нийгэмОнцлох

Д.Түмэндэмбэрэл: Өнөөдрөөс худалдаанд гарах гахайн махан бүтээгдэхүүнд иргэд эргэлзэх шаардлагагүй

0

Манай улсад Гахайн Африкийн мялзан өвчин гарсантай холбогдуулан мах, махан бүтээгдэхүүн, хиам үйлдвэрлэдэг 10 аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнээс дээж авч лабораторийн шинжилгээ хийсэн. Тус шинжилгээний хариуны талаар болон цаг үеийн асуудлаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэлээс өчигдөр үдээс хойш /2019 оны 1 дүгээр сарын 20/ тодруулга авсан юм. Тэрбээр маргаашаас /өнөөдөр/ эхлэн эцсийн бүтээгдэхүүн болж үйлдвэрээс гарч буй мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ санаа зоволтгүй хэрэглэж болно гэдгийг онцоллоо.

-Гахайн Африкийн мялзан өвчин гарсантай холбогдуулан гахайн аж ахуй, гахайн махан бүтээгдэхүүн импортлогч 10 аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоож шинжилгээ хийсэн. Энэхүү шинжилгээний хариу гарсан уу?

-Африкийн мялзан өвчин энэ оны нэгдүгээр сарын 04-нд анх гарсан мэдээ ирээд 10-ны өдрөөс хойш оношлогдоод мэргэжлийн байгууллагууд арга хэмжээ авч ажиллаж байна. Улаанбаатар хотод энэхүү өвчлөл голлож гарсан. Монгол улсын хэмжээнд гахайн мах, махан бүтээгдэхүүн тарсан. Баян-Өлгий аймгаас бусад аймгууд нь гахайн аж ахуйтай байгаа. Улсын хэмжээнд 31 мянга 800 толгой гахай бий. Нийслэл хотыг тойроод 7 мянга гаруй гахайн аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байна гэсэн цэгүүдтэй.

Монгол улсын Засгийн газрын онцгой комисс хоёр удаа хуралдсан. Уг хуралд Мал эмнэлгийн ерөнхий газрын даргын хувиар мэдээлэл өгч, тодорхой шийдвэрүүдийг гаргасан. Уг өвчинтэй тэмцэх аргыг Хүнс хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн Ерөнхий газар бусад холбогдох байгууллагуудад үүрэг болгосны дагуу Хүнс, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ ажлыг Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга миний бие ахлан ажиллаж байгаа.

Өнгөрсөн баасан гаригт ажлын хэсгийг өргөтгөсөн байдлаар хуралдууллаа. МХЕГ, ОБЕГ, НЗДТГ, Тагнуул, хуулийн байгууллагуудтай хамтарсан дүгнэлт хийж, тодорхой шийдвэрийг гаргасан. Энэ хурлын шийдвэрээр энэ сарын 20-ны байдлаар лабораторид дээж авсан бүтээгдэхүүнүүдээ эцсийн байдлаар дүгнэж цаашдаа худалдаанд гаргах, эс гаргах асуудлыг шийдвэрлэж байна.

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 140 цэгээс нийт 3389 кг гахайн Африкийн мялзан өвчин үүсгэгч илэрсэн бүтээгдэхүүнийг хураан авч, устгалаа. Мөн нийт 168 мянган гахайг зориудын устгалд хамруулж байна. Түүнчлэн ажлын хэсэг нийслэлийн хэмжээнд 755 цэгийг лацадсан. Өнөөдрөөс бүх үйлчилгээний цэгүүд чөлөөлөгдөнө. Тус цэгүүдийн худалдаа үйл ажиллагаа нь маргаашаас /өнөөдөр/эхлэн жигдэрч, хэвийн явагдана.

-Уг өвчнийг хүнд халдварладаг гэсэн. Тэгэхээр эцсийн бүтээгдэхүүн болж гарсан мах махан бүтээгдэхүүнийг хүнсэндээ хэрэглэж болох уу?

-Гахайн Африкийн мялзан өвчин нь хүнд халдварладаггүй өвөрмөц вирус. Тухайн гахайн аж ахуйндаа бол өндөр эрсдэлтэй. Энэ өвчнөөр өвчилсөн гахай 100 хувь үхдэг. Хүн уг өвчнөөр өвчилдөггүй. Харин өвчтэй гахайтай харьцсан хүмүүс бохир гар, бохир хувцсаараа халдвар тараах эрсдэл их. Өөрөөр хэлбэл хүн өөрөө дамжуулагч болдог. Тийм болохоор хувь хүмүүс ариун цэвэртээ маш сайн анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн гадаад, дотоодод аялах, зочлох үедээ гахайн аж ахуй, фермээр орохгүй байхыг зөвлөж байгаа.

Өөрөөр хэлбэл, гахайн махаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг бид лабораторийн шинжилгээг үндэслэн устгах арга хэмжээг хэрэгжүүлж дууссан. Тиймээс гахайн Африкийн мялзан өвчнөөр халдварласан бүтээгдэхүүн дэлгүүр болон лангуун дээр худалдагдахгүй гэдгийг онцолж хэлье. Эргэлзээтэй бүх бүтээгдэхүүнийг лацдаж, мал эмнэлгийн төвлабораторид шинжлээд эрсдэлтэй гэдгийг нь бүгдийг ялгаж дууссан. Өнөөдрөөс эхэлж бүгд хэвийн үйл ажиллагаатай ажиллана.

-Тэгвэл иргэд эцсийн бүтээгдэхүүн болж үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг хэрэглэж болох нь гэж ойлголоо. Тухайлбал, Хүнсний ууган үйлдвэр, хэрэглэгч олонтой гэгддэг “Мах импэкс ХК”-ийн бүтээгдэхүүнээс дээж авсан уу. Шинжилгээний хариу нь ямар гарсан бэ?

-Мах импэкс компанийн бүтээгдэхүүнээс дээж авсан. Гахайн Африкийн мялзан өвчний вирус бол илрээгүй. Шинжилгээний хариу нь сөрөг буюу эрүүл гэж гарсан байна.

Энэ сарын 19-ны байдлаар лабораторийн шинжилгээний дүнгээ албан ёсоор компаниудад танилцуулаад НОБЕГ-т хүргүүлсэн. Шинжилгээний дүнгээ үндэслэж үйл ажиллагаа явуулж байгаа.

-Манай улсын гахайн мах импортлогч компаниуд аль улсаас ихэвчлэн оруулж ирдэг вэ?

-Манай улсын хувьд аж ахуйн нэгжүүд гахайн мах, махан бүтээгдэхүүн, хуйх зэргийг ихэвчлэн Зүүн Европын орнууд болох Герман, Польш, Украинаас экспортолдог. Мөн ОХУ, цөөн хэсэг нь БНХАУ-аас оруулж ирдэг байгаа.

-Нийслэлийн мал эмнэлгийн газарт бямба гаригийн үдэд очиход ажлын хэсэг хуралдаж байсан. Уг хурал дээр 10 аж ахуйн нэгжийн дээжид шинжилгээ хийхэд 6 байгууллагад нь гахайн мялзан өвчин илэрсэн гэж дуулсан юм. Энэ талаар?

-Мал эмнэлгийн төв лабораториос хариу ирүүлдэг. Үүнийг бол ажлын хэсгийн хуралдаан дээр тодорхой танилцуулсан. Хамгийн гол нь жижиг үйлдвэрлэгчид, худалдаачид бий. Лабораторийн шинжилгээг үндэслэхээс гадна аль бөөний цэгээс худалдаж авсан бэ гэдгийг мөрдөн мөшгөх тогтолцоогоор аль бөөний цэгээс худалдаж авсан гэдгийг тодорхой болгож байна. Хэрвээ эрүүл бүтээгдэхүүн импортолж байгаа аж ахуйн нэгжээс худалдаж авсан бол үүнийгээ л тодорхойлж чадаж байвал ямар ч асуудалгүй.

-Иргэд худалдан авалт хийхдээ шинжилгээний бичгийг нягтлан үзэж, шалгалтаар эрсдэлгүй гарсан байвал хүнсэндээ хэрэглэж болно гэсэн үг үү?

-Тийм. Хэрвээ эрсдэлтэй гэж эргэлзэж байвал гарал үүслийн бичгийг нь үзэх хэрэгтэй.

-Шинжилгээний хариу худалдааны цэгүүдэд байдаг уу?

-Байгаа. Одоо худалдаанд гарах бүтээгдэхүүнд иргэд эргэлзэх шаардлагагүй. Гэхдээ гар дээрээс ариун цэврийн шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй байгаа.

-Ганзагын наймаачдын оруулж ирж байгаа бүтээгдэхүүнд хяналт хэр тавигддаг вэ?

-Гахайн Африкийн мялзан өвчний тархалтыг импортын бүтээгдэхүүнээс шалтгааллаа гэж үзэж байгаа. Тэр тусмаа хил боомтоор 69 машиндаа жижиг хэмжээгээр гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүнийг нууж оруулж ирдэг. Энэ байдлаас уг өвчний тархалт ихэссэн.

-Тэгвэл БНХАУ-с энэ өвчний вирусийг орж ирсэн гэж хэлж болох уу?

-Би шууд тэгж тодорхой хэлж чадахгүй.

-Хөвсгөлийн Мөрөнд мялзан гарсан гэсэн. Гахайдаа хэрхэн халдварлаж байна?

-Хоолны үлдэгдэл, тэжээлээрээ дамжина. Мөн хогийн цэгүүдээс халдвар авч байна. Хамгаалалтгүй энэ тэнд явж байдаг гахай өвчтэй гарсан. Хөвсгөл аймагт гарсан гахайн мялзан одоогоор лабораторийн шинжилгээгээр баталгаажаагүй байна. Тэнд бол гахай үхсэн, устгалын ажиллагаа хийгдэж байгаа. Гэхдээ урьдчилан сэргийлэх, лавлагаа баталгаажуулалт бол хийгдсэн хэвээр байна.

-Устгалыг хэрхэн хийж байгаа вэ. Хөрсөнд болон агаарт хор нөлөө бий юу?

-Гахайн Африкийн мялзан өвчин нь агаар дуслын замаар халдварлахгүй. Зөвхөн хавьтлаар халдварлана. Устгалыг хоёр аргаар хийдэг. Нэг нь шатаах нөгөөх нь булаж устгаж байна. Булаж устгахдаа хөрсөнд ариутгалын бодис хийдэг учраас хор нөлөөгүй.

Ярилцсан:Х.Даваа

Н.Алтанхуяг нам байгуулах гэж буй мэтээр АН-ын удирдлагад шахалт үзүүлж байгаа юу?

Өмнөх нийтлэл

Үдийн цай хөтөлбөр үдийн хоол болгоход жилд 300 тэрбум төгрөг зарцуулна

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм