Өнөөдрөөс эхлэн сурагчдын дунд янз бүрийн уралдаан олимпиад зохион байгуулахыг хориглосон талаар Боловсролын яамны сайд нв албан ёсоор мэдэгдлээ.
Дэлхийн аль ч өндөр хөгжилтэй орон бага ангийн сурагчдыг уралдуулдаг жишиг байхгүй. Цэцэрлэгийн сурагчдын дунд багаар өрсөлдөх тэмцээн явуулж болно. Өмчийн хэлбэрээс үл хамааран бүх ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдыг яамнаас зохион байгуулаагүй тэмцээн, олимпиадад оролцуулахгүй. Маш олон төрлийн тэмцээн олимпиад зохион байгуулж байгаа нь сурагчид болон багшийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж байна. Төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулж, сурагчдаас бүртгэлийн хураамж авахыг хориглож байгаа хэмээн мэдэгдсэн юм.
Энэ бол цагаа олсон шийдвэр гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Сүүлийн үед борооны дараах мөөг шиг л олон янзын олимпиад болж, үүндээ сурагчдын олноор хамруулан элдэв татаас, шалгалтын хураамж авдаг болсон. Эцэг эхчүүд ч хүүхдээ хүүхэд гэдгээр нь бус шагналын төлөөх хүүхэд болгох сөрөг зүйл ажиглагдах болоод байсан.
Энгийн жишээ дурьдахад, Нийслэлийн сургуулиудын дунд явуулдаг нэгэн олимпиадын дүнг анги тус бүрээр нь гаргаж, монголын математикийн олимпиад нэртэй фэйсбүүк хуудасны группт мэдээлжээ. Оролцогч хүүхдүүдийн тоог анги бүрээр нь шүүж, нэгтгэвэл 112 дугаар ангийн нийт 2043 хүүхэд хамрагдсан байв.
Мандатын 5000 төгрөгөө өгсөн л бол хүүхдийн сурлагын үзүүлэлтээс үл хамааран олимпиадад оролцох эрх нь нээгддэг. Мандатын хураамжийг оролцсон хүүхдийн тоогоор үржүүлж харвал 10 сая 215 мянган төгрөг болж байна. Нэг хүүхдийн 5000 төгрөг гэдэг их биш ч, нийлүүлээд харвал аргагүй анхаарал татсан дүн юм. Энэ мөнгө юунд зарцуулагддаг вэ? Биднийг бага байхад олимпиадад тухайн хичээлдээ хамгийн шилдэг нэг сурагч л ангиа төлөөлдөг байж билээ.
Бас мандатын хураамж гэж зүйл байсангүй. Тиймдээ ч олимпиадад оролцоно гэдэг асар их өрсөлдөөн, нэр хүнд бас хариуцлага дагадаг байсныг санаж байна. Тэгвэл сүүлийн үеийн олимпиад яагаад хүссэн хүүхэд бүрт нээлттэй, бас хураамжтай болов. Энэ нь л олимпиадын нэр хүндийг унагааж, мөн чанарыг алдагдуулж байгаа юм биш үү. Тодруулбал, хэт мөнгөний хойноос хөөцөлдсөн хэлбэр төдий зүйл болоо юудаа гэж дүгнэмээр. Зөвхөн нэг удаагийн олимпиад зохион байгуулаад 10 гаруй сая төгрөгийг хураамжийн мөнгөнөөс олж байна. Харин энэ мөнгөөр олимпиадад түрүүлсэн хүүхдүүдийг урамшуулж байна уу гэвэл үгүй. Мөн зохион байгуулалтын зардалд зориулж байна уу гэвэл бас тийм биш.
Тус олимпиадын удирдамжаас харвал анги бүрийн 1-3 дугаар байрт шалгарсан зургаан сурагчийг шагнана гэжээ. Тодруулбал, нэгдүгээр байрт шалгарсан нэг сурагчийг, удаах байранд орсон хоёр сурагчийг, гуравдугаар байр эзэлсэн гурван сурагчийг гээд нийт 12 ангийн 72 сурагчид шагнал гардуулах аж. Гэхдээ үүнд мөнгөн шагнал гэж байсангүй, зөвхөн өргөмжлөл, медаль өгч байлаа. Өгч байгаа диплом, медалийг агуулгаар нь харвал юу юм гэхээс үнэ хүрээд байх зүйл ч биш байв.
Олимпиадад хүүхдээ оруулсан нэгэн ээж “Манай хүүхэд өнгөрсөн жил бас энэ олимпиадад оролцон, нэгдүгээр зэргийн диплом авч байсан. Диплом нь А4-ийн цаасыг голоор нь хувааж, өнгөтөөр хэвлээд, сканнердаж, нэр усыг нь бичсэн цаас л байсан. Медалийг нь харахад “Нарантуул” зах дээр 1500 төгрөгөөр бөөнддөг медаль байна билээ” хэмээн голонгуй хэлсэн юм.
Энэ мэтээр сүүлийн жилүүдэд хэтэрхий арилжааны системд орсон олимпиадууд энэ шийдвэрээр дарагдан жинхэнэ сурагчийг хөгжүүлэх уралдаан л хэрэгтэй. Дахин сануулахад арилжааны чанартай олимпиадын эсрэг гаргасан шийдвэрээ улам чангаруулж, хий хоосон шийдвэр битгий байлгаасай.
dorgio.mn
Сэтгэгдэлүүд