нийгэм

Улаанбаатар хотын хөрснөөс дээж аван судлахад 88 хувьд нь нянгийн бохирдолтой…

0

Нийслэлийн хөрсний бохирдол агаарын бохирдлоосоо ч илүү аюулын харанга дэлдэж байна. Яагаад гэвэл хөрсний бохирдол хор хөнөөлөөрөө агаарын бохирдлоос илүү. Бохирдуулагч эх үүсвэр нь тодорхой тул тэдгээрийн сөрөг нөлөөллийг багасгачих юм бол агаарын бохирдол ор мөргүй алга болох боломжтой. Наад зах нь салхитай, жавартай өдөр л гэхэд Улаанбаатар ямар ч утаагүй болчихдог. Харин хөрсний бохирдол тийм биш. Нэг бохирдсон бол утаа шиг арилчихгүй. Харин ч улам гүн рүүгээ нэвчиж тархан, ундны усанд хүртэл нөлөөлөх эрсдэлтэй. Тиймээс нийслэлийн хэмжээнд хөрсний бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 дахин их байгаа ажээ.  Хот суурин газрын хөрсийг бохирдуулагч гол эх үүсвэр нь агаарт цацагдсан хорт бодис, утаа тортог, нарийн ширхэгтэй үнс, шороон тоосонцор, хог хаягдал, бохир шингэн зүйлс байдаг. Хөрсний бохирдлын нэг аюултай тал нь бохирдсон хөрс эргээд агаарын бохирдлыг бий болгодог явдал юм.

Утаа шиг арилдаггүй хөрсний бохирдол

Зургаан жилийн өмнө хийсэн судалгаагаар Улаанбаатар хотын хөрсний бохирдол 80 хувьд хүрснийг тогтоож байв.Хамгийн их буюу зөвшөөрөгдсөн хэмжээнээс 10-16 дахин бохирдолтой бүсүүд Дулааны III, IV цахилгаан станцын орчим, Шархад, Зуун айл, Дэнжийн мянга, Хайлаастын орчим байсан бол Үйлдвэр комбинат, Нисэх, Яармаг, Төв цэвэрлэх байгууламжийн орчим химийн хорт бодисонд ихээр өртсөн нь тогтоогдож байжээ. Эдгээр бүсэд вольфром, мөнгөний агууламж өндөр хувьтай, өөрөөр хэлбэл хөрс нь хүнд металлын бохирдол их байгаа аж. Харин Хайлаастын орчим циркон, хар, цагаан тугалга, вольфром, Баянхошууны хойд хэсэг болон Зурагтын ойролцоо мөн дээрх бодисуудын агууламж өндөр байгаа юм. Нийслэлийн хөрсөн дэх хар тугалгын агууламж нийт 43.7 мг гэсэн тооцоо бий. Энэ нь байгалийнхаас хоёр дахин, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 4-6 дахин их гэсэн үг.

Өөр нэгэн судалгаагаар Улаанбаатар хотын хөрсний ерөнхий бохирдолтын төвшин Улаанчулуут, Дарь-Эхийн хогийн цэг, Хотын цэвэрлэх байгууламж, “Нарантуул” зах, Шархадны автомашины зах, III-IV цахилгаан станц, Дэнжийн мянга, Хайлаастын ам, Шарга морьтын зуслангийн адаг, 100 айл орчим зэрэг газруудад онцгой их буюу хотын дундаж агууламжаас 10-16 дахин их буюу “хэт их бохирдолттой” зэрэглэлд багтаж байжээ. Зөвхөн хотын захын хөрсний бохирдол хэрээс хэтэрсэн гэж үзэж болохгүй. Учир нь хотын төв хэсгийн газар бүхэлдээ хотын дундаж дэвсгэр агууламжаас 3-8 дахин (Zc = 3.0-8.0) их буюу “бохирдолттой” гэсэн зэрэглэлд багтаж байгаа аж.

Тээврийн хэрэгслийн утаанаас үүдэлтэй бохирдол үүсгэгч нь нийслэл хотын хэмжээнд 43,7 микрограмм байдаг бөгөөд Судалт төв, Да хүрээ зах, Улаанчулуут, Цагаандавааны хогийн цэг орчим зарим газраар 3-4 дахин их байгаа юм. Улаанбаатар хотын хөрсөн бүрхэвч маш хүчтэй элэгдэл эвдрэлд орсон, ургамал бүрхэвч талхлагдсан, хог хаягдал их хэмжээгээр хуримтлагдсан зэрэг нь бохирдлын гол шалтгаан. Мөн Улаанбаатар хотод хөнгөн болон цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл төвлөрсөн, бага оврын уурын зуух ба ердийн галлагаат зуух, автомашины тоо эрс нэмэгдэж байгаа зэрэг нь хотын хөрсний бохирдлын голлох эх үүсвэр болж байгаа ажээ.

Утаа шиг арилдаггүй хөрсний бохирдол

Нийслэлийн хөрсний бохирдолд хамгийн ихээр нөлөөлж буй өөр нэг хүчин зүйл нь нүхэн жорлон болон хог хаягдал. Гэр хороололд 800 мянга гаруй оршин суугч амьдарч байгаагийн 95 хувь нь нүхэн жорлон ашигладаг. Энэ нь хөрсний бохирдлын нэг гол эх үүсвэр болоод зогсохгүй газрын гүний усыг бохирдуулах хэмжээнд хүрээд байгаа ажээ.

Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар нийслэлд нийт 190 мянган нүхэн жорлон байгаа аж. Улаанбаатар хотын хөрсөнд хамгийн их бохирдол илрэх дундаж гүн нь 2.8 метр байгаа нь нүхэн жорлонгийн дундаж гүнтэй ойролцоо байжээ. Нүхэн жорлон хөрсний бохирдол үүсгээд зогсохгүй гүний усыг эмгэг төрөгч бичил биетээр бохирдуулж байгаа нь судалгаагаар нотлогджээ. Газрын гадаргад ойрхон буюу 1.5 метр гүн худгийн усанд шинжилгээ хийхэд нянгийн бохирдол их байгаа бол 47 метр гүн худгийн усыг шинжлэхэд нян бага зэрэг илэрчээ.

Ил задгай жорлонгийн хаягдлаас ялгардаг шивтрийн хий нь хорт хийний төрөлд хамаарагддаг бөгөөд хорын зэрэглэлээрээ дөрөвдүгээр зэрэглэлд багтдаг юм байна. Шивтрийн хий ихэссэнээр хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээс гадна эхийн урагт нөлөөлж, гажиг согогтой хүүхэд төрөх, цаашлаад үргүйдүүлэх хор уршигтай.

2018 онд Нийслэлийн байгаль орчны газрынхан Улаанбаатар хотын хөрснөөс дээж аван судлахад 88 хувьд нь нянгийн бохирдолтой, хөрс маш их хэмжээгээр бохирдсон нь тогтоогдсон байна. Мөн өнгөрсөн онд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрынхан Улаанбаатар хотын 74 цэгээс дээж аван хар тугалга, мөнгөн ус, цацрагийн бохирдлыг судлахад нийт нутаг дэвсгэрийн 50 гаруй хувь нь их, дунд зэргийн бохирдолтой байжээ. Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд хоёрдугаарт бичигдсэн бол удахгүй хөрсний бохирдлоороо мөн ийм таагүй рекорд тогтооход ойрхон болоод байна.   

2018 оны нян судлалын үзүүлэлтээр дараах газрууд “Их бохирдолтой” гэж үнэлэгджээ.

Баянгол дүүргийн IX хороо, гэр хороолол

Гэмтлийн эмнэлэг орчим

Сонсголон орчим

Нарантуул зах орчим

Амгалан

Хужирбулан

Шархадны эцэс

Дарь Эх

Офицеруудын ордны тойрог

114-р сургуулийн орчим

“Харгиа” цэвэрлэх байгууламж

Толгойтын хуучин эцэс

Төв цэвэрлэх байгууламж

Сонгинохайрхан дүүргийн 32-р хороо, Бааст гол

Дэнжийн 1,000 зах орчим

Дамбадаржаа

7 буудал үйлчилгээний төв

32-ын тойрог

Баянбүрдийн тойрог

“Зурагт” гэр хороолол

“Хүчит шонхор” зах орчим

“Бөмбөгөр” худалдааны төв орчим

Эх сурвалж: Eagle.mn

Улаанбаатарт үүлшинэ цас орохгүй

Өмнөх нийтлэл

Ч.Даваанямын орооцолдсон оффшор хэмээх “олс”-ны үзүүр С.Баяр руу хөтлөв үү?

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм