нийгэм

Эмэгтэй хүний гоо сайхан халдлага үйлдэх шалтгаан биш

0

“Би тэр үед Энхтайваны гүүрэн дээр алхаж байлаа. Гэнэтхэн л хэн нэгэн хөөе хөөрхөн өө гэж дуудав. Би эргэж ч харсангүй. Бидэнд тохиолддог л зүйл шүү дээ. Элдэв үг хэлээр дуудаж, орилж, хашхирч л байдаг.

Хэсэг хугацаа өнгөрөхөд тэр ахиж намайг “гоочилсонгүй”. Гүүрний төгсгөл ч дөхөж байв. Гэтэл гэнэтхэн л хажуугаар хүн гүйж гарахтай зэрэгцээд өгзөг час хийгээд л явчихлаа.

Би маш их ичсэн. Түгжрэлд зогсчихсон машины жолооч нар, явган зорчигчид гээд бүх хүн болсон үйл явдлыг харсан. Олон хүний нүдэн дээр өгзгөн дээрээ алгадуулахаас өөр доромжлол юу байх вэ дээ.

Би урдах замаа ч харж чадахааргүй болтлоо ичиж байв. Нүүр улайж, нүднээс нулимс юу юугүй урсчих гээд болсонгүй. Гүйх шахам хурдалсаар гүүрнээс буугаад явах замаа өөрчиллөө. Олны нүднээс холдох гэж л тэр шүү дээ” хэмээн ярих 19 настай охины сэтгэлд аль хэдийнээ айдас хуржээ.

Охид бүсгүйчүүдийн араас орилж хашхирч, шүгэлдэж, тэдэнд бэлгийн хүчирхийллийн шинжтэй үг хэллэг шивнэж, биед нь зөвшөөрөлгүй хүрдэг “чөлөөт” нийгэмд бид амьдарч байна. Гудамжаар явж байгаа хэн ч таны хөх өгзгөнд хүрч, хүсээгүй “магтаалаар” тань гоочилж болно.

Учир юу вэ гэвэл энэ ердөө л нэг хүрэлт, ердөө л нэг үг гэх. Зөвхөн манай оронд ч төдийгүй дэлхий дахинд “Street harassment” буюу гудамжны халдлагын талаар тодорхой мэдээлэлгүй, буруу хандлагатай байдгаас шалтгаалан олон сая охин чимээгүй шаналдаг.

ГУДАМЖНЫ ХАЛДЛАГА БОЛ ХЭН НЭГНИЙГ ӨӨРӨӨСӨӨ ДОРД ҮЗЭЖ БУЙН ИЛЭРХИЙЛЭМЖ

Гудамжны халдлага гэх нэршилд хууль ёсны тодорхойлолт байхгүй ч “Stop Street Harassment” (SSH) байгууллагын тодорхойлсноор “Олон нийтийн газар танихгүй этгээдийн зүгээс үзүүлж буй ёс бус үйлдэл, үйл хөдлөл, үг хэллэгийг хэлдэг ажээ.

Үүнд шүгэлдэх, сигналдах, ёс бус үг хэллэгээр дуудах, доромжлох, зураг авах, дагах, замыг нь хаах, эмзэг газарт нь хүрэх, олон нийтийн газар гар хангалга хийх зэрэг багтдаг” байна.

Харин энэ тухай “Young Woman for Change” төрийн бус байгууллагын ажилтан А.Анудариас тодруулахад “Гудамжны халдлага бол ердөө л хэн нэгнийг өөрөөсөө дорд үзэж буйн илэрхийлэмж.

Өөрөөр хэлбэл тухайн нийгэмд эмэгтэй хүнийг хүн гэж үзэж байна уу, хүнээс дорд үзэж байна уу гэдэгтэй холбоотой асуудал гэсэн үг.

Хэрвээ өөрийн адил хүн л гэж үзэж байгаа бол түүний халдашгүй эрхийг хүндэтгэх нь ойлгомжтой шүү дээ” хэмээв. “SSH” байгууллага 2008 онд эмэгтэйчүүдэд дарамт үзүүлж буй байдлыг хэд хэд ангилж, судалгаа явуулжээ.

Судалгаанд оролцсон 916 бүсгүйн 95 хувь нь хэн нэгэн удаан хугацаагаар ширтдэг, 81 хувь нь танихгүй этгээд бэлгийн шинжтэй үг хэллэг хэлдэг, 57 хувь нь залуус биед минь хүрч, зуурдаг, 37 хувь нь өмнө минь гар хангалга хийж байсан хэмээн хариулсан байна.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН БОГИНО ЮБКА ХҮЧИРХИЙЛҮҮЛЭХ ШАЛТАГ БОЛДОГ УУ

Гудамжны халдлагад өртөж байсан охидын нэг 21 настай Д “Урт цагаанаас Их дэлгүүр хүрэх замаар алхаж байтал гэнэтхэн л энгэр лүү усаар шүршчихсэн.

Би гайхаж эргэн тойрноо хартал замын хажууханд 40 орчим насны гурван ах усан буу барьчихсан зогсож байсан.

Аав шиг минь насны эрчүүд ийм үйлдэл гаргасанд би маш ихээр гайхаж мөн уур минь хүрч байсан тул яагаад ийм үйлдэл гаргасныг нь асуухад тэд “Чи цээжээ нуухгүй бол бид нүдээ нуухгүй ээ” хэмээн хариулж байсан” гэж ярьж байлаа.

“Хэрвээ эмэгтэй хүн биеийнхээ аль нэг хэсгийг ил гаргасан эсвэл бариу хувцас өмссөн бол танихгүй залуучууд өдөж хоргоох нь ойлгомжтой зүйл” гэх нийгэмд тогтсон буруу хандлага гудамжны халдлага үүсгэдэг гол шалтгаан. 

Хувцаслалт биш харин хувцаслалтыг буруутгаж буй хандлага нь өөрөө буруу гэдгийг хэн бүхэн ойлгох хэрэгтэй. “Young Woman for Change” төрийн бус байгууллагын ажилтан А.Анударь “Манай нийгэмд хохирогчоо буруутгадаг хандлага тогтчихсон. “Чи өөрөө яах гэж бариу хувцас өмссөн юм”, “Яах гэж тэр газраар явсан юм”, “Тэр хүмүүсээс холуур зөрөхгүй яасан юм”, “За яасан сүртэй юм хөөрхөн болохоор чинь л тэгж байгаа юм” гэх мэтээр гудамжны халдлагыг өөгшүүлдэг.

Эмэгтэйчүүдэд юу өмсөж, хэрхэхийг нь заахын оронд хүчирхийлэл үйлдэгчдэд “Хүчирхийлэл үйлдэхээ зогсоо” гэж хэлэх нь чухал” гэдгийг онцолж байлаа.

Эрчүүд энэ асуудалд ямар хандлагатай байдгийг харуулсан нэгэн судалгааг сонирхуулъя. АНУ-ын цахим сүлжээ “Gotha-mist” Нью-Йорк хотын иргэдээс “Эрчүүд яагаад гудамжаар явахдаа бүсгүйчүүдэд бэлгийн шинжтэй үг хэллэг хэлдэг вэ” гэх санал асуулга явуулжээ. Үүнд залуучууд “Хэрвээ эмэгтэй хүн бариу хувцас өмсөж гудамжаар явбал мэдээж би ямар нэгэн зүйл хэлнэ.

Эмэгтэй хүн хөөрхөн харагдаж байхад магтаал хэлэхэд юу нь болохгүй гэж” гэх мэт хариулт өгчээ. Олон давхар хуниастай,өвдөг давсан урттай юбка өмсч, гивлүүр зүүж нүүрээ халхалсан ч хүчирхийлэл тэднээс холдохгүй л болов уу.

Учир нь хүчирхийллийн шалтгаан хувцаслалт биш юм. Хүчирхийлэл үйлдэх шалтгааныг охид бүсгүйчүүдийн хувцаслалтад “тохдог” шударга бус хандлагын эсрэг 2013 онд хэсэг эмэгтэйчүүд Монголд анх удаа “Миний богино юбка” олон нийтийн арга хэмжээг зохион байгуулж байжээ.

Тус арга хэмжээ нь хүн бүр өөрийн эрх, эрх чөлөөгөө утга төгөлдөр эдлэх, айх айдасгүй, чөлөөт нийгмийг бүтээх, тэр дундаа охид эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэх гудамжны халдлага, хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, нийгэмд тогтсон үзэл хандлагыг өөрчлөхөд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан байна.

ГУДАМЖ ТАЛБАЙН ХАЛДЛАГА ҮЙЛДЭГДЭХ СУУРЬ ШАЛТГААН БОЛ ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН ЭРХ МЭДЛИЙН ЗӨРҮҮТЭЙ БАЙДАЛ ЮМ

Халдлагад өртөж буй хүмүүсийн дийлэнх хувийг охид бүсгүйчүүд эзэлдэг.

“SSH” байгууллагын 2014 онд хийсэн судалгаагаар эмэгтэйчүүдийн 65 хувь гудамжны халдлагад өртөж байсан гэх бол эрэгтэйчүүдийн 25 хувь нь халдлагад өртөж байсан гэжээ.

Энэ тухай Сэтгэл зүйч Г.Түвшинжаргал “Жендерийн тэгш биш байдал нь эрэгтэй хүмүүсийн уураа хэнд ч гаргаж болно эсвэл хүсэл тачаалаа хаана ч, хэзээ ч хангаж болно гэх сэтгэл зүйн байдлыг нь өдөөж өгдөг.

Өөртөө хэт их бардамнасан эго ихтэй залуучууд, эсвэл маш цөөн тооны өөрийгөө хянах чадваргүй сэтгэл зүйн эмгэгтэй хүмүүс гудамжны халдлагыг хийдэг” гэлээ.

Би энэ эмэгтэйд ингээд хэлчихвэл эргүүлээд намайг яаж ч чадахгүй. Би тэднээс хамаагүй хүчтэй юм чинь юу л болов гэж. Ганц удаа өгзгөнд нь хүрлээ гээд яав л гэж дээ” гэх мэт хандлагатай олон хүн байдгаас шалтгаалан гудамжны ёс бус үйлдэл бидний амьдралын салшгүй нэг хэсэг хэдийнээ болжээ.

Эрэгтэй хүмүүсийн хүч чадал хүчирхийлэл үйлдэхэд зориулагдаагүй гэдгийг хэзээ тэд ойлгох вэ.

ГУДАМЖНЫ ХАЛДЛАГЫН ЭСРЭГ АВАХ ЯМАР Ч ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА БАЙДАГГҮЙ

Халдлага үйлдэгчид юунд итгэж эмээх зүйлгүйгээр ёс бус үйлдэл гаргадаг вэ. Юунд найдаж бахархалтайгаар охид бүсгүйчүүдийн хормойг сөхөж, тэдний хөх өгзгөнд хүрдэг вэ.

Тэднийг ямар ч үйлдэл хийсэн хариуцлага тооцох хууль эрх зүйн заалт байхгүй болохоор тэр биш гэж үү. Хүний үйлдэл, эс үйлдэхүйд хуульд заасан үндэслэлээр л хариуцлага хүлээлгэдэг. Өөрөөр хэлбэл, Зөрчлийн тухай хуульд зөрчилд тооцож, хариуцлага хүлээлгэхээр зааснаас бусад тохиолдолд ямар ч жигшиж зэвүүцмээр үйлдэл байсан хариуцлага тооцдоггүй байна.

Энэ тухай Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад “Гудамж талбай олон нийтийн газар эмэгтэй хүнийг хүчиндэх, дээрэмдэх сэдэл зорилготой үйлдлийн шинж тэмдэг илэрсэн байх юм бол хүчиндэх, дээрэмдэх хэргээр эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Харин эмэгтэй хүнийг өдөж хоргоох, биед нь санаатайгаар хүрэх, ус цацах гэх мэт үйлдлүүд хуульд тусгагдаагүй байдаг учраас иймэрхүү үйлдлүүдэд хүлээлгэх хариуцлага гэж байхгүй. Гэхдээ өдөж хоргоож байхдаа биед нь гэмтэл учруулах, эд зүйлсийг нь дээрэмдэх юм бол энэ нь гэмт хэрэг болно” гэлээ.

Гудамж талбайд ёс бус үйлдэл гаргаж буй этгээдэд ноогдуулах хуулийн хариуцлага байхгүй учраас тэр хүмүүс тухайн үйлдлээ сэтгэл амар үйлдэж байна. Өөрөөр хэлбэл халдлага үйлдэгчид эмэгтэй хүний биеийг халдаж болох зүйл гэж үзэхийн зэрэгцээ, халдсаны дараа миний хүлээх хариуцлага байхгүй гэж боддог байх нь.

Гэвч гудамжны халдлагын эсрэг хууль эрх зүйн хүрээнд хариуцлага хүлээлгэнэ гэдэг хэцүү.

Жишээ нь нэг эмэгтэйг үрлэн сумтай буугаар буудлаа гэж бодъё. Олон хүний дунд хаанаас хэн буудсан нь мэдэхгүй тохиолдолд нотлох баримтгүй гэх үндэслэлээр авах арга хэмжээ байхгүй. Тийм учраас гудамж талбайн халдлагыг хуулийн хүрээнд гэхээс илүүтэй хандлагын түвшинд өөрчлөх нь чухал юм.

СЭТГЭЛ ЗҮЙН ЦОЧРОЛ НЬ ЭХНИЙ 72 ЦАГТ ХАМГИЙН ХУРЦАДМАЛ ТӨЛӨВТЭЙ БАЙДАГ

Гудамжны халдлага нь хохирогчдод сэтгэл зүйн хийгээд бие махбодын хувьд ямар нөлөө үзүүлдгийг олон нийт тэр тусмаа халдлага үйлдэгч этгээд төдийлөн мэддэггүй.

Охид бүсгүйчүүдийн өдөр тутамдаа нүүр тулдаг энэхүү асуудал тэднийг гэртээ харих замаа өөрчлөх, өөрт таалагдсан хувцсаа өмсөж чадахгүйд хүрэх, нүүр будалтаа бусдын сэтгэлд тааруулан өөрчлөх гэх зэрэг хувийн сонголтод нөлөөлж байдаг.

Халдлагад өртсөн эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд “Trauma” буюу цочролд орж өөртөө болон нийгэмдээ итгэх итгэлээ алдаж, айдаст автдаг байна.

Улмаар тэдний ажлын бүтээмж сурлагын чанарт нөлөөлөх сөрөг үр дагавартай байдаг. Энэ тухай сэтгэл зүйч Г.Түвшинжаргалаас тодруулахад “Халдлагад өртсөн эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд хүнд цохилтод ордог. Сэтгэл зүйн цочрол нь эхний 72 цагтаа хамгийн хурцадмал төлөвт байдаг бөгөөд энэ хугацаанд сэтгэл зүйн анхны тусламж үйлчилгээг үзүүлж чадаагүй тохиолдолд ажил, амьдралынх нь сайн сайхан байдалд ч нөлөөлөх сөрөг үр дагавартай.

Охид бүсгүйчүүд гудамж талбайн халдлагад өртсөнөөр олон нийтийн газраар явах, өөрийнхөөрөө байх эрхүүд нь зөрчигддөг. Ингэснээр ганцаардмал, нийгмээс тусгаарлагдсан байдалтай болдог. Тэгэхээр сэтгэл зүйн хувьд, бие махбодын хувьд, нийгмийн хөгжлийн хувьд ч тэр олон талаараа сөрөг үр дагавартай юм” гэлээ.

Охид, бүсгүйчүүд гудамжаар аюулгүй алхах эрхтэй. Хүссэн цагтаа, хүссэн хувцастайгаа. Танихгүй нэгний хүсэл тачаал эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлах ёсгүй. Тэдний бие бол тэдний л бие, өөр хэнийх ч биш.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Сэлэнгэ аймаг-Улаан-Үд чиглэлд тээврийн шинэ чиглэл нээгдэнэ

Өмнөх нийтлэл

Азын дугаар зарна гэсэн хуурамч заранд хууртахгүй байхыг анхааруулав

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм