Өчигдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүүхдийн амь нас харамсалтай байдлаар хохирч, 6 хүүхэд хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн ослууд гарчээ.
Сүхбаатар дүүргийн нутаг Бэлхийн зам, Тоосгоны үйлдвэрийн давхар дэлгүүрийн зүүн замд H.Sonata-6 маркийн автомашины жолооч нь явган зорчигч 13 настай эрэгтэй Х, 7 настай эмэгтэй Б нарын хоёр хүүхдийг мөргөж амь насийг нь хохироосон байна.
Мөн ХУД-ийн нутаг ЗДТГ-ын хойд уулзварт T.Pruis маркийн автомашины жолооч нь хүүхдийн тэргэнд сууж байсан 1 нас 10 сартай М-г мөргөж гэмтээсэн бөгөөд тухайн үед ээж А-н хамт явган хүний гарцтай газраар явж байсан байна.
Урин дулааны улиралд хичээл, сургууль амарч хүүхэд багачууд гадаа тоглох, зугаалах зэргээр амардаг. Энэ үед хүүхэд өртсөн зам тээврийн осол, хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг.
Статистик судалгаагаар 2018 он гарсаар эхний хагас жилийн байдлаар хүүхэд өртсөн осол буурсан байгаа хэдий ч энэ төрлийн осол улсын хэмжээнд 371 бүртгэгдэж, 11 хүүхдийн амь нас хохирч, 74 хүүхэд хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн үзүүлэлттэй байна. Нийт зам тээврийн осолд өртсөн хүүхдийн насны ангилалаар авч үзвэл дийлэнх хувь нь эцэг эхийн хараа хяналтанд байх, ид тоглож наадаж, өсөн торниж байх буюу 7-14 насан дээрээ зам тээврийн осол, хэрэгт өртсөн байна.
Бага насны хүүхдүүд явж байгаа автомашины зай болон хурдыг баримжаалах чадвар муутай байдгийн дээр гэрлэн болон дуут дохионы утгыг тэр болгон ойлгодоггүй сэтгэл зүйн онцлогтой байдаг тул жолооч та тээврийн хэрэгслийн хурдыг ямагт анхаарч, бага насны хүүхдэд зам тавьж өгч байгаарай.
Мөн эцэг эх та хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, 10 хүртэлх насны хүүхдийг бие даан болон насанд хүрээгүй харгалзах хүнтэй замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхааруулж байна.
Эх сурвалж: ЗЦГ
Сэтгэгдэлүүд