АНУ-ын Хүнс, эмийн агентлаг нь шинжлэх ухааны нарийвчилсан үнэлгээ, хяналт шалгалт хийсний дүнд “Philip Morris Products” хувьцаат компанийн IQOS халаадаг тамхины гурван төрөл, хоёр төхөөрөмж, цэнэглэгчид олгосон “Эрсдэл бууруулсан тамхин бүтээгдэхүүн” (Modified Risk Tobacco Product, MRTP)-ий зөвшөөрлөө сунгалаа. Энэхүү зөвшөөрлийг сунгаснаар тэдгээр таван бүтээгдэхүүнийг дараах мэдээлэлтэйгээр сурталчлах боломжтой болж байгаа аж. Үүнд:
– “IQOS тамхи халаах систем нь тамхийг халаадаг бөгөөд шаталт үүсгэдэггүй”,
– “Энэ нь хортой болон хортой байж болзошгүй химийн бодис үүсэх хэмжээг үлэмж ихээр бууруулдаг”,
– “Уламжлалт янжуураас IQOS халаадаг тамхинд бүрэн шилжсэнээр хүний бие махбод хортой болон хортой байж болзошгүй химийн бодисын нөлөөнд өртөх хэмжээг мэдэгдэхүйц бууруулж байгааг шинжлэх ухааны судалгаагаар нотоллоо” гэдэг баримтуудыг дурдаж болно гэжээ.
Эрсдэл бууруулсан тамхин бүтээгдэхүүний гэрчилгээ нь судалгаа, хяналтад хамрагдсан дээрх нэр бүхий бүтээгдэхүүнүүдэд л хамаарах бөгөөд Хүнс, эмийн агентлагаас дэмжсэн, эсвэл аюулгүй хэмээн үзсэн гэх зэргээр хэрэглэгчийг төөрөгдүүлэх байдлаар ашиглахгүй гэдгийг сануулсан байна. Мөн “аюулгүй тамхин бүтээгдэхүүн гэж байдаггүй бөгөөд тамхин бүтээгдэхүүн хэрэглэдэггүй хүмүүс хэрэглэж эхлэхгүй байвал зохистой”-г дурджээ.
АНУ-ын Хүнс, эмийн агентлаг нь “Эрсдэл бууруулсан тамхин бүтээгдэхүүн”-ий зөвшөөрөл авах өргөдлийн талаар шийдвэр гаргахаасаа өмнө холбогдох бүх мэдээлэл, тухайлбал олон нийтийн санал, Тамхин бүтээгдэхүүний шинжлэх ухааны зөвлөх хорооны (Tobacco Products Scientific Advisory Committee, TPSAC) зөвлөмжийг авч үздэг байна. Тус агентлаг нь хүний болон мал, амьтны зориулалттай эм, вакцин, хүний хэрэглээнд зориулсан бусад биологийн гаралтай бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийн аюулгүй ажиллагаа, үр нөлөө, аюулгүй байдлын баталгааг хангах замаар нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүрэгтэй ажилладаг. Тус агентлаг нь мөн АНУ-ын хүн амын хүнсний хангамж, гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний нэмэлт, цацраг туяа ялгаруулдаг бүтээгдэхүүний аюулгүй ажиллагаа болон аюулгүй байдал, тамхин бүтээгдэхүүний зохицуулалтыг хариуцдаг байна.
“Philip Morris Products” компанийн IQOS 2.4 системийн төхөөрөмж, цэнэглэгч, халаадаг тамхийг анх 2020 оны 7 дугаар сард “Эрсдэл бууруулсан тамхин бүтээгдэхүүн” хэмээн сурталчлан борлуулахыг зөвшөөрсөн юм. Дараагийн IQOS 3.0 системийн төхөөрөмж, цэнэглэгч нь уг зөвшөөрлийг 2022 онд авчээ. Зөвшөөрлийг сунгахдаа шинжлэх ухаан, судалгааны шинэ нотлох баримтууд нь “эрсдэл бууруулсан дээрх тамхин бүтээгдэхүүн хүний бие махбод химийн хорт бодист өртөх хэмжээг бууруулсан”, мөн нийт хүн амын эрүүл мэндэд ашиг тустай байх тухай өмнөх дүгнэлтийг нотолж байна гэж дүгнэжээ.
Эх сурвалж: АНУ-ын Хүнс, эмийн агентлаг