Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч Сергей Диордица нар Япон улсын Токио хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын “Нянгийн тэсвэржилт-Нэг эрүүл мэнд” олон улсын бага хуралд оролцох үеэр ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такеши Касай-тай уулзлаа.
Уулзалтын эхэнд Сайд Д.Сарангэрэл ДрТакеши Касай-д ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлаар томилогдсонд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Үүний дараагаар Монгол улсын Засгийн газар ДЭМБ-ын бодлого, хөтөлбөрүүдийг тууштай дэмжин, өөрийн улсын онцлогт тохируулсан үндэсний олон хөтөлбөрийг боловсруулан, амжилттай хэрэгжүүлж ирснийг дурьдаад Монгол Улсын Засгийн газар-ДЭМБ-ын 2017-2021 оны Хамтын ажиллагааны стратегийн тэргүүлэх 3 чиглэл болох Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй байлгах эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, Нийгмийн эрүүл мэндийн хөтөлбөрүүдийг цогцоор нь хэрэгжүүлж, хүн төвтэй байх зарчмыг баримтлах, Эрүүл мэндийн асуудлыг төрийн бүх бодлогод тусгах замаар Монгол Улсын хүн амын эрүүл мэнд, сайн сайхан байдлыг баталгаажуулах асуудлуудыг удирдамж болгон, түүний хүрээнд үйл ажиллагаанууд хэрэгжиж байгааг мэдэгдлээ.
Түүнчлэн ДЭМБ-ын тасралтгүй дэмжлэг туслалцаа, нягт хамтын ажиллагааны үр дүнд Монгол Улсад нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмж эрс нэмэгдэж байгааг тэмдэглэн хэлж, нийгмийн эрүүл мэндийн асуудлыг бодлогын түвшинд, салбар бүрийн шийдвэр гаргах түвшний төлөөллүүдтэй хамтран ажиллах замаар эрүүл мэндийн салбарынхаа бодлогыг бүх салбарт тусгах чиглэлээр ажиллаж байгаагаа мэдэгдэв.
Үүний дараагаар Др. Такеши Касай Монгол Улсад хийж хэрэгжүүлж буй ажлуудыг сайшааж, ялангуяа Монгол Улсын Засгийн газраас батлан улс орон даяар хэрэгжүүлж байгаа “Элэг бүтэн Монгол” Үндэсний хөтөлбөр нь дэлхий нийтэд шилдэг туршлага болж байгааг хэллээ.
Уулзалтын явцад талууд дээрх болон бусад чиглэлүүдээр дэлгэрэнгүй харилцан ярилцаж, ДЭМБ-ын НДББ-ийн захирал Др.Такеши Касай 2019 оны 6 дугаар сард Монгол Улсад хийх айлчлалын үеэр хамтран хэрэгжүүлж буй үйл, ажиллагаа, арга хэмжээг газар дээр нь үзэж танилцах боломж олдоно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Сэтгэгдэлүүд