МУУГЗ БУРХАНЧ ЛАМ Г.ПҮРЭВБАТ /1965-2024/
Аврал бүхэн хурсан ачит БАГШ дор мөргөмүй.
Эх болсон хамаг амьтны тусын тулд Бурханы шашин их эрдэнийг дэлгэрүүлэхийн тухайд төрөл таалж Монгол орноо дүрст лагшинд мэндлэн Бурханы шашны их таван ухаан түүн дотроос онцгойлон Урлахуй ухааны Өндөр гэгээний уламжлал судар тарнийн гүн увидас, зарлиг, үндэс, дамжлагын ач төгөлдөр аврал бүхэн хурсан гүн их увидасын эзэн хэргийн тухайд алдрыг өгүүлэхүйд бурханч лам Г.Пүрэвбат багш дээдэс 17-р жарны модон луу жилийн хаврын адаг сарын шинийн 2-ны гурван луу давхацсан ихэс дээдэс дахин морилох өдрийн сайныг тааллаараа болгоон мөнх бусын орчлонг шавь бидэндээ сануулан дүрст лагшингаа номын чанарт уусган Агнистын орноо заларлаа.
Ачит язгуурын багш Г.Пүрэвбат нь 1965 онд Төв аймгийн Борнуур суманд өлзий учрал бүрдсэн билэгт сайн өдөр эцэг Б.Ганхүү, эх Г.Цолмон нарын 15 хүүхдийнх нь 7 дахь хүү болон лагшин мэндэлжээ.
1974-1981 онд ЕБС, 1981-1985 онд Дүрслэх урлагийн сургуулийн Монгол зургийн анги ,1987-1990 онд Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Шашны дээд сургуулийг төгсгөж Ж.Доржжанцан ламыг багшаар шүтэн бурханы шашны урлах ухааны онол, амирлангуй болон хилэнт бурхадын хувь хэмжээг заалгаж, Д.Данзан ламыг багшид шүтэн урлах ухааны онол болон Дүйнхорын хот мандлын хувь хэмжээг заалган нууц тарнийн урлагт суралцсан.
1990 онд Их архад Багүла Ренбүчийг багшид шүтэн түүний ивээлээр Энэтхэг оронд суралцах боломж дэмжлэгийг авч байсан. 1990 -1993 онд БНЭУ -ын Дармасалад Бурхан урлалын сургуульд Далай ламын ордны бурханч Санжай Ешей ламд шавь орон түүний удирдлага дор бурхан урлалд суралцсан.
Төвдийн Жүддод тарнийн дацангийн доктор гэвш Самдантарчин ламд шүтэж тарнийн ёсны нууц урлахуйн төрөл хот мандал бүтээх, Дүлцон хийх, Ямандаг бурханы орд харшийг бүтээх үйлийг гардан хөтлүүлж төгссөн. Мөн Агваанлхүндэг ламд шүтэн төвд хэл, гүн ухааны номлолд суралцсан.
- 2001 онд Гандантэгчэнлин хийд Дашчойнпэл дацанд бурханы шашны гүн ухааны “Гэвш” цол хамгаалсан,
- 2016 онд “Монголын бурханы шашны урлахуй ухааны тогтолцоо болон хөгжлийн хэтийн төлөв үнэлэмжийн асуудал” нэг сэдэвт бүтээлээр ( Ph.,D) Докторын зэрэг хамгаалсан.
Ажил үйлс
- 1985 онд Урчуудын эвлэлийн хороонд Бие даасан уран бүтээлч
- 1986 онд Ардын армийн 032-р Хүндэт харуулын ангид байлдагч
- 1993 -2010 онд Гандантэгчэнлин хийдийн Монголын уламжлалт урлахуй ухааны дээд сургуулийг үүсгэн байгуулж захирал
- 1994 онд Монгол түмний их шүтээн Мэгжид жанрайсиг бурхан бүтээн залах ажлын шашны зөвлөх
- 1995 онд Шашны сургалттай дунд сургуулийн захирал
- 1996-2010 онд Монголын уламжлалт урлахуй ухаан соёлын төвийг үүсгэн байгуулж тэргүүн
- 2006 онд БСШУЯ-ын Соёлын бодлого зохицуулалтын газрын мэргэжлийн комиссын гишүүн
- 2006 онд МҮОНРТ-ийн Үндэсний Зөвлөлийн гишүүн
- 2006 онд Төв аймгийн Борнуур сумын “Өлзий Бадруулагч” хийд болон “Аглаг Бүтээлийн Сүм”-ийн тэргүүн
- Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын Уран сайхны зөвлөлийн гишүүн
Бүтээн туурвисан ном
- Их Монголын суварга, Онол хийгээд бүтээх ёс 2005
- Их Монголын Бурханы шашны урлах ухааны үндсэн мэдэгдэхүүн / Хоёр боть, / 2016
- Их Монголын Бурхадын лагшин дүрийн хувь хэмжээний шугамын онол / Гурван боть / 2017
- Монголын уламжлалт урлаг дахь амьтдыг дүрслэн бүтээх суурь мэдэгдэхүүн / Хоёр боть / 2018
- Байгалийг дүрслэн бүтээх Монголын уламжлалт урлагийн суурь мэдэгдэхүүн /Хоёр боть / 2019
- Богд Зонхаба “Бодь мөрийн зэрэг“ 2002
- Шагжаан чадагч “ Богдсын ном цагаан лянхуа” 2005
- Шагжаан чадагч бурханы их намтар 2006
- Их Монгол оронд уламжлагдсан Ирээдүйг иш үзүүлсэн бошгууд 2009
- Эцэг эхийн ачлалыг хариулах гэгээн сургааль 2010
- Үхлийн цалмаас чөлөөлөгдөх эртний увидасууд 2010
- Газар хөдлөлтийн аюулаас аврагдах уламжлалт увидасууд 2011
- Буцаах эрхгүй бурхадын гэрээслэл, ярилцлага илтгэлийн эмхэтгэл 2013
- Уламжлах учиртай амьдрах ухаан, ярилцлага илтгэлийн эмхэтгэл 2013
- Өлзий Бадруулагч хийдийн Аглаг бүтээлийн сүм зурагт цомог 2015
Бурханч лам Г.Пүрэвбатын хөдөлмөр зүтгэл, бүтээлийг төр засгаас өндрөөр үнэлж дараахи шагналуудаар шагнасан байна.
Үүнд,
- 1996 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
- 2003 онд Урчуудын эвлэлийн хорооны шагнал
- 2005 онд Монгол улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн
- 2008 онд Нидерландын хунтайж Клаусын нэрэмжит шагнал
Түүний Монгол орноо урлан туурвисан бүтээлээс
- Монгол түмний их шүтээн Мэгжид жанрайсиг бурханыг бүтээх шашны зөвлөхөөр ажиллаж бурханы мэлмийг нээсэн.
- Урлахуй ухааны “Бидний Соёл”анхны үзэсгэлэнг зохион байгуулж 600 гаруй бүтээлээ дэлгэсэн. Мөн 2 дахь үзэсгэлэнгээ Монголын бурханы шашны “Шүтээн зураг “ нэртэйгээр шинэ бүтээлээ толилууж байжээ.
- Хүрээ цам дахин дэглэхэд шашны зан үйл,баг,хувцас эдлэл зэргийн бүрэн судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.
- Хамбын овоонд хэлмэгдэгсдэд зориулсан сац бүтээх, Давхарлагат байшин суварга бүтээх ажлыг хийсэн.
- Монгол түмний Их шүтээн “Очирваань бурхан “зээгт наамал 18х12 м,
- Их эзэн Богд Чингис хааны шүтээн хөргийг Төрийн хүндэтгэлийн өргөөнд бүтээн залжээ.
- Төрийн ордны Их эзэн Чингис, Өгөөдэй,Хубилай хаадын хүрэл цутгуур дүрийн тогтоол оршоолго /Сүншүг/
- 9р дүрийн Богд Жэвзүндамба хутагтын Лагшингийн шүтээн бүтээсэн
- Төрийн ордонд Номын баяр, Шүтээн урлагийн үзэсгэлэн
- Төв аймгийн Борнуур сум “Аглаг бүтээлийн хийд” шашин, соёл, урлагийн цогцолбор.
МУУГЗ, Бурханч лам Г.Пүрэвбатын хөдөлмөрч уран сэтгэмжтэй, бүтээлч зан чанар урлахуйн ухааны дахин давтагдашгүй сор бүтээлүүд, ном туурвилууд нь Монгол төдийгүй дэлхийн оюун санааны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Орчин цагийн Монголчуудыг соён гэгээрүүлэх үндэсний бахархал, соёлын дархлааг сэргээхэд оруулсан түүхэн гавъяа тань үеийн үед үр хойчдоо үүрд дуурсагдах болноо.
Эрхэм хүмүүн та төрөл тутамдаа эрдэмт багш лугаа үл хагацан номын цогийг төгс эдлээд, газар мөрийн эрдмийг сайтар төгсгөөд, Очирдарийн хутгийг түргэнээ олох болтугай.
ГЭР БҮЛ, ТӨРӨЛ ТӨРӨГСӨД, НОМЫН САДАН, ШАВЬ НАРААС НЬ.
Сэтгэгдэлүүд