нийгэм

Аз жаргалтай Улаанбаатар амиа хорлолтоор тэргүүлдэг

0

Манай улс Ази, Номхон далайн орнуудаас сэтгэл гутралаар долдугаарт, архинд донтох, сэтгэл түгших, архаг ядаргаа зэрэг эмгэгээрээ гуравдугаарт эрэмбэлэгджээ. Өнөөгийн байдлаар дэлхийн дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн ямар нэг эмгэгт нэрвэгдэж байгаа гэсэн судалгаа гарсан байна. Түүнчлэн хөдөлмөрийн чадвар алдахад хүргэдэг 10 өвчний 5 нь сэтгэцийн эмгэг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судалгааны тайланд дурдсанаар 2010 онд бүртгэгдсэн нийт өвчлөлийн 15 хувийг сэтгэц, зан үйлийн эмгэг эзэлж байсан бол 2020 онд 20 хувь болж нэмэгдэх магадлалтай гэжээ. Монгол Улсын хувьд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 10 мянган хүн амд 77.4 байсан бол 2016 онд 109.5 болж нэмэгджээ. Өөрөөр хэлбэл 16 жилийн дотор 30 гаруй хувиар нэмэгдсэн гэсэн үг. Монголчууд бидний сэтгэцийн эмгэгийн тархалт дэлхийн дунжаас хэд дахин хурдтай яваа ажээ.

Насны бүтцийн хувьд авч үзвэл 30-54 насны хүн амд хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байна.

Аз жаргалтай Улаанбаатар амиа хорлолтоор тэргүүлдэг

2016 оны статистик тайлан мэдээгээр улсын хэмжээнд амбулаторт нийт 28326 өвчлөл бүртгэгдсэнээс тэргүүлэх 5 сэтгэц ба зан үйлийн эмгэг өвчлөлийг авч үзвэл:

-Оюуны хомсдол -9696(34.2%)

-Сэтгэцэд нөлөөт эм,бодисын шалтгаант сэтгэцийн эмгэг -6009-21.2%

-Сэтгэцийн органик ба шинж тэмдгийн эмгэг -4783-16.9%

-Шизофрени, шизофрений хэв шинжит ба дэмийрэх эмгэг -3012- 10.6%

-Стресстэй холбоотой неврозын болон биеийн хэлбэрийн эмгэг -2988-10.5%

Харин хэвтэн эмчлүүлэгчдийн тухайд СЭМҮТ-ийн 2016 оны стационарын статистик үзүүлэлтээр сэтгэц ба зан үйлийн эмгэгийн тэргүүлэх 5 өвчлөлийг авч үзвэл:

-Шизофрени, шизофрений хэв шинжит ба дэмийрэх эмгэг -1438

-Стресстэй холбоотой неврозын болон биеийн хэлбэрийн эмгэг -1426

-Сэтгэцийн органик ба шинж тэмдгийн эмгэг -1400

-Сэтгэц нөлөөт эм,бодисын шалтгаант сэтгэцийн эмгэг -1303

-Сэтгэл санааны (цочирдлын) эмгэг – 256

Аз жаргалтай Улаанбаатар амиа хорлолтоор тэргүүлдэг

Архи, сэтгэл гутрал, түгшүүр

2013 онд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр хөдөө орон нутгийн 11 аймаг, нийслэлийн 5 дүүрэгт нийт 15000 гаруй хүнийг хамруулсан “Хүн амын дунд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгийн тархалт” сэдэвт судалгааг хийжээ. Уг судалгааны үр дүнгээс авч үзэхэд манай улсад арван жилийн дотор архинд донтох эмгэг 25 дахин, сэтгэл түгших эмгэг 8 дахин, сэтгэл гутрах эмгэг 7 дахин өсч, судалгаанд хамрагдсан нийт хүн амын 65 хувьд нь сэтгэцийн тулгамдсан асуудал байгаа нь илэрчээ. Тухайлбал сэтгэл түгшилт 18.5 хувь, нойргүйдэл 17.1 хувь, архаг ядаргаа 16.2 хувь, сэтгэл гутрал 6.6 хувь, архинд донтох эмгэг 6.2 хувьтай байгаа аж. Энэ бол сэтгэцийн эмгэгийн өвчлөл манайд эрчтэй явагдаж байгааг харуулж буй статистик.

10 сурагч тутмын нэг нь амиа хорлох оролдлого хийдэг

Манай улсад жил бүр 460-475 хүн амиа етгүүтгэдэг гэсэн статистик тоо байдаг. Энэхүү тоо болон ДЭМБ-ын статистик датагаар Монгол Улсын хувьд амиа хорлох тохиолдол 100 мянган хүн амд 28.1 хувьд хүрч уг үзүүлэлтээрээ дэлхийд гуравдугаарт эрэмбэлэгджээ. Амиа егүүтгэж байгаа хүмүүсийн дундаж нас 18-29 буюу ид хийж бүтээх залуу насныхан байгаа нь харамсалтай.

Тухайлбал Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2013 онд явуулсан “ЕБС-ийн сурагчдын эрүүл мэндийн зан үйл” сэдэвт судалгаанд дөрвөн сурагч бүрийн нэг нь амиа хорлох талаар боддог, долоон сурагч бүрийн нэг нь амиа хорлохоор төлөвлөж, 10 сурагч бүрийн нэг нь нэгээс дээш удаа амиа хорлох оролдлого хийсэн, сурагчдын олонх нь сэтгэл зүйн ямар нэгэн асуудалтай тулгардаг ч гурван сурагчийн нэг нь уур, сэтгэл бухимдлаа хэрхэн удирдах талаар хичээл ярианд оролцсон гэсэн үр дүн гарчээ. Үүнээс харахад хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд санаа зовоож буй асуудал болоод байгаа ажээ. Амиа егүүтгэж буй өсвөр насныхны энэ үйлдлийн учир шалтгааныг аваад үзэхэд 90 хувь нь сэтгэл хөөрөл буюу сэтгэц, зан үйлийн асуудлын түр хямралаас улмаас ийм алхам хийсэн байдаг байна.

Мөн амиа хорлолтын шалтгаан нөхцөлийн талаар УЕПГ-аас 2018 онд анх удаа томоохон хэмжээний судалгааг хийсэн бөгөөд судалгааны явцад өсвөр үеийнхэн амиа хорлох тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа нь анхаарал татжээ. Уг судалгааны дүнгээс харахад, сүүлийн таван жилийн байдлаар буюу 2012 онд 484, 2013 онд 397, 2014 онд 441, 2015 онд 388, 2016 онд 333 хүн амиа хорлосон тохиолдолд хуулийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Улсын хэмжээнд 2012-2016 оны хооронд амиа хорлох тохиолдлын тоо буурсан бөгөөд энэ хугацаанд нийт 2055 хүн амиа хорлож, жилд дунджаар 411 амиа хорлосон тохиолдол бүртгэгджээ.

Аз жаргалтай Улаанбаатар амиа хорлолтоор тэргүүлдэг

Өсвөр насныхны дунд амиа хорлолт нэмэгдэх хандлагатай байгааг дараах хэдэн тоо баримтаар хэлж болно. 2012-2016 онд 10-25 насны 605 хүн амиа хорлосон бөгөөд нийт 2055 тохиолдлоос 29.44 хувийг эзэлж байна. Үүнээс 10-14 насны хүүхэд амиа хорлосон нийт 78 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хот хамгийн их 27 буюу 34.6 хувь, хөдөө орон нутгаас Хөвсгөл аймагт 10.2 хувь байна. 15-19 насныхан амиа хорлосон нийт 179 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 57 буюу 31.8 хувь, Хөвсгөл аймагт 17 буюу 9.5 хувь, 20-25 насны амиа хорлосон нийт 348 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод 154 буюу 44.25 хувь, Хөвсгөл аймагт 7.7 хувь нь бүртгэгдсэн байна.

Манай улсын хүн амын гурван хувь нь ямар нэг хэлбэрийн сэтгэцийн эмгэгтэй бол 38 хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай буюу сэтгэцийн эмгэгт өртөх магадлал өндөр статистик байгаа ба 2013 оны судалгаанд хамрагдсан нийт иргэдийн 65 хувь сэтгэцийн ямар нэг тулгамдсан асуудалтай гэсэн дүн гарсан байна. 30-54 насны хүн амд сэтгэцийн эмгэг өвчлөлийн төвшин хамгийн өндөр үзүүлэлттэй байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд хүүхэд, өсвөр насныхны өвчлөл ихсэх хандлагатай байна.

Нийслэлийн Боловсролын газар БСШУСЯ хамтран ерөнхий боловсролын сургуулиудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвүүдийг нээж, үйл ажиллагааг тогтмолжуулах, сэтгэл зүйчийг ажиллуулах ажлуудыг шат дараатай хүртээмжтэй зохион байгуулах төрийн болон төрийн бус байгууллагуудын хүрээнд албан хаагчдын ажлын байрны дарамт шахалт, стресс, ачаалал, айдас зэргээс үүдэлтэй сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор 50-иас дээш албан хаагчидтай төрийн байгууллагуудад сэтгэл зүйчийг орон тоогоор ажиллуулах, албан хаагчдын дунд сургалт зохион байгуулах, соёлын болон спорт арга хэмжээг тогтмол зохион байгуулах , удирдлагуудтай хамтарч ажиллах  шаардлагатай гэсэн зөвлөмжийг мэргэжлийн байгууллагаас гаргажээ.

eagle.mn

13 давхраас унасан гэх охины хэрэгт томоохон компанийн эзний хүү нэр холбогджээ

Өмнөх нийтлэл

“Талх чихэр” ХК “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөрийг зарлаж байна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм