Нүүрэндээ баг зүүж, буу, хутгаар өвч зэвсэглэсэн этгээдүүд банк болон их хэмжээний бэлэн мөнгө биедээ авч яваа гадаад, дотоодын иргэдийг дээрэмдсэн дуулиант хэргүүдийг Эргэлт.мн мэдээллийн сайт эргэн сануулж байна. Урьдаас төлөвлөсөн, зохион байгуулалттай доорх дээрмийн хэргүүд тухайн үедээ нийгэмд дуулиан тарьж, зарим нь бүр нийгмийг айдаст автуулж байлаа. Гадаадын кинон дээрээс л харж байсан гэмээр эдгээр хэргүүдийг үйлдсэн этгээдүүд нь цөм баригдсан бөгөөд хуулийн дагуу шийтгэлээ эдэлж байгаа юм.
“Хаан” банкны салбарт халдаж, хоёр хүн шархдуулсан хэрэг
2011 оны хоёрдугаар сарын 3-нд “Хаан” банкны Налайх дүүрэг дэх салбарыг буутай этгээд дээрэмдэхийг завдаж, хоёр хүн шархдуулсан ноцтой хэрэг гарч байв. Хэргийг сануулахад, СХД-ийн харьяат 26 настай А.Бат-Ялалт гэгч нь 2011 оны хоёрдугаар сарын 3-ны өглөө 10:00 цагийн орчимд “Нарантуул” худалдааны төвөөс такси хөлсөлж, Налайх дүүрэгт очсон. Улмаар 11:00 цагийн орчимд Налайх дүүргийн “Хаан” банкны салбарт халдаж, тухайн үед үйлчлүүлж байсан хоёр иргэнийг хэвлийн тус газар нь буудаж шархдуулаад, мөнгө авч чадалгүй хэргийн газраас зугтсан. А.Бат-Ялалт нь тухайн үед Чех улсад үйлдвэрлэсэн ангийн зориулалттай “Карбин” буу ашигласан байдаг. Ингээд “Хаан” банкны салбараас гарч зугтахдаа хөлсөлж ирсэн таксигаа барьцаалж, Улаанбаатар хот руу буцсан. Цагдаа нар түүнийг шуурхай эрэн сурвалжилж, БЗД-ийн IX хороонд байрлах төмөр замын нүхэн гарцны орчмоос баривчилсан. А.Бат-Ялалт нь Механик инженер мэргэжилтэй, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан бөгөөд Налайх дүүргийн “Хаан” банкны салбарыг дээрэмдэхээр олон өдрийн өмнөөс төлөвлөж байсан нь тогтоогдсон юм.
Банк дээрэмдэхийг завдсан, хоёр хүний эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан А.Бат-Ялалтад анхан шатны шүүхээс ялын дээд буюу цаазын ял оноосон. Харин дараагийн шатны шүүх түүнийг ялыг хөнгөлж, 25 жилийг ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
25 настай хоёр залуу сумын төвийн банкийг дээрэмдсэн нь
2016 оны наймдугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Мандах суманд байрлах “Хаан” банкны салбарт нүүрээ багаар халхалсан, буу, хутгаар зэвсэглэсэн хоёр этгээд халдсан хэрэг гарч байв. Тэд тус банкнаас 20 сая төгрөг, ажилтнуудынх нь гар утсыг дээрэмдээд зугтсан. Улмаар Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт мөрдөх хэлтэс, Дорноговь аймгийн цагдаагийн газар, Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан.
Тухайн дээрмийн хэргийг 1994 онд төрсөн, эрхэлсэн ажилгүй Н, Г нар үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд хэрэгтэн Н-г Дархан-Уул аймгаас, Г нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан. Хэрэгтэн Г нь өмнө нь Эрүүгийн хуулийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдэж, шүүхээс тэнцэх харгалзах ялаар шийтгэгдэж байсан бөгөөд тэнсэнтэй байх хугацаандаа ийнхүү давтан гэмт хэрэг үйлдсэн байдаг.
Төрсөн ах дүүс “өрөнд орсон” шалтгаанаар банкнаас 424 сая төгрөг дээрэмдсэн дуулиан
2015 оны арванхоёрдугаар сарын 14-ний өглөө төрсөн ах дүү хоёр буу ашиглан Худалдаа хөгжлийн банкны “Таван шар” салбар тооцооны төвийг дээрэмдээд зугтсан нь дуулиан тарьж байв.
Тодруулбал, 2015 оны аравдугаар сарын 14-ний өглөө Худалдаа хөгжлийн банкы “Таван шар” салбар тооцооны төв дөнгөж онгойх үед нь баг зүүсэн буутай хоёр залуу дайран орж, тааз руу хий буудан дээрэм хийж буйгаа зарласан байдаг. Ингээд тэд тухайн салбараас 424 сая төгрөг дээрэмдээд, хэргийн газраас зугтсан. Гэхдээ дээрэмдсэн мөнгөө “Приүс-20” автомашинд ачиж буй нь банкны хяналтын камерт үлдэж, цагдаа нар тухайн автомашиных нь улсын дугаараар эрэн сурвалжилсан. Ингээд I хороолол буюу Цамбагаравын автобусны буудлын урд байрлах “Өнөр” хорооллын “Номин” худалдааны төвийн дэргэдэх зогсоолд машинаа нууж орхиод явсныг нь илрүүлсэн. Цагдаа нар тэдний “Номин” худалдааны төвийн гадна орхиж явсан “Приус-20” автомашиных нь дэргэд бүтэн хоног отолж хийсэн бөгөөд дээрэм хийсэн хоёр этгээдийг автомашинаа авахаар буцаж ирэх үед нь баривчилсан байдаг.
Ингээд мөрдөн байцаалтын ажиллагаа эхлэхэд дээрэм хийсэн этгээдүүд 1985, 1992 онд төрсөн Д.Бат-Оргил, Д.Эрдэнэзаяа гэх төрсөн ах дүүс байсан нь тогтоогдсон. Тэд дээрэм хийхээр урьдчилан төлөвлөж, өөрсдийн автомашинаа ломбарданд барьцаалж, “Приүс-20” автомашиныг өөрсдийн нэр дээр шилжүүлэлгүйгээр худалдан авч, дээрмийн хэрэгтээ ашигласан нь тогтоогдсон. Мөн ах дүүс дээрэмдсэн 424 сая төгрөгийнхөө 394 сая төгрөгийг нь дээрэм хийхдээ ашигласан “Приүс-20” автомашиныхаа багажинд, 30 сая төгрөгийг нь ломбардад тавьсан өөрсдийн автомашиныхаа багажинд нуусан байснаа хүлээсэн.
Харин яагаад дээрмийн гэмт хэрэг үйлдсэнээ тайлбарлахдаа “Хүнсний дэлгүүр ажиллуулж, хувиараа бизнес эрхэлдэг байсан боловч банкны өрөнд баригдаж, аргагүйн эрхэнд банк дээрэмдсэн” гэж мэдүүлсэн. Гэхдээ шалгалтын явцад тэд дээрэм хийхээсээ хэдхэн сарын өмнө “Хүннү” хороололд гурван өрөө байр худалдаж авсан, “Ланд-105” маркийн автомашинтай, банкны өр зээлд бус мөрийтэй тоглоомын өрөнд орсон байж болзошгүй нөхцөл тогтоогдож байв.
Ингээд 2016 оны дөрөвдүгээр сард тэднийг шүүх хурал болж, ах Д.Бат-Оргилд нь 13 жилийн ял, дүү Д.Эрдэнэзаяад нь 11 жилийн хорих ял оноосон байдаг.
Мөрийтэй тоглож байсан этгээдүүд рүү халдаж, 1.2 килограмм алт дээрэмдсэн хэрэг
2016 оны аравдугаар сарын 9-10-нд шилжих шөнө мөрийтэй тоглож байсан этгээдүүдийг зэвсэглэсэн бүлэг этгээд дээрэмдсэн ноцтой хэрэг гарч, олон нийтийг цочирдуулж байв.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн I хороонд байрлах “Элит” хотхоны XII байрны …дугаар орцны …тоот орон сууцанд мөрийтэй тоглож байсан этгээдүүдийг зэвсэглэсэн, хар багтай этгээдүүд дээрэмдсэн хэрэг гарсан. Байлдааны буу, хутгаар зэвсэглэсэн этгээдүүд 1.2 килограмм алт, 45 сая төгрөг, 2000 ам.доллар дээрэмдсэн бөгөөд мөрийтэй тоглож байсан 10 иргэний наймыг нь хөнгөн, хоёрыг нь хүнд гэмтээсэн байдаг. Хохирогчдыг мөрийтэй тоглосон хэргээр шалгаж хариуцлага тооцсон бол дээрмийн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд 7-11 жилийн хорих ял оноосон байдаг.
Энэтхэг иргэний гэрээс долоон бурхан дээрэмдсэн хэрэг
2015 оны арванхоёрдугаар 16-нд ХУД-ийн I хороон XVII байрны 18 тоотод оршин суух БНЭУ-ын иргэнийг гэртээ байхад нь 25-30 насны гурван залуу дайран орж, нүүр лүү нь цохиж, ам болон гарыг нь скочдож, 00-н өрөөнд нь түгжээд Замбала бурхан хоёр, Бурхан багш нэг, Дамдин бурхан нэг, “Ногоон дарь-эх бурхан нэг, Манзушир бурхан нэг, дунд гарын мөнгөн аяга хоёр, “Sony” видео камер нэг, “HP” гэрэл зургийн аппарат нэг, хард дикс хоёр, iphone гар утас нэг, 520 мянган төгрөг тус тус дээрэмдээд зугтсан байдаг.
Ингээд 2015 оны оны арванхоёрдугаар сарын 23-нд Улаанбаатар хотын цагдаагийн газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Э гэх залууг сэжигтнээр баривчилсан. Сэжигтэн Э мэдүүлэхдээ “2015 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн 14:00 цагийн үед хамаатны Г болон түүний найз нарын хамт Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэг байранд оршин суух ламын гэрт слесарь гэж худлаа хэлэн гэрт нь дайран орж, хүч хэрэглэн бэлэн мөнгө хайсан боловч 520,000 төгрөг байсан, тэр ламыг гэртээ их хэмжээний мөнгөтэй гэж тооцоолсон байсан, мөнгө байхгүй байсан тул долоон ширхэг бурхан, нэг ширхэг мөнгөн аяга, гар утас, камер зэрэг эд зүйлийг аваад гарсан. Бэлэн мөнгийг нь би авсан, гар утас, камер зэргийг нь Г найзынхаа хамт авсан. Би хохирогчийг огт танихгүй бөгөөд хийдэд ном хураад өргөл барьц гэж их мөнгө авч байхыг нь хараад даган явж гэрийг нь мэдэж авсан” гэсэн байдаг.
Тагнуулын тусгай албаныхан гадаад иргэнийг дээрэмдсэн хэрэг
2020 оны нэгдүгээр сарын 13-нд Оросын холбооны улсын иргэн Г, Монгол Улсын иргэн М нарыг 2020 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр үл таних дөрвөн хүн хүч хэрэглэн, 50,000 доллар, 2,500 еврог дээрэмдсэн хэрэг гарсан. Мэдээллийн дагуу Эрүүгийн цагдаагийн албанаас мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Тагнуулын ерөнхий газарт ажилладаг, Монгол Улсын иргэн 1984-1992 онд төрсөн Н, Д, М, Б нар уг гэмт хэргийг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг.
Дээрх этгээдүүд нь Тагнуулын ерөнхий газрын тусгай албаны алба хаагчид байсан тул Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газартай хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2020 оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө баривчлан саатуулсан байдаг. Ингээд Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар хамтран мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Энэ хэргийн хүрээнд дээрмийн гэмт хэрэгт оролцсон Г.Доржсүрэнгээс 14 сая төгрөг хураан авч, улсын орлого болгосон юм.
Хятад иргэний гэрт дайран орж, 1.2 тэрбум төгрөг дээрэмдсэн хэрэг
Хамгийн сүүлд буюу өнгөрөгч даваа гарагийн 15:00 цагийн орчимд ХУД-ийн XI хороо “Ривер гарден” хотхоны … орцны … тоотод оршин суудаг 45 настай БНХАУ-ын иргэний гэрт баг зүүсэн бүлэг этгээдүүд халдаж, биед нь гэмтэл учруулан байдлаар зодож, сандалтай хүлээд 1.2 тэрбум төгрөгийг дээрэмдээд зугтсан ноцтой хэрэг гарсан.
Хэрэгтнүүд дээрэмдсэн 1.2 тэрбум төгрөгөө зургаан цүнхэнд хувааж хийгээд зугтсан. Цагдаагийн байгууллагаас шуурхай эрэн сурвалжлах ажиллагаа явуулж, 24-38 насны нэг эмэгтэй дөрвөн эрэгтэй буюу Б, Ө, Д нарыг баривчилж, 840 сая төгрөгийг эд мөрийн баримтаар хурааж авсан.
Хохирогч БНХАУ-ын иргэн Ж гэгч нь өнгөрөгч арванхоёрдугаар сарын 18-нд нэгэн арилжааны банкнаас 1.2 тэрбум төгрөг бэлнээр авч гэртээ хадгалж байсан. Харин үүнийг нь гэмт этгээдүүд мэдэж байсан гэдэг сэжүүрээр хохирогч Ж-гийн орчуулагчийг энэ хэрэгт зохион байгуулагчаар татсан гэх мэдээлэл бий.
ЭХ СУРВАЛЖ – ERGELT.MN
Сэтгэгдэлүүд