зөвлөгөөнийгэм

Туркт очсон Монгол эмэгтэйчүүдийг Я**** хэмээн доромжилж цалинг нь луйвардаж байна

0

Хилийн дээс алхаж л байвал амьдрал дээшилнэ гэж боддог олон мянган залуусын төлөөлөл Ч.Эрхэм­баяртай ярилцлаа. Тэрээр эхнэрийн хамт БНТУ-д ажиллахаар жил хагасын өмнө очжээ. Гэвч хүмүүсийн ярьж хэлж аваачсан, бодит байдал хоёр тэнгэр газар шиг зөрүүтэй байсныг биеэрээ мэдэрч, Монголчуудаа мөнгө төгрөгөө зарлагадан Турк руу явахгүй байхыг зөвлөлөө. 

-Турк улс руу явах болсон шалтгаанаа эхлээд ярих уу?

-Эхнэр бид хоёр их сургуулиа маркетингийн чиглэлээр төгссөн. Төгссөнөөсөө хойш хагас жил гаруй тасралтгүй ажил хайсан боловч ажил олдоогүй. Зар тавьсан байгууллагуудад очоод анкет бөглөж, ярилцлаганд ороод бараг л тэнцчихлээ гэхээр хэн нэгэн танилынх нь, эсвэл ар өврийн хаалганы хүмүүс орчихсон байдаг. Тэгээд бид хоёр ярилцаж байгаад ерөөсөө залуу, үр хүүхэдгүй байгаа дээрээ хэдэн жил гадаадад ажиллаж, мөнгө төгрөг хуримтлуулаад, чадвал тэндээ сургууль соёлд нь суралцъя гэсэн бодолтойгоор виз хөөцөлдөж эхэлсэн. Эхлээд өмнөд Солонгосын виз хөөцөлдсөн боловч хоёулангийнх нь гараагүй. Чех рүү бас виз хөөцөлдсөн ч дунд нь зуучилж байсан хүн мөнгө төгрөгийг минь хулхидаад явчихсан. Арай гэж гадаад паспортаа олж аваад л өнөө хүнээ цагдаад тэмдэглүүлсэн ч одоог хүртэл олж өгөөгүй, хохирлыг маань ч барагдуулаагүй байгаа. Ингээд Туркт олон жил амьдарсан гэх нэг эгчийн зөвлөснөөр Турк явахаар шийдсэн. Мэдээж, визгүй учраас онгоцны зардлаа олоод цаана нь халаасны хэдэн төгрөгтэй байхад очих бүрэн боломжтой. Тэр эгч эхнэр бид хоёрт Туркт очвол ажил найдвартай олж өгнө, тэгээд ч амгалан тайван, гоё уур амьсгалтай орон гэх мэтээр магтсан. Тэгээд л бид хоёр зүгээр сууж байхаар ерөөсөө явъя гэж шийдээд тэр эгчтэй уулзсанаас хойш гурав хоногийн дараа Монголоосоо ниссэн дээ.

-Үнэхээр түүний ярьсан шиг гоё орон угтав уу?

-Үгүй дээ. Онгоцноос буугаад л жинхэнэ шоконд орсон. Яг л дайн байлдаантай улсад оччихсон юм шиг хаа сайгүй буутай цэргүүд, бүр танк хүртэл гарч ирнэ. Өөдөөс буудах гэж байгаа юм шиг л эвгүй. Гэвч одоо нэгэнт зардал мөнгө гаргаад ирсэн хоёр чинь ядаж хэдэн сар гүрийгээд ажиллахаас өөр арга байхгүй болж байгаа юм. Тэр эгчийн хэлснээр, нэг хаяг бариад л таксинд суусан. Хэл мэдэхгүй, газар мэдэхгүй хоёрыг чинь шууд л хулхидаж эхэлж байгаа юм. Ядаж байхад бид хоёр турк теллагийн зөрүүг ойлгодоггүй. Тэгээд 10 мянган төгрөгөөр таксидах газарт бараг 100 мянгыг төлөөд буусан.

-Ажил хэр олдох юм, цалин пүнлүү нь хэр вэ?

-Туркт монголчуудаа ажлын байранд зуучилдаг хүмүүс бас байдаг. Ажилд оруулсны төлөө хагас цалинг нь авдаг. Хэл усгүй, газар мэдэхгүй мань мэтийн хүмүүс бушуухан л ажилд орохгүй бол байсан хэдэн төгрөгөө дороо дуусгах учир тэдний аманд ороод санал болгосон ажлыг нь хийхээс өөр арга байхгүй. Эхнэрт маань зоогийн газарт зөөгчийн ажил, надад нэг дэлгүүрт ачигч хийх ажил олдсон. Долоо хоног бүрээр цалингаа бодно. Надад долоо хоногийн 500 телла буюу монгол мөнгөөр 350 мянган төгрөгийн ажил санал болгосон. Эхний долоо хоногт цалингаа яс өгсөн. Гэвч нөгөө ажил зуучилсан эгчдээ өгсөн болохоор анхныхаа цалинг гартаа нэг атгаад л хүнд өгсөн дөө. Дараагийн 7 хоногт гэтэл 350-ыг өгсөн. Би 500-г авах ёстой шүү дээ гэтэл үлдэгдлийг нь дараагийн долоо хоногт нөхөөд өгнө өө гэсэн. Хэлсэн үгэнд нь итгээд дахиад долоо хоног ажиллахад 350-ийг өгсөн. Би гайхаад нийтдээ 650-ийг авах ёстой гэтэл өгнө өө, чи ажиллаж л бай гэнэ. Ингээд дараагийн долоо хоног дуусахад бүр 300 телла өгдөг байгаа. Би нийтдээ 1150 телла авах ёстой гэхэд эзэн “300-г авбал ав, эсвэл боль, илүү мөнгө байхгүй” гэж байгаа юм. Нийтдээ би 850 телла авч чадахгүй болчихсон. Ийм нөхцөлд цаашид ажиллаад монжуулаад байх хэцүү учир арга буюу ажлаасаа гарсан. Гэтэл туркууд ерөөсөө ингэж хүнийг залилж ажиллуулдаг аргатай юм байна. Эхний 7 хоног яс цалинг нь өгөөд, дараа долоо хоногоос нь унжиж эхэлдэг. Тэгээд сар ажиллуулчихаад цалингийнх нь хагасын хагасыг л өгч байх жишээтэй. Яг энэ байдал эхнэрт маань ч давтагдсан. Тийм болохоор хоёулаа ажлаасаа гарч, дараагийн ажлаа хайсан. Тэгээд оёдлын үйлдвэрт ажилд орлоо.

-Байдал арай дээрдэв үү?

-Өмнөх эзнийг бодвол арай дээр байсан ч сүүлдээ бас л новширч эхэлсэн дээ. Оёдлын үйлдвэрийн эзэн маань цалин мөнгөнөөс илүүтэй эхнэрийг маань оролдож эхэлсэн нь хэцүү байсан. Ер нь турк эрчүүд их садар. Өдөрт л нэг хүүхэнтэй зугаацах сонирхолтой. Тэр тусмаа монгол хүүхнүүдийг бол байнга өдөж хоргооно. Эхнэрийг маань өрөөндөө дуудаж оруулаад хоёр удаа хүчиндэхийг завдсан. Би уулзаад “Энэ бол миний эхнэр” гэхэд “Тэр хамаагүй, турк хүний эхнэр байсан бол би оролдохгүй, монгол хүний эхнэр учраас би санасандаа хүрнэ” хэмээн хашгирсан. Гаръя гэхээр цалингаа яс өгдөг болохоор хаяад явчихаж болдоггүй. Ажлаа хийхийн зэрэгцээ эхнэрээ манана гэдэг том ажил гарч ирж байгаа юм. Тэгээд байнга эхнэрээ хажуудаа байлгаад нүд салгахгүй болохоор өнөөх турк эр цалин дээрээ новширч өмнөх эзний занг давтаж эхэлсэн. Долоо хоног бүр цалингаа өгөхдөө багасгасан.

-Зальтай хүмүүс юм даа?

-Туркуудыг ер нь Европын хужаа гэдэг. Би бол хужаагаас дор муухай хүмүүс л гэж хэлнэ. Хүмүүс нь зальжин, ашиг хардаг, хүнийг хүндэлдэггүй, худалч, бүр хулгайч. Бас дээр нь тамхи маш их татна, архи ууна.

-Исламын дэг жаяг, чанга хатуу шашинтай улс биз дээ?

-Нэр төдий л зүйл. Ямар их архи ууж, тамхи татдаг гэж санана. Шашнаа шүтдэг гэх боловч үнэхээр худлаа. Дээр нь хүүхэн эргүүлнэ гэж жигтэйхэн. Одоо өсвөр насны турк залуус нь их эвдэрч байгаа. Сая Рамадан сар болоход залуус нь ер тоохгүй, “Хэн тэгж сар өлсч байдаг юм” гэх мэтээр хэлэх нь энүүхэнд болсон. Тэр хэрээрээ зэрлэгшиж, зодоон нүдээнд их оролцдог болсон. Би очсоныхоо дараахан 16-18 насны болов уу гэмээр гурван турк залууст зодуулсан. Өөдөөс ирээд нэг юм хэлээд байхаар нь ойлгохгүй мөрөө хавчсан чинь шууд л зодчихсон. Тэгсэн тамхи нэхсэн юм билээ.
Ер нь гадаад хүмүүст их дургүй. Ялангуяа монгол, сири, афганистанчуудад таагүй ханддаг. Улсаас нь хүртэл цагаач нарыг гаргах бодлого их баримталж, баривчилгаа их явагдаж байгаа. Гадаадын хүмүүс туркуудын ажлын байрыг их булааж байна гэж ярьдаг ч өөрсдөө ажил хийх дургүй улс. Тамхийг угсруулаад баагиулна. Архи, тамхи, үхрийн мах маш үнэтэй. Үхрийн мах кг нь манайхаар 50-60 мянган төгрөг.

-Монголчуудад муу хандах шалтгаан байгаа л байх даа?

-Хамгийн удаан амьдарч буй монгол эмэгтэй Туркт 30 жил амьдарчихсан юм билээ. Дараа нь хорь гаруй жил амьдарч буй хоёр эмэгтэй турктэй суугаад тэндээ амьдардаг. Ерээд оны дунд үеэс оюутнууд их ирж суралцах болсон юм билээ. Харин сүүлийн хэдэн жил монголчууд визгүй болсонтой холбоотой олноороо ирэх болсон. Тэр хэрээр гэмт хэрэг үйлдэх, архи дарс ууж агсам тавих зэрэг үйлдлүүд гаргах болсон. Иймд монголчуудын нэр хүнд их унасан. Хамгийн сүүлд гэхэд хэн ч хулгай хийнэ гэж харахааргүй хоёр ганган хүүхэн алт үнэт эдлэлийн дэлгүүрт нь ороод хулгай хийж байгаад баригдсан. Одоо тус улсын урьдчилан хорих төвд саатуулагдсан гэж сонссон. Гэтэл тэр хоёр эмэгтэй өмнө нь удаа дараа ийм хулгай хийж байсан нь тогтоогдсон юм билээ. Оны өмнөхөн нэг монгол залуу эзэн нь цалинг нь өгөхгүй хуураад байхаар нь хутгалчихсан хэрэг гарсан. Манайхан бас архи дарс их уудаг. Цалингаа аваад л бүх мөнгөө архинд өгчихөөд маргааш нь нэг ч теллагүй болчихсон залууг харж байлаа. “Чингис” архи тэнд бараг 100 орчим мянган төгрөг. Ийм үнэтэй байхад л манайхан урал­даад л авчихдаг. Монголоос 20 ш архи ирлээ гэхэд маргааш нь дуусчихна. Энэ мэтчилэн монголчууд өөрс­дөө нэр хүндээ хугалснаас болж, туркууд шинээр очиж буй монголчуудад дээрэлхүү хандаж, “Нэг долоо хоногийн 300 теллагаар ажиллавал ажилла” хэмээн томордог. 300 телла чинь ердөө 50 доллар. Долоо хоногийн 100 гаруйхан мянган төгрөг, сардаа 500 мянган төгрөгөөр хүний нутагт ажиллах ямар хэрэг байх билээ. Гэвч монголчууд Туркийг сайхан орон, хэдэн төгрөг хуримтлуулахад боломжийн улс хэмээн бодож очсоор байгаа нь харамсалтай. Миний зүгээс Турк руу битгий зориорой гэж л монголчууддаа хэлмээр байна.

-Гэхдээ л монголчууд явсаар байгаа. Магадгүй чи өөрөө хөлөө олоогүй байж болно шүү дээ?

-Хэрэггүй л гэж зөвлөе дөө. Анх очсон хорь, гучин жил болчихсон хүмүүс нь мэдээж өөрсдийн гэсэн бизнестэй, орлоготой болчихсон байгаа. Гэхдээ ихэнх нь эмэгтэйчүүд ба туркуудтэй гэрлэсэн байдаг. Өмнө нь бас боломжийн сардаа сая гаруй төгрөгийн цалин аваад байдаг байсан. Гэвч сүүлийн үед долларын ханш огцом нэмэгдэж, нэг телла 350 доллар буюу монгол мөнгөөр бол 3200 орчим төгрөгтэй тэнцэх болсон. Тэгэхээр үйлээ үзэж ажилласан бид нарын цалин ердөө цаас л болчихож байгаа юм. Гүрийж гүрийж сардаа монгол мөнгөөр сая гаруй төгрөгийн цалин авлаа гэхэд доллартаа шилжүүлэхээр 500-600 мянга л болчихно. Манай улс турк теллаг төгрөг рүү шилжүүлдэггүй болохоор бид нар доллараар солихоос өөр аргагүй. Ингээд өдрийн бараг 12 цаг ажиллачихаад сардаа 600 мянган төгрөгийн цалин аваад түрээсний байр болон хоол ундандаа зарлагадахаар мөнгө хураах ямар ч боломжгүй болсон. Тийм болохоор эхнэр бид хоёр ер нь Монгол руугаа буцъя гэж шийдээд ирсэн юм.

-Сүүлийн үед манайхан Туркээс бараа авчирч зарах болсон. Үнэхээр Туркээс авчирдаг болов уу?

-Турк бол хувцас үйлдвэрлэлээр тэргүүлэх улсын нэг. Маш олон оёдлын үйлдвэртэй. Татварын таатай орчинтой учир олон том компаниуд салбараа нээсэн байдаг. Гэхдээ манайхны авдаг хувцас бол дандаа үлдэгдэл, хямдарсан бараа. Тэндээсээ маш хямдхан авсан хэрнээ Монголд авчраад жигтэйхэн өндөр үнэ хадчихдаг. Улирал дуусангуут л улирлын хямдрал зарлаж, 80-90 хувь хүртэл хямдрах нь бий. Мөн Zara компани гэхэд л 14 хоног тутам хямдрал зарладаг. Ийм хямдарсан барааг л голдуу авчирдаг.

-Гэмт хэрэг үйлдсэн Монгол­­чууд байх юм уу?

-Миний сонс­сон­оор хүн амины хэрэгтэй нэг залуу шоронд нь байдаг гэж дуулсан. Бас монгол хүүхнүүд биеэ үнэлж байгаад баригдсан тохиолдлууд олон юм билээ. Ер нь монгол хүүхнүүдийг биеэ үнэлэгч гэсэн ойлголттой. Ямар сайндаа л эхнэрийг маань оролдох билээ дээ. Би нөхөр нь байна аа гэхэд тэр хамаагүй ээ л гэдэг улс. Манай хүүхнүүд өдөржингөө ажиллаад авсан цалин нь байр хоолондоо л таараад, илүү мөнгө олохын тулд шөнийн цагаар биеэ үнэлдэг. Эсвэл тэр үйлдвэрийнхээ эзний нууц амраг болсон нь ч олон. Түүнээс бус яг урдах ажлаа хийгээд мөнгө хураана гэсэн ойлголт Туркт байхгүй.

-Туркийг их л сайхан орон гэж сурталчилдаг шүү дээ. Өөрт чинь Турк оронтой танилцах боломж олдов уу?

-Зүгээр мөнгөө үрээд аялаад явахад өнгөн талаасаа Турк сайхан орон санагдана. Мэдээж жуулчилж байгаа хүмүүсийг хамгийн сайхан газруудаараа л оруулж таараа. Ийм аялал жуулчлалаар явсан хүмүүс бол хэдхэн хоногт Туркийг сайхан орон гэсэн сэтгэгдэлтэй буцна. Харин дунд нь ороод ажиллаад, хүнийг нь таниад ирэхээр тийм ч хүсэх орон биш гэж өөрийн эрхгүй бодогдоно. Эхнэр бид хоёр хэд хоног өөрсдөдөө амралт гаргаад олны жишгийг дагаж, хэд хоног аяллаар явсан. Үнэхээр л хэд хоног хаан, хатан хоёр шиг л жаргалтай байсан. Мөнгө олохын тулд юухан хээхнийг ч шахаж, мөнгө салгахдаа гаргууд. Миний аялсан, ажилласан хоёр тэнгэр газар шиг л зөрүүтэй байсан. Туркийн бас нэг муухай юм нь хуруун чинээ том том саарал бэлцгэр жоомтой. Харх ихтэй, хүний гар хөл хазах энүүхэнд. Хөрсний бохирдлоороо дэлхийд тэргүүлж байгаа улсын нэг. Ер нь лалын шашинтай орнууд дундаа бохир заваанаараа толгой цохих орон. Дээр нь хүмүүс нь огт таалагдаагүй. Тэнд эзний эрх ашиг л яригдахаас биш ажилчдын эрх ашиг гэж огт үгүй. Зөвхөн монголчуудыг хулхидаад байдаг юм уу гэж бодсон чинь өөрсдийнхөө хүмүүсийг хүртэл цалинг нь гүйцээж өгөхгүй новширдог. Би л гэхэд эзнээсээ сая гаруй төгрөгийн авлагатай байсан ч хаяад л ирлээ. Визний хугацаа хэтрүүлсэн гээд хил дээр 2500 теллагаар торгоно, эсвэл хар тамга 5 жилийн хугацаатай дарна гэхээр нь би хар тамгыг л сонгосон. Хурааж хуримтлуулсан их мөнгөгүй байж, хар тамга даруулахгүйн тулд торгууль төлөлтэй нь биш. Бас нэг зүйл сонирхуулахад Улаанбаатараас “Туркиш эйр”-ээр нисэхэд сая гаруй төгрөгөөр нисдэг. Гэтэл бид хоёр сая буцахдаа Анкарагаас-Москва-Улаан-Үүд хүртэл нисэхэд 380 доллар төлсөн. Нислэгийн компани нь хүртэл монголчуудыг ингэж шулж байна шүү дээ.

“МӨНХ ТЭНГЭР” Монгол туургатны соёл, урлагийн их наадам болно

Өмнөх нийтлэл

Цалин нэмэгдэхгүй ч барааны үнэ цаг цагаар өссөөр байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй зөвлөгөө