзэгчид тэр түүхийн амьд гэрч болж байв.

Б.Дашдондог: Тайзны цаадах гол хөдөлгөгч
Тоглолтын тайзан дээр олны анхаарлыг дөрвөн хөгжимчин татна.
Галагийн хөөмий, Энкүүшийн морин хуур, Жаяагийн олон талт хөгжим, Темкагийн товшуур энэ бүхэн “THE HU”-ийн нүүр царай.
Гэхдээ энэ бүхний цаана анхны санааг зурсан хүн бол Б.Дашдондог. Тиймдээ ч хамтлагийнхан тоглолтынхоо төгсгөлд энэ л эрхмийг онцлон тайзнаа урьж “Хэний мориод газар дөхсөн өө, хэзээ ч мартахгүй ээ” гэдгээ үзэгч фенүүдийнхээ өмнө тодотгон хүндэтгэл үзүүлсэн.
Түүнийг “THE HU”-ийн түүхэнд “тайзны цаадах хүн” гэж нэрлэхэд багадахаар.
Нэг санаанаас дэлхийг доргиосон “Hunnu Rock”
“THE HU” 2016 онд Улаанбаатар хотноо байгуулагдсан. Харин энэ түүхийг зөвхөн дөрвөн хөгжимчний хамтлагийн түүх гэж ярих нь учир дутагдалтай.
Учир нь “THE HU”-ийн ард нэгэн том санаа байсан.
Тэр санааны эзэн нь продюсер, дуу зохиогч, МУГЖ Б.Дашдондог.
Дашка хэмээн уран бүтээлийн хүрээнд танигдсан Б.Дашдондог барууны рок хөгжмийн эрч хүчийг Монголын уламжлалт хөгжим, хөөмий, морин хуур, товшууртай хослуулсан шинэ дуугаралтыг бүтээхээр ажиллаж эхэлсэн нь хожим “Hunnu Rock” хэмээн нэрлэгдэх өөрийн гэсэн өнгө аястай хөгжмийн урсгалын эхлэл болсон юм.
Энэ санаа анхнаасаа амархан байгаагүй.
“Өөр хэн ч хийгээгүй зүйлийг хийх” гэдэг нэг хэрэг. Харин түүнийг сонсогчдод хүргэхүйц хөгжим болгоно гэдэг өөр хэрэг.
Гэвч Б.Дашдондогийн санаа дөрвөн хөгжимчинтэй нийлэх үед Монголын хөгжмийн ертөнцөд шинэ дуу гарч эхэлсэн нь тэр.
Эртний Хүннүгийн сүр хүчийг санагдуулам нэр. Өвгөдийн хөгжмийн зэмсэг. Хөөмийн нүүдэлчин авиа. Харин дээр нь орчин үеийн рок.
Эртний ба орчин үеийн хоёр өөр ертөнц ийнхүү нэг тайзан дээр уулзжээ.
Тэр бол хамтлагийн хөгжмийн концепц, продюсер, дуу зохиолын үндсэн хөдөлгөгчдийн нэг. Өөрөөр хэлбэл “THE HU”-ийг зүгээр нэг рок хамтлаг биш, Монголын хөгжмийн өвийг дэлхийн орчин үеийн хөгжмийн хэлээр ярьдаг төсөл болгосон уран бүтээлийн санааны эзэн юм.
Түүний хамгийн том ололт нь магадгүй Монгол хөгжмийг дэлхий сонсохоор хэлбэржүүлсэнд оршино.
Соёлын өв музейн шилэн хоргонд хадгалах бус, тайзан дээр чанга дуугарч, дэлхийг ч байлдан дагуулж болдгийг “THE HU” харуулсан.

Дэлхийг байлдан дагуулсан “Wolf Totem”
“THE HU”-ийн түүхийн хамгийн том эргэлтийн нэг нь 2018 он.
“Yuve Yuve Yu”, “Wolf Totem” дууны клипүүд цацагдсанаар хамтлагийн нэр Монголын хилээс давж эхлэв. Удалгүй “Wolf Totem” 2019 онд Billboard-ийн Hard Rock Digital Song Sales жагсаалтыг тэргүүлж, THE HU Монголын уран бүтээлчдээс Billboard-ийн жагсаалтыг №1-ээр тэргүүлсэн анхны уран бүтээлчдийн нэгэн түүхэн амжилтыг бүтээсэн юм.
Харин энэ амжилт зөвхөн нэг дууны амжилт байгаагүй.
THE HU-ийн анхны цомог “The Gereg” Billboard-ийн World Albums жагсаалтыг тэргүүлсэн нь мөн Монголын цомог энэ жагсаалтын №1-д хүрсэн анхны тохиолдол болсон.
Дэлхийн хөгжмийн зах зээлд Монгол гэдэг нэрийг өөрийн гэсэн хөгжмийн хэлээр дуудуулсан хэрэг.
Удалгүй THE HU-ийн хөгжим зөвхөн рок фестивалийн тайзанд бус, “Star Wars Jedi: Fallen Order” тоглоомын дууны хөгжимд хүртэл эгшиглэв. Дараа нь Metallica-ийн “The Metallica Blacklist” төсөлд оролцож, “Through the Never” дууг өөрсдийн өнгө аясаар хүргэсэн нь тэдний олон улсын байр суурийг улам бататгасан.

Тал нутгаас дэлхийн фестиваль хүртэл
THE HU-ийн тайз улам томорсоор байлаа.
Европын фестивалиуд, олон улсын аялан тоглолтууд, дэлхийн томоохон рок хөгжмийн орчинд Монгол хэлээр дуулсан дөрвөн залуугийн нэр танил болов.
Тэдний хөгжимд хэлний хил төдийлөн саад болсонгүй.
Учир нь хөөмий хэлнээс өмнө сонсогдож, морин хуур үгнээс өмнө өгүүлдэг байв.
2022 оны “Rumble of Thunder” цомог тэднийг Английн Glastonbury фестивалийн тайзнаа хүргэж, улмаар Iron Maiden-ийн аялан тоглолтын үеэр Хойд Америкийн томоохон аренуудын тайзнаа гарах боломжийг авчирсан юм.
Өнөөдөр THE HU-ийн албан ёсны мэдээллээр хамтлагийн бүтээлүүд дэлхий даяар 900 саяд дөхсөн стриймтэй болжээ.
Энэ бол зөвхөн тоо биш.
Нэгэн цагт Улаанбаатарын студид эхэлсэн аялгуу дэлхийн өнцөг булан бүрт сонсогдож буйн хэмжүүр.


Монголын хөгжмийн шинэ нүүр царай
THE HU-ийн 10 жил бол амжилтын жагсаалт төдий зүйл биш.
Энэ бол Монголын хөгжмийн ертөнцөд “Бид өөрсдийнхөөрөө байгаад дэлхийд хүрч болно” гэдгийг харуулсан арван жил.
Тэд морин хуураа сольсонгүй.
Хөөмийгөө орхисонгүй.
Монгол хэлээ англи хэлээр орлуулсангүй.
Харин өөрсдийн өвийг дэлхийн сонсогчдод ойлгогдох шинэ хөгжим болгон хувиргасан.
Тиймээс “THE HU”-ийн амжилтыг зөвхөн Billboard, дэлхийн аялан тоглолт, фестивалийн тайзаар хэмжихэд дутна.
Тэд Монголын тухай дэлхийд өөр нэгэн хэлээр ярьсан. Хөгжмийн хэлээр. “THE HU”-ийн түүх үргэлжилсээр.
Тэдний дуу, ая аялгуу одоо ч чихэнд нүүгэлтсээр….
ХҮ! ХҮ! ХҮ!
