Улаанбаатар хотын Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх төслийн удирдагч ТАБАТА ТОРҮТЭЙ ярилцлаа.
-Төслийн хүрээнд сайжруулсан түлш үйлдвэрлэж, гэр хороололын айл өрхөд нийлүүлнэ гэж ойлгосон. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Төслийн гуравдугаар үе шатыг өнгөрсөн арваннэгдүгээр сард эхлүүлсэн. 2023 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилнэ. Харин нэг, хоёрдугаар үе шатыг 2010-2013, 2013-2017 оны хооронд хэрэгжүүлсэн. Энэ хугацаанд суурин эх үүсвэрийн хаягдал утаанд хяналт хийх чадавхийг бэхжүүлэхээс гадна тоног төхөөрөмж болон мэргэжилтнүүд бэлтгэсэн. Энэ мэт маш олон ажлыг хийж зохих үр дүнд хүрсэн. Төслийн хүрээнд бид орчны агаарын бохирдлын хэмжилтийн чадавхийг бэхжүүлэх тал дээр суурин харуулуудын засвар үйлчилгээг сайжруулах, таталтын загварчлалыг нэн түрүүнд боловсруулах, томоохон эх үүсвэрийн хяналт шалгалтын тогтолцоог бэхжүүлэх зэрэг олон ажилд анхаарал хандуулдаг.
-Гуравдугаар шатанд хийж хэрэгжүүлэх ажлуудаас олон нийт сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэхийг ихээхэн сонирхож байна. Яг хэзээнээс үйлдвэрлэж, ямар байдлаар гэр хорооллын айл өрхөд нийлүүлэх юм бэ?
-Хяналт шинжилгээ болон орчны агаарын бохирдлыг төслийн нэг, хоёрдугаар шатанд судалж, шинэчилсэн. Харин гуравдугаар шатанд бодит үйл ажиллагааны хэрэгжилтэд анхаарч ажиллана. Тодруулбал, сайжруулсан түлш болон авто тээвэртэй холбоотой загвар төслүүдийг хэрэгжүүлэх юм. Сайжруулсан түлшний загвар төслийг 2020, 2021 оны нэгдүгээр сар гэсэн хоёр удаа хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна. Ажлын хуваарийн хувьд ирэх оны эхний хагас жилд төслөө хэрэгжүүлэх байршлаа тодорхойлоод бэлтгэл ажлаа хангах юм. Ингэхдээ тухайн нэг байршлыг сонгон авч тэнд агаарын бохирдол ямар байгааг шинжээчдийн хамт тодорхойлно. Үүний дараа 2020 оны нэгдүгээр сард эхний туршилтаа хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Өвлийн энэ үед сайжруулсан шахмал түлшээ айл өрхөд түгээх төлөвлөгөөтэй байна.
-Загвар төслийг хоёр удаа хэрэгжүүлэхдээ сайжруулсан шахмал түлшээ юу эсвэл сонгосон байршлаа солих юм уу. Яагаад хоёр удаа туршилт хийхээр төлөвлөсөн юм бэ?
-Сайжруулсан түлшээ хоёр янзаар үйлдвэрлэж, хэрэглүүлэхээр төлөвлөсөн. Эхний жилд жижиг ширхэгтэй шахмал түлш түлсэн тохиолдолд түүхий нүүрснээс ямар ялгаатайг тодорхойлно. Хоёрдугаарт нь, биомассын хольцтой шахмал сайжруулсан түлшийг айлуудад хэрэглүүлэхэд тухайн хэсгийн агаар ямар төвшинд байх вэ гэдгийг тодорхой болгох зорилготой. Ингэхдээ тухайн сонгосон байршлаа солихгүй.
-Улаанбаатар хотын аль хэсгийг сонгож загвар төслөө хэрэгжүүлэх вэ. Хэчнээн айлыг хамруулахаар тооцсон бэ?
-Ойролцоогоор 1000 орчим айл амьдардаг байршлыг сонгоно. Одоогоор сонгоогүй байна. Мөн гаднын агаарын бохирдлын нөлөөлөлд автахгүй. Зөвхөн 1000 айлын яндангаас гарч байгаа утаа тухайн хэсгийн агаарыг бохирдуулах газрыг сонгох юм. Ойролцоогоор нэг градус доторх газрыг сонгох төлөвлөгөөтэй байна. Гэхдээ монгол талын нийслэлийн харьяа байгууллага ч гэсэн ийм туршилт хийхээр төлөвлөж байгаа юм билээ. Тэр ажлыг энэ жилээс эхлүүлж байгаа гэсэн. Тэгэхээр Монголын талын хийж, хэрэгжүүлэх гэж байгаа ажилд бид техник, аргазүйн зөвлөгөө өгч ажиллана.
-Ирэх онд түүхий нүүрс хэрэглүүлэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Үүний оронд сайжруулсан түлш үйлдвэрлэж гэр хорооллынхонд нийлүүлэхээр болсон. Танай төслийн хүрээнд үйлдвэрлэх гэж буй түлш түүнээс юугаараа ялгаатай байх вэ?
-Монгол Улсын Засгийн газрын зүгээс шийдвэр гарган үйлдвэрлэж байгаа сайжруулсан түлшийг Тавантолгойн уурхайн угаасан нүүрсний засварын бүтээгдэхүүн буюу том ширхэгтэй миленгээр хийдэг. Бид өмнө нь Жайка олон улсын байгууллагын төслөөр бодит хэмжилтийг хийж үзсэн. Хоёр янзын миленгэтэй түлш байгаа. Туршилтаар хийж үзэхэд нарийн ширхэгтэй нунтаг хэсгийнхэн нүүрсний шаталтаас гарах утааны ялгарал харьцангуй бага байсан. Тиймээс бид хэмжилтийнхээ үр дүнд тулгуурлан нарийн ширхэгтэй завсарын бүтээгдэхүүний нүүрсийг ашигласан. Тэгэхээр бэлэн болчихсон бүтээгдэхүүнийг утаанд шаталтын туршилт хийж, агууламжийн хэмжээ хэр зөрүүтэйг нарийвчилж судална. Тодруулбал, эхний удаагийн туршилтаар нүүрсэн шахмалын нарийн ширхэгтэйг ашиглах бол хоёрдахь удаад нь биомасс давхаргад 15 хувь нь нүүрсний агууламж холилдсон түлшийг хэрэглүүлэх юм.
-Биомасс хольсон түлш ямар давуу талтай байх вэ?
-Модны үртэс болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг биомасс гэдэг. Биомассыг нүүрсэнд хольсноор ноцох чадвар нь сайжирна. Мөн агаар, орчныг бохирдуулах утааны хэмжээ бага байдаг. Үүнийг туршилтаар тогтоосон.
-Энэ төрлийн түлшийг эхний туршилтад шууд хэрэглэж болохгүй юү?
-Биомассын шахмал түлшийг үйлдвэрлэхэд нунтаглаж, бутагладаг зориулалтын төхөөрөмж шаардлагатай. Иймд төслийн хүрээнд бутлагч төхөөрөмжийг оруулж ирэх ёстой. Тухайн тоног төхөөрөмжийг оруулж ирэхэд нэг жилийн хугацаа шаардлагатай. Тиймээс хоёр дахь жилийнхээ сайжруулсан түлшний туршилт буюу 2021 оны нэгдүгээр сард хэрэглэх төлөвлөгөөтэй байна.
-Туршилтад хамруулж буй айлуудад сайжруулсан түлшийг ямар байдлаар нийлүүлэх вэ. Төлбөрийн хувьд ямар байх бол?
-Туршилтын хэмжээнд хэрэглэх нүүрсийг тухайн айл өрхөд үнэ төлбөргүй тараана. Үнэтэй тараавал хэн ч хэрэглэхгүй. Мөн сайжруулсан шахмал түлшийг хэрхэн яаж түлэх талаар заавар зөвлөгөө өгч ажиллана. Сайжруулсан түлш түүхий нүүрснээс хэр зэрэг давуу талтай, агаар орчныг бохирдуулах нөлөөлөл нь ямар байгааг тодорхой мэдэхийн тулд нэг удаа биш удаан хугацаанд хэрэглүүлнэ.
-Төслийг хэрэгжүүлснээр ямар үр дүнд хүрнэ гэж тооцсон бэ?
-Гуравдугаар шатны хүрээнд олон үр дүн гарна гэж тооцсон. Тухайлбал, сайжруулсан түлшийг үйлдвэрлэж хэсэг бүлэг айлд хэрэглүүлснээр завсарын бүтээгдэхүүнтэй хольсон бүтээгдэхүүн маань агаарыг бохирдуулахгүй нь тодорхой болбол цаашид гэр хорооллын айл өрхөд түгээх болов уу. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлэх үндсэн арга хэмжээ болох үр дүнг хүлээж байна. Агаарын бохирдлыг бууруулах өндөр үр дүнтэй гэдгийг баталгаажуулан гаргаж өгөх учраас Засгийн газар шийдвэр гаргагчид цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ болгон сонгох болов уу
-Агаар, орчныг бохирдууг буй олон хүчин зүйлийн нэг болон автомашины утаа. Төслийн хүрээнд энэ асуудалд анхаарал хандуулна гэсэн. Тухайлбал, ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ талд хэд хэдэн зүйлийг загвар байдлаар хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Тэдгээрээс нэгийг онцолбол, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтарч гэрлэн дохионы зохицуулалт буюу хөдөлгөөн зохион байгуулалтын системийг сайжруулах ажлыг хийнэ.
-Ингэснээр агаарын бохирдол тодорхой хэмжээнд буурах уу. Ямар судалгаа тооцоонд үндэслэсэн бэ?
-Тээврийн хэрэгсэл бага хурдтай, зогсонги байдалд байх үед хорт хийтэй утаа их ялгаруулдаг. Энэ утгаараа агаарын бохирдолд ихээхэн нөлөөлдөг. Тиймээс тээврийн хэрэгслийн уулзвараар нэвтрэх хурдыг нэмэгдүүлснээр агаарын бохирдолд нөлөөлөх үзүүлэлт нь багасна. Мөн бидний хэлдгээр автомашины түгжрэл тодорхой хувиар буурна.
-Өмнөх жилүүдэд хэрэгжүүлсэн нэг, хоёрдугаар шатны төслийн үр дүн ямар байсан бэ?
-Төслийн нэгдүгээр шатанд суурин эх үүсвэр буюу томоохон цахилгаан станц,100кВт-аас дээш хүчин чадалтай халаалтын зуухны хаягдал утааны хэмжилтийн технологийг бэхжүүлэх чиглэлд анхаарч ажилласан. Цахилгаан станц, халаалтын зуухнаас гарч буй утаанд хэмжилт хийх технологи манай улсад байдаггүй байсан. Тиймээс Японы аж үйлдвэрийн стандартын аргачлал, дэлхий нийтэд ашигладаг олон улсын аргачлалаар хэмжилт хийх чадавхид мэргэжилтнүүдийг бэлтгэж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь нийлүүлсэн. Ингэснээр монголчууд бие даан хэмжилт хийх бүрэн чадамжтай, хүчин чадалтай болсон нь том үр дүн юм. Бэлтгэсэн багийнхан нийслэлийн Мэргэжлийн хяналтын хянан шалгах байгууллагатай хамтран тухайн обьектуудын утааны ялгарал стандарын хэмжээнээс давсан эсэхийг хянаж, хэрэв хортой хэмжээнд хүрсэн бол шаардлага хүргүүлэх, захирамж, дүгнэлт гаргуулах тогтолцоог бүрдүүлсэн. Энэ нь өмнө жилүүдэд хэрэгжүүлсэн төслийн нэг үр дүн юм.
-Төслийг хэдий хэмжээний санхүүжилтээр хэрэгжүүлэх вэ?
-Монгол Улсын Засгийн газартай байгуулсан санамж бичгийн дагуу буцалтгүй тусламжийн хүрээнд төслийн гуравдугаар үе шатанд дөрвөн сая ам.доллар зарцуулна. Үүнийг зөвхөн сайжруулсан шахмал түлшинд зарцуулна гэж ойлгож болохгүй. Төслийн хүрээнд хэрэгжүүлэх бүх ажлын санхүүжилт юм. Тухайлбал, инженерүүдийн замын зардал, цалин хөлс, техник тоног төхөөрөмж гэх мэт.
-Агаарын бохирдолтой улс оронд төсөл хэрэгжүүлж ажиллаж байсны хувьд манай улсын агаарын бохирдол ямар төвшинд байна вэ?
-Би олон сронд энэ чиглэлээр ажиллаж байсан. Гэхдээ Улаанбаатар хот шиг маш их бохирдолтой, ноцтой, хорт агууламж өндөртэй улс орон харж байгаагүй.
-Агаарын бохирдлыг богино хугацаанд бууруулах боломж манай улсад бий юү. Монгол Улстай ижил төстэй орны хувьд агаарын бохирдлоо бууруулсан ямар туршлага байна вэ?
-Ер нь богино хугацаанд бууруулахад хүндрэлтэй. Урт хугацааны бодлого төлөвлөлт, арга хэмжээ авч байж бууруулна. Эцсийн байдлаар одоо хэрэглэж байгаа шатахуун, нүүрс зэрэг бүх түлшээ сольж байж агаарын бохирдолгүй болох боломжтой. Эдгээр хэрэглээг урт хугацаанд, шат дараатай солино гэсэн үг. Тэр хооронд агаар бохирдуулах нь бага түлш хэрэглэх нь зүйтэй. Алс хэтдээ бүх түлшээ сольж байж агаарын бохирдол бүрэн арилна. Энэ талд Засгийн газар бодлого барих ёстой.
Цаг уурын онцлогоос харахад Улаанбаатар нь Японы Хокайдо хоттой ижил төстэй. Хүн амын тоогоороо ч харьцуулж болох юм. Хокайдогийн агаарын бохирдол ноцтой үедтүүнийг шийдвэрлэхэд 15 жилийн хугацаа шаардсан. Өмнө нь олон янзын түлш хэрэглэж ирсэн ч утаа буураагүй. Тиймээс манайхаас санал болгож байгаа түлшийг туршиж үзэхэд иргэдийг идэвхтэй оролцоосой гэж хүсч байна.
С.Юмсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
Сэтгэгдэлүүд