Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (Жайка-JICA) болон Шинжлэх ухаан, технологийн агентлагийн (JST) санхүүжилттэй “Адууны нийлүүлгийн өвчнийг хянах, эрүүлжүүлэх тогтолцоог бий болгох судалгаа” олон улсын шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны (SATREPS) төслийг Мал эмнэлгийн хүрээлэн, Япон улсын Обихирогийн Хөдөө аж ахуй, мал эмнэлгийн их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвтэй хамтран 2025 оноос хэрэгжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Арга хэмжээнд Эдийн засаг хөгжлийн яамны Шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлогын газрын дарга Д.Баттогтох, Мал эмнэлгийн ерөнхий газрын Мал амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар, Японы Жайка олон улсын байгууллагын ахлах шинжээч Кирино Юми, мэргэжилтэн Терасава Акико, хөндлөнгийн шинжээч Хигашино Хидаки, Обихиро их сургуулийн Эгэл биетэн судлалын үндэсний төвийн захирал, профессор Инуэ Нобору, Мал эмнэлгийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Батцэцэг, Монгол дахь Жайка олон улсын байгууллагын мэргэжилтэн П.Алтансүх нар болон төсөл гүйцэтгэгч багийн төлөөлөл оролцлоо.
Энэхүү төсөл 2025-2030 онд хэрэгжих бөгөөд монгол орны адуун сүрэгт тохиолддог адууны нийлүүлгийн өвчнийг эрт оношлох, хянах тогтолцоог буй болгохын зэрэгцээ эрүүл ахуйн шаардлага хангасан үржлийн орчин үеийн арга технологийг туршин сорих, уг өвчний үүсгэгч халдварлах явцыг нарийвчлан судалж шинжлэх ухаанд шинэ мэдлэг, үр дүнг гаргах, орон нутгийн малын эмч нар, судлаачдыг шинэ арга техникт сурган дадлагажуулах ажлыг Япон, Монголын хамтарсан судалгааны баг хийж гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Мал Эмнэлгийн Хүрээлэн
Сэтгэгдэлүүд