нийгэм

“Босоо Хөх Монгол”-ынхон хуурамч мэдээлэл тараан, Монголын хилчдийг доромжилжээ

0

“Босоо Хөх Монгол” хөдөлгөөний сүүлийн өдрүүдэд сошиал орчинд тарааж буй мэдээлэл хуурамч болохын сацуу Монгол улсын зэвсэгт хүчин, хил хамгаалах алба, Монголын мянга мянган хилчдийг гутаан доромжилсон агуулгатай болох талаар холбогдох мэргэжлийн хүн тодруулга хийснийг хүргэж байна.

Албан ёсны тодруулга, тайлбар

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутагт газрын тосны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй “Макс Ойл” ХХК-д хилийн зурваст нэвтрэх зөвшөөрлийг Хилийн цэргийн штабаас болон хилийн 0146 дугаар ангиас хууль зөрчин олгосон мэтээр үндэслэлгүй ташаа мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр цацагдсантай холбогдуулан олон нийтэд үнэн бодит мэдээллийг хүргэж байна.

Хил хамгаалах байгууллага нь ашигт малтмалын үйл ажиллагаа явуулах ямар нэгэн тусгай зөвшөөрөл олгодоггүй бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 06 дугаар сарын 20-ний өдрийн 337 дугаар тогтоолоор газрын тосны хайгуулын “Ар булаг-XXIX” талбайд газрын тосны хайгуул хийхээр Засгийн газартай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан “Макс Ойл” ХХК-д Монгол Улсын хилийн тухай хуулийн 26.2.2 “Улсын хилийн зурваст хил хамгаалалтын зориулалттайгаас бусад барилга байгууламж барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглах асуудлыг Засгийн газар шийдвэрлэх”, 26.2.3 “Иргэн аж ахуйн нэгж, байгууллага нь улсын хилийн зурваст улсын хил хамгаалах байгууллагын зөвшөөрөлтэйгөөр нэвтэрч энэ хууль болон бусад хууль тогтоомжоор хориглоогүй ажил үйлдвэрлэл явуулах”, мөн Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт орших хайгуулын “Ар булаг-XXIX” талбайд газрын тосны хайгуул хийлгэхээр 8 жилийн хугацаатай олгосон 114 дүгээр тусгай зөвшөөрөл, “Макс Ойл” ХХК-иас 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн газрын тосны хайгуулын талбай нь хилийн зурвастай давхцаж байгаа тул хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл хүссэн 21-2/07 дугаар албан бичгийг үндэслэн хилийн зурваст нэвтрэх түр зөвшөөрөл олгож, нэгдсэн бүртгэлд авсан.

Хил хамгаалах байгууллага нь тус аж ахуйн нэгжид Монгол Улсын хилийн тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан хил орчмын дэглэмийг сахих талаар анхааруулга өгч, биелэлтэд нь хяналт тавьж, ажиллаж байсан.

Гэтэл 2018 оны 12 дугаар сарын эхээр иргэн Г.Адьяасүрэн гэгч дээрх компанид хууль зөрчин зөвшөөрөл олгосон, уг компани нь хилийн тор тасалсан, тэр ч байтугай хилийн цаад талд гарч хөрш улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр үндэслэлгүй ташаа мэдээллийг өөрийн фэйсбүүк хаягаар цацсантай холбогдуулж 2018 оны 12 дугаар сарын 05-наас 07-ны хооронд “Босоо Хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа, хуулийн зөвлөх н.Чойсүрэн нарын удирдсан тодорхой тооны хүмүүс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд ажилласан.

Ажиллах явцдаа “Макс Ойл” ХХК-ий газрын тосны хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаатай танилцах зорилготой байгаагаа мэдэгдэж, зөвшөөрөл хүссэний дагуу миний бие хамт явж, тухайн аж ахуйн нэгжийн хайгуулын өрөмдлөг хийж байгаа газарт хүргэж өгсөн. Дээрх хүмүүс газар дээр нь очиж байдалтай биечлэн танилцсаны дараа иргэн Г.Адьяасүрэнгийн мэдээлэл буруу ташаа мэдээлэл байна, бид буруу ойлголттой байжээ, одоо бодит байдалтай танилцаад бүгдийг ойлголоо, хилчид үүргээ сайн биелүүлж байгаа юм байна, баярлалаа гээд талархлаа илэрхийлээд буцсан.

Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “Босоо Хөх Монгол” ТББ нь өөрийн цахим хуудсанд “Хилийн торыг тасалсан, аргаа барсан хилийн цэргийн …дугаар заставынхан хандив гуйж тороо зассан” гэх агуулга бүхий мэдээлэл тавьсан байна.

Хилийн шугамд мал тулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор 1980-аад оны үед хилийн шугамаас тодорхой зайд хилийн дагуу нутгийн гүнд татсан модон шон бүхий өргөст торон хашааны шон нь он цагийн эрхээр өмхөрч, муудсан, олон удаагийн тал хээрийн түймэрт шатаж, үгүй болсон гэдгийг хэлж тайлбарласан болно.

Хилийн торон саадыг сэргээн засварлах зардлын асуудлыг сүүлийн 5–6 жилд шийдвэрлүүлэх санал, тооцоо, үндэслэлийг гаргадаг боловч шийдвэрлэгдээгүй өдий хүрснийг манай тойргоос Улсын Их Хуралд сонгогдсон гишүүн анхааралдаа авч, Засгийн газар дэмжсэнээр 2019 оны улсын төсөвт засварлах зардал тусгагдсан бөгөөд одоогоор инженерийн хайгуул хийгдэж, инженерийн 0252 дугаар анги урин дулааны улирал эхэлмэгц хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.

Хил хамгаалах үйл ажиллагаанд хилийн аймаг, сумдын Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл, гишүүд оролцдог бөгөөд Монгол Улсын хилийн тухай хуулийн 50.1.5-д “Хилийн аймаг, сумын төсөвт улсын хил хамгаалалтад зориулсан нэмэгдэл зардал тусгах”-аар заасны дагуу жил бүр хилийн аймаг, сумын төсөвт хил хамгаалалтад зориулсан зардлыг тусгаж, дэмжлэг үзүүлдэг гэдгийг тэмдэглэж хэлье.

Харин энэ завшааныг ашиглаж хуулийг хэрэгжүүлэн ажилладаг Сүхбаатар аймаг болон Эрдэнэцагаан сумын Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөл, гишүүдэд талархал илэрхийлж байна.

Хилийн зурваст хятад иргэд ажиллаж байсан талаарх мэдээлэлд тодруулга өгье.

“Макс Ойл” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 106, 05 дугаар сарын 16-ны өдрийн 134 дүгээр тогтоолуудаар “Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай” квот батлуулж, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл авсан байдаг.

Тус аж ахуйн нэгж нь ажиллах хугацаандаа хилийн болон хил орчмын дэглэмийн ямар нэг зөрчил гаргаагүй бөгөөд хилчдийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж байсан болно.

Хэрвээ Хил хамгаалах байгууллага “Макс Ойл” ХХК-д хилийн зурваст нэвтрэх зөвшөөрөл олгоогүй тохиолдолд төрийн байгууллага хүнд суртал гаргасан, тус компаний үйл ажиллагаанд саад учруулсан хариуцлагын асуудал тавигдана гэдгийг хэн ч ойлгох байх.

Хил хамгаалах алба, хил хамгаалалт, хилийн болон хил орчмын дэглэм, хилчдийн хөдөлмөр гэж юу болох талаар төсөөлөл ч байхгүй хэн нэгэн хүн ташаа мэдээлэл санаатайгаар тарааж байгаад харамсаж байна.

Ташаа мэдээллийг тараасан иргэн танаас “Та Монгол Улсын хилийг нэг шөнө ч гэсэн манаж үзсэн үү гэж асуумаар байна”.

Улсын хил, хилийн болон хил орчмын дэглэм, түүнийг сахиулах үйл ажиллагаа, хил хамгаалах алба гэж юу болохыг 85 жилийн түүхтэй Хилийн цэрэгт алба хааж, эх орныхоо хилийг манаж явсан мянга мянган монгол эрчүүд сайн мэднэ гэдэгт итгэлтэй байна.

Ташаа мэдээлэл тарааж, хилчдийн хөдөлмөрийг үгүйсгэж, гүтгэн доромжилж байгаагаа зогсоохыг хүсье.

МОНГОЛ УЛСЫН СҮХБААТАРЫН

ХИЛИЙН ТӨЛӨӨЛӨГЧ, ХУРАНДАА П.МӨНХБААТАР

Су-г явууллаа, суудлыг нь хэн авах вэ?

Өмнөх нийтлэл

Зургаан настай Монгол охин “Дэлхийн аварга“ боллоо

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй нийгэм