Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн цахим хуудастаа Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралын бичсэн номын талаар сэтгэгдэлээ ийн бичжээ.
Тэрбээр бичихдээ, Эмийг эмнэх цаг болов
“Би Учралаас айхгүй. Харин Учралын номыг уншсан хүнээс айна” гээд зарим хүн энүүгээр бичээд байсан билүү.
За тэгвэл одоо надаас айх болж дээ. Би Учралын номыг уншчихлаа. Залуус дүү нар, бас миний үеийнхэн , дээш үеийнхэн ч унших ёстой ном болжээ… Уг нь би Н. Учралыг тэр их өвдөж шаналж зовчихоод эргээд улс төрд ирсэнд нь дургүйцдэг хүмүүсийн нэг.
Харин номыг нь уншаад “Ер нь өвдсөн нь ч болж … ” гэх маягийн юм бодоод үүнийг бичиж сууна.
Хүн зовлон үзэж байж л хүн бусдын зовлонг ойлгодог юм. Угаасаа энэ хорвоо үйлийн үрийн барилдлагатай болоод тэр. Өнгөрсөн жил яг өдийд би БНСУ -ын эмнэлэгт хөл дээрээ босч чадахгүй хэвтэж байлаа. Хүний газар ганцаараа. Нөхөр, хүүхдээ хажууд байлгая гэвч мөнгө хүрэхгүй шүү дээ. Монголдоо бол би олны танил хүн. Хүссэнээрээ байж чадна. Харин хил даваад л хэн ч биш болно. Эх орноо, элгэн саднаа санана. Дахиад хөл дээрээ босч чадах эсэхдээ эргэлзэнэ… Монголд эмчлэгдэхгүй өвчин тусаагүй байж яагаад Солонгост очиж хамаг байдгаа үрсний шалтгаан бол хагалгааны дараах эмийн болон нөхөн сэргээн эмчилгээ найдваргүй байснаас тэр.
Тэгвэл яг ийм явдал Н.Учрал гишүүнд тохиолджээ. Мэдээж өвчин нь маш хүнд байсан, үхэх сэхэхийн зааг дээр 4 сар гаруй шаналсан хүний туулсан зовлонг юутай зүйрлэх билээ. Н.Учрал эхлээд Монголдоо 2 р эмнэлэгт эмчлүүлж байжээ. Гэвч эмийн чанар дутагдаад Солонгос явах шаардлагатай болсон байна. Монгол эмч нарын чадвар хүрэхгүйдээ биш Монголд зарагдаж байгаа эмийн чанар муу, баталгаагүй учраас эмчилгээг Солонгост үргэлжлүүлэх шийдвэрт хүрчээ.
Ийм явдал одоо бараг өрх болгонд тохиолдож байгаа даа. Монголд зарагдаж байгаа эм, тариа чанаргүй, гарал үүсэл нь тодорхойгүй. Эм уугаад байна уу…хор уугаад байна уу. Гэтэл Турк, Солонгос, Хятадад яваад очиход эмийн чанар шал өөр учраас дорхноо бие тэнхрээд ирдэг гэдгийг… зовлон дундуур туучиж яваа иргэд минь мэднэ ээ.
… За тэгээд битүүний өдөр 4 сар хэлэн дээрээ юу ч тавиагүй өвчтнөө хоёр ширхэг мөсөөр шагнаж байгаа эмчийн шийдвэр. Өчнөөн сар амандаа гуурстай хэвтэж юу ч ярьж чадахгүй нөхрийнхөө амны хайрцаг хөдлөх төдийг, нүднийх нь харцтай хамт уншаад эмчид тайлбарлаж буй эхнэр хүний сэтгэл. “Хэзээ мөдгүй энэ орчлонг орхино доо” гэж бодох хүмүүсийн өрөвдсөн хандлага. “Учрал үхчихлээ” гэсэн мэдээ тавьж сайтынхаа хандлагыг өсгөж байгаа сэтгүүлчид. 50-60 кг -аар жин алдаж нүднээс гарсан түүнийг тавлаж буй имплюзерүүд. “Үхээч Учрал аа” гэж сошиалд бичсэн жүжигчин эмэгтэй, тэрийг нь баясан дагах солиотууд… Аавыгаа амьд үлдээсэй гэж хүсч гуйж яваа хүүхдүүдийг нь , нэг өдөр ч бүтэн нойртой хоноогүй ээж, аавыг нь бодох сөхөөгүй сошиалчид. Та бид хэрхэн зэрлэгшиж солио тусаж байсныг… бас өрөвч сэтгэлтэй ядруухан миний муу ард түмэн оройн хоолгүй атлаа халаасан дахь жаахан мөнгөнөөсөө Учралд илүүчлэн хандив өргөсөн элэг эмтрэм түүхийг энэ номноос унших болно.
Эхлээд унш хүмүүсээ.. хүнд юу тохиолдсоныг мэд. Тэгээд ухааныхаа тунгаар хэрхэн аашлахаа дараа нь шийд. Надад бол Н.Учрал өвдсөн нь онож , одоо харин бодсоноо хийж чадах эсэхийг харах нь чухал санагдлаа. Ингэж бичиж байгаадаа ээж ааваас нь , эхнэр хүүхдээс нь өөрөөс нь хүлцэл өчье.
Гэхдээ зовлон үзсэн хүний хувьд эрүүл мэндийн салбарт өөрчлөлт хийж, баталгаагүй эм, тарианд цэг тавиасай гэж хүсч байна. Тэгэж гэмээнэ аль байдгаа барьцаанд тавиад ах дүүгээсээ мөнгө гуйгаад гадагшаа явж буй ард түмэндээ тус хүргэх учиртай юм. Тиймээ, Монголын “эмийг эмнэх” цаг болжээ. Сэтгэл хүрсэн газар үйлдэл хүрдэг л жамтай л гэдэгсэн…. За тэгээд Учралын номыг уншчихсан надаас айцгаах юм байгаа биз дээ та нар кккк.
Сэтгэгдэлүүд