нийгэм

У.Ганбаяр: Цагдаагийн байгууллагаас ч над руу холбогдоогүй. Уг нь мэдүүлэг авах ёстой шүү дээ

0

Энэ сарын 19-ний өдөр замын хөдөлгөөнд оролцож явсан машин дээр барилгын материал унасан хэрэг гарсан билээ. Юутай ч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас зөрчил гаргасан барилгын үйл ажиллагааг зогсоожээ.

Хэргийг сөхвөл, 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороо, “Гурван гал” худалдааны төвийн урд, “Глобал хурд” ХХК-ний оффисын зориулалттай 16 давхар барилгын дээвэр дээр байрлах салхивчны хоолойг модон хавтангаар таглаж дээр нь тавьсан бетонон хийц хүчтэй салхины улмаас бетонон хийц барилгын гадна тал руу унаж иргэн Ө-ийн автомашиныг дарсан юм.

Зөрчил гарах үед машин дотор сууж явсан иргэн У.Ганбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-Өнгөрөгч баасан гарагт барилга дээрээс чулуу уналаа гэх мэдээлэл цахим орчинд цацагдсан. Тэр өдөр машинд хэдэн хүн сууж явсан юм бэ?

-Бид гурван эгнээтэй замын хоёр дахь эгнээнд явж байсан. Гэтэл машин дээр том ялуу хүчтэй гэгч нь унасан. Тухайн үед маш айж, машин дэлбэрчихлээ гэж бодсон. Тайвшраад хартал урд сууж явсан хоёр хүний дунд том ялуу унаж, машины шил хагарч энд тэндгүй шилний хэлтэрхий үсэрсэн байсан. Түргэн тусламж дуудах гэтэл урд сууж явсан хоёрын утас чулуунд дарагдаж бяцарсан байсан тул би 103,102 руу дуудлага өгсөн.

-Түргэн тусламж болон цагдаа хэр хурдан ирсэн бэ?

-Дуудлагын дагуу 30 минутын дараа ирсэн. 103 хажууханд байтал маш удаж ирсэн. Эмч ирээд жолоочийг “Алив, зүгээр хөл дээрээ гишгээд машинаасаа буугаад ир” гээд загнаад байсан. Өвчтөнийхөө сэтгэл санааг нь тайвшруулж анхны тусламж үзүүлэх хэрэгтэй байтал загнаж тусламж үзүүлнэ гэдэг байж болох уу. Өөрөө бууж ирээд үзүүл гэх хандлагаар хандсан. Хэрэв хүний амь нас эндсэн байсан бол яах байсан юм мэдэхгүй.

-Та машинд хамт явж байсан хүмүүстэй ямар холбоотой бэ. Бэртсэн хүмүүсийн биеийн байдал одоо ямар байна?

-Тухайн өдөр би Энхтайваны гүүр орчмоос такси барьсан нь энэ. Жолоочийн зүүн хөлийн шилбэ гэмтсэн, гар руу нь шил шигдэж орсон байсан. Харин хажууд суусан эмэгтэй аз болж зүгээр өнгөрсөн. Би хойно сууж явсан учир гэмтэж бэртсэнгүй. Би өчигдөр бэртсэн залуутай утсаар холбогдсон. Тэр хэлэхдээ “Биеийн байдал сайн байгаа. Харьцангуй хөнгөн бэртэл авсан. Иймд хэвтрийн дэглэм сахих хэрэгтэй. Одоогоор хөлөө гипсдүүлсэн байгаа. “Глобал хурд” компанийн удирдлагууд “Хохирлыг барагдуулж өгнө” гэж хэлсэн гэж ярьсан. Тэр хэвлэлд мэдээлэл өгөх хүсэлгүй байгаа юм байна лээ.

-Хэчнээн төгрөгийн хохирол учирсан бол. Тухайн компаниас эмчилгээний зардлыг гаргаж өгсөн болов уу?

-Тэр залуу надад тодорхой зүйл яриагүй. Тиймээс хэчнээн төгрөгийн хохирол учирсныг би хэлж мэдэхгүй байна. Хэрэв би сошиалд энэ талаар мэдээлээгүй бол хэрэг явдал чимээгүй өнгөрөх байсан. Би их айдастай байсан ч үйл явдлын талаар олон нийтэд мэдээлэх нь зөв гэж бодсон. Өмнө нь тус барилгаас төмөр унаж байсан гэж сонссон.

-“Глобал хурд” компаниас өөртэй чинь холбогдсон уу. Энэ явдлаас болоод таны сэтгэл санаанд ямар нэгэн өөрчлөлт гарсан уу?

-Хаа нэг газар явж байхад дээрээс юм уначих вий гэх айдастай байх боллоо. Намайг бэртээгүй болохоор надтай ярихгүй байгаа байх. Залгаад “Уучлаарай” гээд хэлчихгүй байгаа юм.

-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсанаас болж хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгийг хохироосон явдал ганц энэ удаа гарч байгаа юм биш. Урьд өмнө энэ асуудал байсаар ирсэн. Тухайн хэрэг гарсан даруйдаа олны анхааралд байж байгаад хариуцлага тооцсон юмгүй ор тас мартагддаг тогтолцоо бий болчхоод байна. Залуу хүний хувьд энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Яг тийм. Хаа хаанаа хариуцлагатай байх ёстой болов уу. Ийм осол болох тоолонд хариуцлага тооцно гэж мэдээлээд өнгөрдөг. Миний мэдэхээр яг хуулийн дагуу хариуцлага тооцох тохиолдол цөөхөн. Иймд энэ явдалд эмзэглэдэг. Хууль журмын, хэрэгжилтдээ хяналт тавих хэрэгтэй. 2003 оноос барилгын ослын талаарх асуудал байнга яригдаж эхэлсэн. Гэтэл өдийг хүртэл хөдөлмөр хамгаалал мөрдөгдөхгүй л байна шүү дээ.

Барилгаас юм унаж хүний амь нас хохирлоо гэхэд ар гэрийнхэн болон хууль шүүхийн байгууллагад их хэмжээний мөнгө амлаад ор тас мартуулдаг байдал бий болж. Энэ буруу жишгийг өөрчлөх хэрэгтэй. Ингэхийн тулд хууль, дүрэм журмыг хаа, хаанаа чанд сахидаг байх нь чухал. Хуулийн гаж тогтолцоо энэ явдлыг өөхшүүлж байна гэхэд хэлсдэхгүй. Мөнгөөр бүх зүйлийг шийдэж хариуцлагаас мултардагаа больчих л доо. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаан дээр ахиц гаргах шаардлагатай байна. Энэ удаад “Глобал хурд” компанийн удирдлагууд олон нийтээс уучлалт гуйх ёстой байсан. Өөр хэдэн ч хүн бэртэж болохоор байлаа. Эрсдэлээ тооцолгүйгээр тээглүүр хийж тавьсан чулуу унасан юм байна лээ. Тэр үеэр мөн том хар хавтан унасан. Гэхдээ тэр хавтанг аваад хашаа руугаа оруулчихсан. Би зоригтойдоо ингэж дуугараад байгаа юм биш. Хэн нэгэн дахиад эрсдэлд өртөх вий гэхээс урьдчилан сэргийлээсэй гэсэн зорилгоор ингэж байна. Цагдаагийн байгууллагаас ч над руу холбогдоогүй. Уг нь мэдүүлэг авах ёстой шүү дээ.

-Танд тус барилгын эзэн нь хэн болох талаар мэдээлэл байна уу?

-УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн барилга гэж сонссон. Оффис үйлчилгээний зориулалтаар баригдаж байгаа гэсэн байх.

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

Шуурхай мэдээ: 100 айлын орчим хүн буудуулсан хэрэг гарчээ

Өмнөх нийтлэл

“Улайдаггүй” Б.Ундармаа

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм