Ард түмэн нь Засгийн газар, хуулийн байгууллагатай нийлж, нүүрсний хулгайтай тэмцэх гэж бүтэн жил тойров. Өдгөөгөөс яг нэг жилийн өмнө ард түмэн төв талбайдаа нүүрсний хулгайчдыг өчиггүй яллах хэрэгтэйг сануулж байсан. Гэтэл нүүрсний бүлэглэл улам хүрээгээ тэлж, тэдний хүнээ шургуулж, гар хүрээгүй салбар үгүй болжээ.
Хамгийн ноцтой нь, “Тавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг шалгах ёстой Аудитын дарга Д.Занданбат өөрөө “нүүрсчин” болж таарав. Хулгайчаар хулгайчийг бариарай гэж хашгируулж байгаатай агаар нэг зүйл болж байгаа хэрэг л дээ. Нүүрсний хулгайг ард түмэн “нүгэл” гэж харж байна. Харин Д.Занданбат нүглийн нүдийг гурилаар хуурахаар ийнхүү төрийн аудитын байгууллагын тамгыг атгаж суугаа юм. Түүний хашиж ирсэн албан тушаал нүүрсний замд хөтөлсөн талаар учир мэдэх хүмүүс ярих болж.
Монгол Улсын Ерөнхий аудитор Доржсүрэнгийн Занданбат, Өмнөговь аймгийн харъяат. Түүний ажлын намтрыг хүргэе.
1991-1996 онд Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст татварын улсын байцаагч
1997-2000 онд Нийслэлийн Татварын газарт улсын ахлах байцаагч
2001-2006 онд Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дарга
2006-2008 онд ҮТЕГ-ын Улсын төсвийн орлого хяналтын газрын дарга
2008-2009 онд Хан-Уул дүүргийн Засаг дарга
2009-2013 онд СБД-ийн Татварын хэлтсийн дарга
2014-2016 онд ЗТЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2016-2017 онд Зам тээвэр хөгжлийн яамны Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга
2017.7.19-2019.1.30-ны хооронд Татварын ерөнхий газрын даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч
2019.5.09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл Монгол Улсын Ерөнхий аудитороор ажиллаж байна.
Түүний ажлын намтраас төрийн байгууллагын мөнгөний “уут”-ыг 30 гаруй жил зангидаж ирсэн нь харагдана. 2019 онд УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр тэр Ерөнхий аудитор болж байлаа. Насаараа төрд ажилласан хүмүүсийн дараагийн алхам улс төр байдаг. Д.Занданбат ч энэ замаас хазайсангүй.
Тэр 2024 онд Өмнөговь аймагт нэр дэвшихээр зэхэж, ойр ойрхон нутаг гүйх болсон байна. УИХ-ын дарга Г.Занданшатарын дэмжлэгтэйгээр УИХ-д нэр дэвшихээр горилж, удахгүй төрийн албаны ажлаа өгч, сонгуульд өрсөлдөх замаа засах бололтой. Түүний нүүрстэй холбогдож буй сэжмийг хүргэе.
Д.Занданбатын төрсөн ахыг Доржсүрэнгийн Занахүү гэдэг. Хот хүрээгээр л цууд гараагүй болохоос Өмнөговь аймагтаа зартай нүүрсчин байдаг аж. 2010 оноос нүүрстэй нягт холбогдож, “Дээдийн говь” компаниараа дамжуулан, орон нутгийн “Тавантолгой” ХК-тай №24 тоот дугаар гэрээ байгуулж, 500.000 тонн нүүрс Худалдах, худалдан авах гэрээ байгуулж байжээ.
Мөн 2011 оны гуравдугаар сарын 17-ны өдөр хуралдсан “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн шийдвэрээр нэг сая тонн нүүрсний гэрээ хийх эрхтэй болж байсан байна. Энэ үед УИХ-ын гишүүн асан “Ажнай” хэмээх Д.Бат-Эрдэнэ “Тавантолгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан юм. Д.Бат-Эрдэнийн компанийн татварын асуудлыг цэгцлэх замаар тэднийг ойртох болсон талаар нутгийн иргэд нь ярьдаг юм билээ.
Д.Занахүү “Дээдийн говь” ХХК-иараа дамжуулан 2011 оны 09.30-нд Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын захирамжаар Хайрхан тавдугаар багийн нутагт 24 га газарт нүүрс ачиж, буулгах гаалийн хяналтын талбай байгуулахаар газар авч байсан нь нүүрснээс салгаж ойлгох аргагүй юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын ахалж буй нүүрсний сонсголын үеэр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс Үндсэн хууль зөрчиж, гадаад иргэн, хуулийн этгээдэд нийт 457 га газар эзэмшүүлсэн асуудал сөхөгдөж, АТГ шалгаж эхэлсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөн Засгийн газарт чиглэл өгч, сайтар шалгах ёстой гэж байсан юм.
“Дээдийн говь” компани мөн 24 га газраа ямар замаар олж авсныг шалгахад буруудахгүй юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Төрийг хариуцсан Засаг дарга, Газрын албаны газар олгох шийдвэр гаргаж байсан хүмүүс нь гаднынханд газраа зарчихсан. Энэ асуудал нийтлэг байх магадлалтай байна.
Сонсголын үр дүнгээр газар эзэмших зөвшөөрлүүдийг монгол хүний нэр дээр, эсвэл монгол нэртэй компанийн нэр дээр гадаадын этгээдүүд авсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд байгаа нь тодорхой боллоо. Тиймээс хуулийн байгууллагынхан энэ асуудалд анхаарлаа хандуулж, шуурхай арга хэмжээ авах ёстой” хэмээн мэдэгдэж байсныг мартаж болохгүй.
Ерөнхий аудитор Д.Занданбатын ах Д.Занахүүгийн нүүрсний бизнес үүгээр зогсохгүй. Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч Бямбацогтын Эрдэнэ-Очир, Тулгазанын Баярмаа нартай “Ханбогд эрдэнэс трейд” ХХК-ийг хамтарч эзэмшдэг.
Тус компанийн үйл ажиллагаа нь авто машинаар ачаа тээвэрлэх юм байна. Д.Занахүүгийн хамтрагч Б.Эрдэнэ-Очир ноднин АТГ-аас нүүрсний хэрэгт холбогдсон 17 хүний нэгээр зарлагдаж байсан юм. Нүүрсний сонсголын эхний шатанд мөн Өмнөговь аймгийн нүүрснийхэн дотор толгой цохиж явсан “нүүрсчин” гэдэг нь харагдсан. Тэдний хэлхээ хамаарлыг эргэн хүргэх болно.
Улс даяараа нүүрсний хулгайчдыг жигшин зэвүүцэж байхад тэдний дунд Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбатын төрсөн ах Д.Занахүү гол тоглогч болчихсон тууж явна. Нүүрсний сонсголын Түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Өмнөговь гэдэг аймаг улс дотор тусдаа улс болчихсон байна. Монгол Улсын Үндсэн хууль үйлчилдэггүй. Өмнөговь аймаг улсаасаа бүрэн гарчихсан. Мөнгөнд бүх зүйлээ худалдчихсан. Нэг эзэнтэй, нам байхгүй, хууль байхгүй, шүүх байхгүй болсон нь нотлогдож байна. Мөнгөөр зүрх, сэтгэл байтугай эх орноо худалдчихсан. Тийм учраас би Өмнөговийг “баялгийн хараал” хүрсэн газар болсон байна гэж би хэлж байсан юм” хэмээн мэдэгдсэн.
Хуулийн сайдын хэлж байсан үгний шүлс нь ч хатаагүй байхад нүүрсний хулгайд аудит хийх ёстой газрын дарга нь өөрөө нүүрсчин болчихсон байхад хүлээх үр дүн гарах уу. Нүүрсчид бүхий л томоохон албан тушаалд өөрийн хүмүүсээ тавьсан байна гэдэг үнэн ажээ.
Нүүрсэнд нэвт холбогдсон Ерөнхий аудитор Д.Занданбат 2024 оны УИХ-ын сонгуульд нүүрсний мафийн төлөөлөл болон дэвшихээр зэлээ татаж сууна. Нүүрснийхэндээ хариуцлага тооцож чадахгүй дэвшүүлээд байвал 2024 онд ард түмэн Ардын намд дүнг нь тавих биз ээ.
ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…
Э.АЛДАР
Эх сурвалж: www.dobu.mn
Сэтгэгдэлүүд