зөвлөгөө

Амьдралыг чинь баялаг болгох 5 гоё үйлдэл

0

 

Энэ 5 дээр нэмээд ахиад 5 гоё үйлдлийг доор дурдлаа

Чанга тэвэр, эрх чөлөөтэйгээр илүү чанга инээ, эерэг үгийг аль болох олон хэл, талархлаа илэрхийл, хариу нэхэхгүй хайрла. 

Өглөө бүр өөрийгөө сайхан энергиэр цэнэглэ – Өглөө сэрээд сонссон дуу өдөржин аманд аялагддаг даа. Яг түүнтэй ижил өглөөг ямар энергиэр эхлүүлнэ, бүхэл өдөр яг тийм өнгөрөх магадлал өндөртэй байдаг. Тиймээс өглөө хэн нэгэнтэй ам муруйх, таагүй зүйл бодох, эсвэл хэт хүнд ажлаар өдрийг эхлүүлэхээс зайлсхийгээрэй. Өглөө бүр наранд залбирах, иог бясалгал хийх, маш их хайрладаг 5 зүйлээ бичих, урам зориг өгөх нийтлэл унших, эсвэл сонирхолтой влогуудыг үзэж эхлүүлж ч болно. Цаг хугацааны уртад нөхөрлөсөөр л байгаа найзуудаа, өглөө бүрийг хамт эхлүүлдэг гэр бүлийнхнээ, өхөөрдөм тэжээвэр амьтнаа, бяцхан дүү нарынхаа аз жаргал өгдөг үйлдлүүдийг бодон талархаарай. Өглөөний 10-хан минутыг гоё зүйлээр эхлүүлэхэд ажлын 8 цаг аз жаргалтай өнгөрөх ч юм билүү?

Дурсамж бүтээхэд мөнгө зарцуул – Магадгүй чиний дийлэнх орлого гэр бүлийн санхүүгээ удирдахад, тог цахилгаан болон ахуйн зүйлсэд зарцуулагддаг байж болно. Хэлний мэдлэгээ, мэргэжлийн ур чадвараа сайжруулахад зарцуулагддаг бол бүр л сайн л даа. Харин дурсамж бүтээхэд тодорхой орлогоо зарцуулахаа мартчихсан юм биш биз? Би өнгөрсөн жил цалин бүрээсээ 20%-ыг аялалд зориулж хадгалсан юм. Үүнийхээ ачаар найз залуутайгаа хамт эх орныхоо 3 аймгаар аялаж, шинэ газар үзэж, дурсамж бүтээж чадсан. Саяхан хоёр найзтайгаа хүүхдүүдийг баярлуулах зорилгоор сайн үйлсийн аянд нэгдсэн юм. Тэр ганцхан үйлдлээс бяцхан үрсийн нүднээс хайрын, талархлын, баярын оч гялалзаж байхыг хараад сэтгэл хөдөөд зогсохгүй хүүхдүүдтэй хамт нэг өдрийг тоглож, хооллож, зураг зурж, дуулж бүжиглэж өнгөрөөсөн. Энэ миний болоод найзуудын минь хувьд мартагдашгүй дурсамж болсон бөгөөд илүү их хайрыг бусдад түгээх эхлэл минь болсон.

“Мөнгөнд ямар ч утга учир байхгүй. Мөнгө бол тодорхой зорилгоо биелүүлэх хэрэгсэл төдий зүйл. Гол нь мөнгө юу бүтээж чадах вэ, юуг чадахгүй вэ гэдгийг ойлго” гэж домогт тулааны мастер Брюс Ли хэлсэн байдаг. Харин түүгээр чиний бүтээж чадах зүйлсийн нэг нь дурсамж байх болно. Тиймээс өнөөдөр хувцас эсвэл уруулын будаг авах мөнгөө, онцын шаардлагагүй хэрнээ шинэ тренд дагаад солих гэж байсан утасны төлбөрөө түр хадгалаад дурсамж бүтээх гоё зүйлсэд зарцуулаарай. Амьдралыг чинь баялаг болгоно гэдэгт итгэлтэй байна.

Шинэ нөхөрлөл бүтээхэд цаг гарга – “Ажил, ажил гэж явсаар нэг л мэдэх ажлын хамтрагчдаасаа өөр танилгүй болох нь” гэж нэгэн найз маань нэлээд дээр халаглан юм. Түүний тууштай шаргуу ажилласан нь мэдээж бахархмаар ч 2 жилийн турш бүх харилцаанаас өөрийгөө тусгаарласан нь гашуун гэмээр бодитой үнэн байлаа. Энэ байдлаа олж харсан найз минь илүү идэвхитэй байхыг өөртөө амлаж фейсбүүк дээр өөрийн сонирхдог ном уншдаг группт элсэн, номын уулзалтуудад очих болж, цаашлаад амралтын өдөр зохиогддог сургалт, амьд хөгжмийн тоглолтууд киног алгасахаа больж, өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөрүүдэд ч хамрагдах болсон. Бүр нүдэнд итгэмээргүй идэвхитэй нэгэн болсон шүү.

Хамгийн гол нь эдгээр үйлдэл нь хоббигоо хөгжүүлэх, танилын хүрээгээ тэлэх боломжийг олгосон юм. Мэдээж амьдралдаа илүү сэтгэл хангалуун болсныг дурдах нь илүүц биз. Ингээд бодохоор бид заримдаа нэг бол ажилдаа хэт улайрч, нэг бол ахуйн зүйлсэд хэт их анхаараад өөрсдийгөө бодит ертөнцийн амьд харилцаанаас тасалж орхидог юм шиг. Тиймээс бодит байдлаа эргэн нэг хараад хэрэв шаадлагатай л гэж үзвэл өөрийн хүрээллийг тэлж, хэн нэгэнтэй кофе уунгаа олон цагаар ч хамаагүй ярилцан сууж, арга хэмжээ өдөрлөгүүдэд очин шинэ хүмүүстэй танилцахаас бүү хоцроорой. Бидний амьдралд амьдралд үлдэх чанартай харилцаа холбоо чухал ч нийгмийн онцгой харилцаануудаас өөрийгөө тусгаарлахыг хүлээн зөвшөөрч болохгүй шүү.

Томоор мөрөөдөж багаар үйлд – Мөрөөддөггүй, мөрөөдөлгүй хүн гэж нэгээхэн ч үгүй. Харин мөрөөдлийнхөө төлөө тодорхой алхам хийдэг, хийддэгүй гэдгээрээ л ялгагдах байх. Ном бичнэ дээ гэж мөрөөддөг хүн, өдөр бүр 5 хуудас бичихэд цаг гаргадаг хүн хоёрын аль нь мөрөөдөлдөө илүү хурдан хүрэх вэ? Нисгэгч болох мөрөөдөлтэй хүн нэг л өдөр онгоц жолоодоод сурчихдаггүй. Заавал сургуульд нь сурч техник эзэмшинэ, олон сар жилийн дасгал сургуулилт хийж үзнэ. Тэгэж байж дэлхий дээгүүр дүүлэн нисэх мөрөөдлөө биелүүлнэ шүү дээ. Яг үүнтэй ижил чи минь мөрөөдөлдөө хүрэх алхмуудыг тодорхой болгож зоригтой, зорилготой урагшлаарай. Өдөр бүр мөрөөдлийнхөө төлөө алхам хийж, түүндээ бага багаар ойртож байгаа хүний амьдрал яаж гунигтай байх билээ?

Цахим ертөнцтэй биш бодит ертөнцтэй холбоо тогтоо – Өглөө сэрээд л утсаа ухаж, ажил дээрээ ч компьютер ашиглаж, орой түгжрэл дунд ч фэйсбүүкээ гүйлгэсээр бидний амьдрал, оюун санаа цахим ертөнцийн зах хязгааргүй далай дунд хөл алдаж байна. Фейсбүүкийн мэдээлэл хязгааргүй учраас доош нь гүйлгэхэд хэзээ ч дуусахгүй, харин бидний амьдрал хязгаартай гэдгийг санаарай! Амралтын өдрийн өглөөг утсаа маажиж бүү эхлүүл, хүүхэдтэйгээ тоглож байхдаа утсаа мөн л бүү оролд, зурагтын өмнө хэт их цагийг бүү өнгөрөө, гэрийнхэнтэй хооллож байхдаа хэн нэгэнтэй бүү чатал. Цахим хэрэглүүрийг бид ухаалаг л хэрэглээд сурчихвал амьралынхаа илүү чухал зүйлсэд цаг гаргах болно. Саяхан нэгэн танил маань инстаграм дээрээ “Утсан дээрээсээ фейсбүүкээ устгаад 7 хонож байна. Гэтэл утсандаа зарцуулах цаг маань 35%-иар буурсан гэдэг мэдээлэл өгч байна” гэж бичсэнтэй таарсан юм. Юу гэх гэснийг минь ойлгомжтой биз дээ? Хонгор минь.

Эх сурвалж: Goolingoo.mn

“Монголын цуутай бизнесмэнүүд” ном хэвлэгдэн гарлаа

Өмнөх нийтлэл

Б.Гүнзаяа: “Юуг нь ч мэдэхгүй байж чимээгүй бай, өөрөө ч эрсдэлд орно гэж хүмүүс анхааруулж байна“

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй зөвлөгөө