ХБНГУ-д ирэх дөрөвдүгээр сарын 13-ны өдөр “Эрүүл орчин, эрүүл иргэн” эрдэм шинжилгээний гуравдугаар бага хурал зохион байгуулагдах гэж байна. Уг хурал болон МЗХ-ны Европ дахь нэгдсэн салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар тус холбооны тэргүүн Г. Мөнхшатартай ярилцлаа.
-Та нийт уншигчдад өөрийнхөө талаар товч танилцуулна уу?
Намайг Ганболд овогтой Мөнхшатар гэдэг. Би Дорноговь Аймагт төрж өссөн. ХБНГУлсад Сэргээгдэх Эрчим хүчний инженерээр төгссөн. Гэр бүлийн хамт ажиллаж, амьдардаг. Германд ирээд Монголын Залуучуудын Холбооны ХБНГУлс дахь тэргүүн, одоо МЗХ Европын нэгдсэн салбар зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байна.
-Таны хувьд мэргэжлээрээ ажиллахын хажуугаар Европт удирдан авч яваа Залуучуудын холбооны тань үйл ажиллагаа их сонирхол татаж байна. Та холбооныхоо зорилго, зорилт болоод үйл ажиллагааны талаар бидэнд мэдээлэл өгөөч?
Бидний гол зорилго бол Герман улсад төдийгүй Европын холбооны улсуудад аж төрж, ажиллаж, суралцаж буй залуучуудынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдэнд тулгамдаж буй асуудлыг судлан шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх. Залуучуудын хүсэл сонирхолд үндэслэн, тэднийг хөгжих, нэгдэх, суралцах, нийгэмд байр сууриа олох зэрэгт туслан эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө цохилох зүрхтэй олон мянган залуусын төлөө ажиллахыг үндсэн зорилгоо болгож байна. Эх орон, соёл, өв уламжлалаа гадаадад сурталчлах мөн шинэ залуу үеийнхэндээ өвлүүлэн үлдээхийн тулд “Үндэсний бичиг-Үнэт өв” Монгол бичгийн уралдаан, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан эх нутагтаа суугаа хайрт ээждээ өөрийн чин сэтгэлийн үгээ хүргэх боломжийг олгохын тулд “ Сайн уу ээжээ, сайн сууж байна уу?” захидлын уралдаан, “Маскарад” залуучуудын шинэ жилийн арга хэмжээ болон жил бүр Герман улсын аль нэг хот, үзэсгэлэнт байгальтай газрыг сонгон танин мэдэхүйн аялал зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг.
Эдгээр ажлуудаас гадна хамгийн их цаг хугацаа, хүч хөдөлмөр шаарддаг ажил бол “Монгол улсын хөгжлийн гарц-шийдэл” Mongolei 4.0 эрдэм шинжилгээний бага хурал болон Европын Боловсролын өдөрлөг юм.
-Та бидэнд “Монгол Улсын Хөгжлийн Гарц-Шийдэл” Mongolei 4.0 эрдэм шинжилгээний бага хурлынхаа талаар танилцуулна уу.
-Энэхүү эрдэм шинжилгээний бага хурлыг анх манай холбооны үүсгэн байгуулагч, Германы анхны улс төрч Монгол эмэгтэй докторант Солонго Тремл эгчийн санаачлагаар 2020 оноос уламжлал болгон 2 жил тутамд бид амжилттай зохион байгуулж ирлээ. 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Мюнхен хотноо гурав дахь удаагаа буюу сүүлийн удаа зохион байгуулагдах гэж байна.
Эхний хоёр удаагийн хурал Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга болон Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор явагдсан бол харин энэ удаа Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Б.Мандахбилэгийн ивээл зохион байгуулагдахаар боллоо. Хурал “Эрүүл орчин, эрүүл иргэн” дэд сэдвийн хүрээнд зохион байгуулагдана. Энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд Европын холбооны 27 улсад сурч, хөдөлмөрлөж, амьдарч буй 16-40 хүртэлх насны Монгол залуучуудад нээлттэй. Байгалийн бохирдлыг бууруулах, ард иргэдийн эрүүл мэндэд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн, орчин үеийн дэвшилтэт технологийн шийдлийг эрэлхийлсэн, тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахуйц судалгаа шинжилгээний бүтээлүүдээр оролцох боломжтой. Эрдэм шинжилгээний хурал үндсэн хоёр үе шаттай зохион байгуулагдана. Шалгаруулалтыг мэргэжлийн болон хөндлөнгийн шүүгчдийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулна.
1-р шат: Судалгааны ажлын товч хураангуй болон өгүүллээ 3-5 минутад багтаан бичлэг хэлбэрээр 2024 оны нэгдүгээр сарын 20-оос 2024 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 23:59 хүртэл myf.germany@web.de хаягаар хүлээн авч 2024 оны 03-р сарын 29-нд зохион байгуулах комисс зарлан, шалгарсан оролцогчдод мэдэгдэнэ.
Эхний шатанд шалгарсан илтгэлүүдийн ppt. хувилбарыг 2024 оны 04-р сарын 07-ны өдрийн 23:59 цаг хүртэл myf.germany@web.de хаягаар хүлээн авна. 2-р шат: Нэгдүгээр шатнаас шалгарсан шилдэг 6 оролцогчдыг олон нийтэд танилцуулж шилдэг гурван байрыг тодруулна. 2024 оны 04-р сарын 13-нд 09:00-18:00 цагт ХБНГУ-ын Мюнхен хотноо Ханнс Зайделийн сангийн Боловсролын төвд зохион байгуулагдана.
Шагналын сан
Нэгдүгээр байр: 1000€ / Үйлсийн Зам ХХК /
Хоёрдугаар байр : Нислэгийн Тиз / МИАТ ХХК /
Гуравдугаар байр : 500 € / Евро Мон АБ /
Энэ дашрамд Европ дахь Монгол залуучуудыг нэгтгэж хурлын бүх санхүүг босгодог ХБНГУ-ын Бавари мужийн Гадаад Бодлого Аюулгүй Байдлын зөвлөлийн дүүргийн дэд дарга, мужийн төлөөлөгч, МЗХ Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Солонго Тремлд болон биднийг тууштай ивээн тэтгэж дэмжиж тусалдаг Ханнс Зайделийн сан, Үйлсийн Зам ХХК, МИАТ ХХК, Евро Мон АБ , ОСиЭс Консалтинг , Герман дахь Монголын ЭСЯ хамт олонд болон бүх спонсорууддаа гүн талархал илэрхийлье.
Цаг зав гаргасанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье
Сэтгэгдэлүүд