Пакистан дахь Броуд Пик (Broad Peak) ууланд цасан нурангид өртөн амиа алдсан Их Британи–Балбын нэрт уулчин Нирмал Пуржагийн цогцсыг олсон талаар аврагчид мэдээллээ.
Пакистаны Alpine Club of Pakistan байгууллага мэдэгдэлдээ түүний цогцсыг далайн түвшнээс ойролцоогоор 5700 метрийн өндөрт олсон гэдгээ дурджээ. Үүнээс гадна өөр гурван цогцос харагдсан ч хэн болохыг нь хараахан тогтоогоогүй байгаа аж.
43 настай Пуржагийн нас барсныг бямба гарагт түүний байгуулсан Elite Expeditions компани албан ёсоор зарласан. Тэрээр нийт 10 хүний аминд хүрсэн цасан нурангийн хохирогчдын нэг байсан юм.
Балбад төрж, хожим Их Британийн армид алба хаасан Пуржа нь 2019 онд дэлхийн 8000 метрээс дээш өндөртэй 14 оргилыг ердөө зургаан сар гаруйн хугацаанд авирсан амжилтаараа дэлхийд алдаршсан юм.
Alpine Club of Pakistan байгууллагын мэдээлснээр газар дээр ажиллаж буй аврах баг олдсон цогцсуудыг Японы уулчдын бааз руу хүргэх аж.
Пуржагийн нас барсныг зарлахаас өмнө Пакистаны эрх баригчид түүний экспедицийн бүрэлдэхүүнд байсан АНУ-ын иргэн Маллори Гейс, Оманы иргэн Надира Ахмед Абдулла Аль Харти, Балбын иргэн Пур Бахадур Гурунг нарын цогцсыг мөн олсон гэж мэдээлжээ.
Бямба гарагт Балбын Ерөнхий сайд Балендра Шах мэдэгдэл хийн “Пакистаны Каракорумын нуруунд дэлхийн дээд амжилтын эзэн Нирмал Пуржа тэргүүтэй зургаан Балба иргэн болон дөрвөн гадаадын уулчин эмгэнэлтэйгээр амиа алдсан явдал биднийг гүнээ цочирдууллаа” хэмээгээд “Тэдний эр зориг, үнэнч зүтгэл, оруулсан хувь нэмрийн түүх үргэлж урам зориг өгөх болно” гэж мэдэгдсэн.
Олон улсын уулчдын багийг Пуржа ахалж байжээ. Нимс нэрээрээ ч алдартай тэрээр 2019 онд 8000 метрээс дээш өндөртэй дэлхийн бүх 14 оргилыг ердөө 189 хоногийн дотор авирч, өмнөх дээд амжилтыг долоо гаруй жилээр ахиулсан юм.
Түүний энэхүү гайхамшигт аяллыг өгүүлсэн Netflix-ийн 14 Peaks: Nothing Is Impossible баримтат кино хоёр жилийн дараа гарч, дэлхий даяар түүнд илүү их алдар нэр авчирсан.
Тэрээр Их Британийн армид 16 жил алба хаахдаа 10 жилийг нь тусгай хүчний ангид өнгөржүүлж, өндөр уулын авиралтын салбарт гаргасан амжилтынхаа төлөө 2018 онд хатан хаан II Элизабетаас Member of the Order of the British Empire одон хүртсэн юм.