нийгэм

Өнөрцэцэг

0

 

Хэдэн арван жилийн түүх, туршлага, хэдэн зуун тэрбумын барилга байшин, хэдэн арван тэрбумын төсөв, хэдэн зуун хүн хүч, цор ганцаараа мэдээллийн эх сурвалжаа нууцлах хуулийн эрхтэй, үүгээрээ Монголын их авлигыг бүрэн устгасан ч чадах хэрнээ нэг ч эрэн сурвалжлага хийж үзээгүй, ядахдаа ганц ч зээлийг төлүүлж бараагүй Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн талын талын талын талын тал хэмжээтэй “Зариг”-ын Өнөрцэцэг юуг чадаж байгааг хараад би хааяа бахархдаг.

2023.11.28.

Нэг.

Ойрын хэдэн өдөр нийгмийн сүлжээнд хүмүүс “шуламын ав”-д гарцгаасан санагдах боллоо. Тэд “Зариг”-ийн Н.Өнөрцэцэгийг дэвсэлж өгч байна. Тийрэн, шуналын тулам, өлөн, паразит, шантаажчин, Шар хад гээд юу эсээр эс цоллов. Сүүлдээ худалч, жүжигчин, гар хөл, орк энэ тэр бол зүгээр л магтаал шиг сонсогдох болов.

Өнөрцэцэг хэдийдээ яасан олон өстөнтэй болж амжсан юм, гайхалтай. Ямар хэрэг хийсэн болоод тэр вэ? Өнгөрсөн Баасан гаригт “найман ишиг”-ний хэргээр мөрдөн байцаалтад дуудахад өмгөөлөгчөө хүлээнэ гээд очоогүй бөөн дуулиан дэгдээснээр энэ бүхэн оргилдоо хүрчээ. Шүүх, цагдаагаа хүндэлж дээдлэх нь дэндсэн нөхдүүд Өнөрцэцэгийн муу муухайг илчилсэн баримт, сэтгэгдэл, хараал ерөөлийг гол мөрөн шиг урсгаж байгаа. Түүний царай, намтар, гэр бүл, салсан нийлсэн, идсэн уусан, бүр хүүхэд байхдаа ингэсэн тэгсэнийг нэгд нэгэнгүй ухаж төнхжээ. Манайд бүхэл бүтэн Өнөрцэцэг судлал хөгжиж, дагнасан судлаачид мэндэллээ.

Хамгийн анхаарал татсан бөгөөд үнэмшил төрүүлэхүйц нь цахимаар дэлгэгдсэн Өнөрцэцэгийн өмч хөрөнгө, дансны орлогын жагсаалт юм. Анх хараад бүгд л пээ паа, юу харчихав аа гэж дуу алдсан ч хариуд нь ийм тийм учиртай, фотошоп, АТГ шалгаад хууль зөрчөөгүйг нотолсон гэж няцааснаар бага зэрэг намжаад байна. Юутай ч Өнөрцэцэг ядуу биш, үзэгнээс өөр зөндөө юмтай, бүр нүүрс тээврийн компанитай юм байна. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нэр заан зарлаж авд нэгджээ.

Асуулт байна. Түүний өмч, орлого хэдээс хэтэрчихээд загнуулаад байгаа юм бэ? Яг хэд дотор багтвал зохистойг хэлж өгнө үү? Приус-ээс дээш унаж болохгүй юм уу? Эсвэл зүгээр л атаархал уу? (Зөвлөлтийн маршал Рокоссовскийг нууц амрагтай болсон байна, яах уу гэж Сталинд ховлоход, “Яах юу байхав, атаархдаг л байх даа гэж хариулсан юм гэдэг)

Энэ бүх баримтаас би юу ажиглав гэвэл төрийн болон төсвийн байгууллагууд хэвлэл мэдээллийг мөнгөөр зогсоо зайгүй угжиж ирсэн байна. Ихэнх нь Засгийн газар, яам агентлаг, удирдах газар, төрийн өмчит компаниуд, банкууд, орон нутгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурал. Цаашаа олон улсын зээл тусламж, төсөл хөтөлбөр, бондын мөнгөнөөс гээд үргэлжилнэ. (Зөвхөн Хөгжлийн банк ганцхан нэг жилд 720 тэрбумаас 1,2 их наяд төгрөгийг сурталчилгаанд зарцуулж байсан нь аудитаар илэрсэн байдаг). Энэ бүгдийн цаана хаалтын гэрээ байдаг. Тэр их мөнгийг авахын тулд сурвалжилж, сурталчлах үүрэг хүлээсэн заалтууд бүхий хамтран ажиллах буюу ажил гүйцэтгэх нэртэй гэрээ байгуулдаг, үүнийгээ манай хэвлэл мэдээллийнхэн “хаалтын гэрээ биш” гэж нэгэн дуугаар мэлздэг ч няцаахад амархан. Гэрээ болгонд, тухайн байгууллагын талаар чухал, ноцтой, шүүмжлэлтэй баримт, мэдээллийг биднээс асууж тодруулж байж үнэн зөв юм нийтэлж нэвтрүүлнэ шүү гэсэн агуулгатай гэмгүй мэт заалт заавал ордог. Ингээд амаа үдүүлчихэж байгаа юм.

Өнөөдөр манай хэвлэл мэдээллийн санхүүжилт ийм гаж буруу тогтолцоотой. Гагцхүү энэ удаад зөвхөн “Зариг” Өнөрцэцэгийнх ил болоод бусдынх хаалттай хэвээрээ байна. Бүгд адил тэгш дэлгэгдвэл юу болохыг төсөөлж байна уу? Харамсалтай нь өнөөдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд Монгол Улсын хамгийн хаалттай салбар болж хувирсан байна. Муу нэртэй уул уурхайн компаниуд хүртэл орлого, татвар, төлбөрөөс эхлээд эцсийн өмчлөгчөө аль хэдийнэ олон нийтэд тайлагнадаг болсон шүү.

Өнөрцэцэгийг шүүхэд нөлөөлөхөөр оролдсон гэж Шүүхийн ерөнхий зөвлөлөөс буруутгаж цагдаад хандсаныг гайхаад барахгүй юм. Хэрвээ шүүхийн танхимд дайрч ороогүй, шүүгчдийг барьж авч зодоогүй, дээд дарга, албан тушаалтнаар яриулаагүй, авлига өгөөгүй юм бол юуны нөлөө байх вэ? Ардчилсан улсад аливаа хэргийг тойрч ил тодоор үзэж тардаг, бүр шүүхийн хурлын гадна жагсаж цуглаж болдог. Гагцхүү шүүх хөндлөнгийн нөлөөнд автахгүйгээр шийдвэрээ гаргахын тулд хууль, ёс зүй, тангараг, тусгай цалин, хангамж, бүр цагдаагийн хамгаалалт гээд бүгд бий. Фэйсбүүкт тэгэж бичлээ, гадаа хүмүүс цуглаад яриад байна гэж гомдоллодог шүүгч байвал өргөдлөө өгөөд мал дээр гарсан нь дээр. Тэнд майлах, мөөрөх, янцгаахаас өөр нөлөө байхгүй, санаа амар.

Хоёр.

Зуу гаруй жилийн өмнө нэгэн эрхэм “Сонин бол хамтын ухуулагч, хамтын суртал нэвтрүүлэгч төдийгүй хамтын зохион байгуулагч мөн” гэж хэлжээ. Нэрийг нь хэлчихвэл авч мордоод тэнээд явчих хүмүүс байж магадгүй учраас азнав.

Тухайн цаг үед радио дөнгөж үүсч, телевиз сураг ч байгаагүй, юун Интернэт. Дараа нь энэ бүхэн бий болсны дараа хэвлэл мэдээлэл ухуулга, сурталчилгаа хийж болохгүй, зөвхөн мэдээлэх, тэгэхдээ зөвхөн үнэнийг мэдээлэх үүрэгтэй, тэр үнэн нь зөвхөн минийх гэж баахан дүрэмдээд бүтэлгүйтсэн. Өнөөдөр бүгд өөрийн үнэнийг хайж, олон туйл, эсрэг тэсрэг үзэл бодол, үнэт зүйлсийн дайн болж байна. Тэр чигээрээ ухуулга, сурталчилгаа.

Тэгвэл “Сонин бол хамтын зохион байгуулагч” гэдгийг нотлохын тулд хол яваад хэрэггүй. Одоогоос жил есөн сарын өмнө буюу 2022 оны хоёрдугаар сард “Зариг”-ийн Н.Өнөрцэцэг, “Улаанбал”-ын Ч.Лодойсамбуу хоёр нэгдэж Хөгжлийн банкны зээлийн өрийг төлүүлэх зорилгоор “Тэдний өрийг бид төлөхгүй” хэлэлцүүлгийг зохион байгуулсан нь өнгөрсөн гучин жилийн туршид дампуурсан аль ч банкны өр барагдуулах албадын хийж бараагүйг чадаж, гайхалтай амжилттай болсон билээ. Саяхан Сангийн сайд Б.Жавхлангийн мэдэгдсэнээр бол өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банкны 1,5 их наяд төгрөгийг зээлийг эргэн төлүүлж, 500 тэрбумаар нь баахан бондын өрийг дарж чадсан. Энэ үйл явцыг манай хоёр эхлүүлж давалгаалуулсан гэдэгт би эргэлздэггүй.

Хамгийн сүүлд цэргийн зодуурын асуудлаар дахиад л Өнөрцэцэгийн санаачилсан “Дахиад өгөх амь алга, одоо зогс” хэлэлцүүлэг хэдэн арван жилээр үргэлжилж байгаа атал яаж ч чаддаггүй явж ирсэн, өнөөдөр хүртэл Батлан хамгаалахын сайд нь хүлээн зөвшөөрөхгүй хэвээр байгаа баримтуудыг цочтол дэлгэж, цэргийн салбарт хариуцлагын бөмбөг дэлбэлж орхив.

“Зариг”-ын Өнөрцэцэг “би илчиллээ, ямар дүгнэлт хийхээ та өөрөө мэд”, “хариуцлага тооцох хэрэгтэй” гээд зогсдоггүй. Олон сар судалж нотлоод байхад тоохгүй болохоор нь 2021 оны 4-р сард “Мэдээллийн урсгал”-аар магтуулахаар ирсэн “Монполимет”-ийн Ц.Гарамжавын өмнө хавтас дүүрэн баримтыг дэлгэж Хөгжлийн банкны зээлийн өрөө төлөхийг шаардаж муудалцан шүүмжлэлийн бай болсон ч хоёр жилийн дараа гэхэд төлүүлж чадсан байна.

Хэдэн арван жилийн түүх, туршлага, хэдэн зуун тэрбумын барилга байшин, хэдэн арван тэрбумын төсөв, хэдэн зуун хүн хүч, цор ганцаараа мэдээллийн эх сурвалжаа нууцлах хуулийн эрхтэй, үүгээрээ Монголын их авлигыг бүрэн устгасан ч чадах хэрнээ нэг ч эрэн сурвалжлага хийж үзээгүй, ядахдаа ганц ч зээлийг төлүүлж бараагүй Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевизийн талын талын талын талын тал хэмжээтэй “Зариг”-ын Өнөрцэцэг юуг чадаж байгааг хараад би хааяа бахархдаг.

Тэрбээр хэт дайчин, хэтрүүлдэг, элдэв нөхцөл байдалд хааяа баримжаа алддаг, үүгээрээ дарга, албан тушаалтнуудын байтугай үзэгчдийнхээ дургүйцлийг хүргэдэг нэгэн. Гэхдээ сэтгүүл зүй бол албан тушаал, эрх мэдэлд үргэлж түвэг учруулдаг, тав тухыг алдуулдаг, үргэлж “ёс зүйгүй” гэж хэлэгддэг бөгөөд жа, ажаамуу хэмээн бөхөлзөн хөөгдөж туугдаад явах ёсгүй. Үгүй гэвэл хэвлэл мэдээллийн албад л үлдэх биз.

Орчин цагт бүх юм хавтгайрч хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн нэгдэл, зааг дээр буюу зохион байгуулалт дээр далд, нууц, авлига, хулгайг хамгийн сайн илчилж чаддаг болжээ. Үүний жишээ бол Panama Papers, Pandora Papers-ийг цацсан Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциум.

Өнөрцэцэг өө сэвгүй биш, түүнийг шүүмжлэхэд амархан. “Зариг”-аа байгуулж хөл дээрээ тогтохдоо тэр Х.Нямбаатараас болон бусад хүмүүс, байгууллагаар дэмжүүлж туслуулсан, одоо ч холбоотой, ашиг сонирхолтой байх. Тэднийгээ эргээд шүүмжлэхгүй, хамгаалдаг байж болно. Тэгээд юу гэж? Энд ичих хэрэг байхгүй. Гагцхүү тэднийг алгасвал алгасаад бусад улс төрч, албан тушаалтан, асуудал, сэдвээр өөрийнхөө энэ дайчин сэтгүүл зүйгээ хийгээд яваг.

Харин бусад сэтгүүлч, өөрсдийгөө тэгэж тооцдог хүмүүс тэр Х.Нямбаатарт нь буруу зөрүү, муу муухай юм байвал эрэн сурвалжлаад явах, түүгээр зогсохгүйгээр хорвоо дэлхий уужим, хийх ажил ихийг ухаарч Өнөрцэцэгийн хийхгүй байгааг, Өнөрцэцэг буруу хийж байна гэж үзвэл зөв болгож, Өнөрцэцэгээс илүүг, цоо шинийг, бүр аугаа ихийг хийхийг хэн ч хориглоогүй.

Өнөөдөр монголын сэтгүүл зүйн үйл ажиллагааны хурц үзүүр – эрэн сурвалжлага “Зариг” зэрэг сайтын голдуу, тэгэхдээ бараг бүгд эмэгтэй хэдэн сэтгүүлчийн нуруун дээр тогтосхийж байна.

Ажиглагч

www.baabar.mn

Жүжигчин Б.Барслхагва “Токио Драма” кино наадмаас “ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТУСЛАХ ДҮР”-ийн шагнал хүртжээ

Өмнөх нийтлэл

Жүжигчин А.Туяагийн НӨХӨР хэн бэ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм