Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл өнөөдөр Хан-Уул дүүргийн XII хорооны иргэдтэй уулзаж, шаардлагатай бүтээн байгуулалт, тулгамдаж буй асуудлынх нь талаар санал солилцов.
Тухайн хорооны иргэд, оршин суугчид Туул голыг бохирдуулагч эх үүсвэрийн үйл ажиллагааг зогсоож, авто замын эвдрэлийг засаж, хогийн цэгүүдийг цэгцэнд оруулах ажлыг ойрын хугацаанд хийлгэх хэрэгтэй байгааг уулзалтын үеэр хэлэв. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл уулзалтад нийслэлийн харьяа газар, хэлтсийн мэргэжилтнүүдийг оролцуулж, иргэдэд тулгамдаж буй бэрхшээлийг шийдвэрлүүлэхээ онцолсон. Заримаас нь дурдвал уг уулзалтад нийслэлийн МХГ-ын Дэд бүтцийн хяналтын хэлтсийн дарга Н.Гантулга оролцсон бөгөөд тэрбээр Туул голыг бохирдуулж буй аж ахуйн нэгж байгууллага, иргэдэд хариуцлага тооцно гэсэн юм.
Мөн эл уулзалтын үеэр холбогдох албаныхан улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар тухайн хороонд хийж буй бүтээн байгуулалтын ажлуудыг танилцуулсан юм. Хорооны иргэдийн зүгээс дүүргийн X сургууль, 128 дугаар цэцэрлэгийн барилгыг буулгаж, шинийг барьж өгөхийг хүсэж байв. Холбогдох албаныхан 128 дугаар цэцэрлэгийн барилгыг шинэчлэн барих ажилд зориулж, төсөвт 2.4 тэрбум төгрөг суулгасан гэдгийг хэлсэн. Харин Х сургуулийн барилгыг шинэчлэх ажлын зардлыг төсөвт суулгаагүй ажээ. Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл төсвийн тодотгол хийх үеэр сургуулийн барилгын ажилд зориулж хөрөнгө төсөвлөх талаар нийслэлийн удирдлагад уламжилна гэсэн юм.
Н
Сэтгэгдэлүүд