Энэ сарын эхээр Баян-Өлгий болон Дорнод аймагт бага насны хүүхэд алга болсон гэж бид өмнө мэдээлсэн билээ. Тодруулбал хоёр настай эрэгтэй болон эмэгтэй хүүхэд алга болоод одоог хүртэл сураггүй байгаа.
Одоогоор охин алга болоод 6 хонож байгаа бол хүү алга болоод 8 дахь хоног дээрээ болж байна. Алга болсон охиныг эрэн хайх ажиллагаа өнөөдөр дахин үргэлжлэх бөгөөд, эрлийн багийнхан өглөө бүр 05-22 цагийн хооронд алга болсон газраас 10 км-ийн радиус дотор хайж буй юм.
Эрлийн ажилд Сэргэлэн сумаас 13 иргэн, Онцгой байдлын газраас Эрэн хайх аврах ангийн захирагч, а/х Ц.Даваацэрэнгээр ахлуулсан 10 алба хаагч, Цагдаагийн газраас д/х Ж.Баянжаргалаар ахлуулсан 10 алба хаагч, Хилийн цэргийн 0132-р ангийн штабын дарга, хошууч Д.Дашдэндэвээр ахлуулсан хоёр алба хаагч, 2 нохой, Дорнод аймгийн ГБХЗХГ-аас гурван алба хаагч, Зэвсэгт хүчний 327-р ангиас тэргүүн ахлагч П.Гантулгаар ахлуулсан 54 алба хаагч эрэн хайх ажиллагаанд оролцож байна.
Дорнод аймгийн Сэргэлэн сумын, хоёрдугаар баг Ар хоолой, Баян-Уул цайдмын нуурын хойд талд /сумын төвөөс зүүн зүгт 22 орчим км/ оршин суугч малчин Х-ийн охин 2 настай У ээж, эгчтэйгээ хонио эргүүлж байгаад 2018 оны зургадугаар сарын 08-ны өдөр 13:00 цагийн орчимд сураггүй болсон аж. Охиныг алга болох үед ээж нь нөхрийгөө харуулдахаар уулын орой руу гарахад том охин нь дүүгээ орхиод араас нь гарчээ. Бага дүү нь уйлаад хониныхоо захад үлдсэн гэж эгч нь ээждээ хэлсэн байна. Ингээд ээж охин хоёрыг уулнаас бууж ирэхэд охин нь алга болсон байсан гэж мэдээлсэн байна.
Тэгвэл энэ сарын 06-нд Баян-Өлгийд алга болсон хоёр настай хүү Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Загаст нуур багийн “Загаст нуур” гэдэг газар амьдардаг байжээ. Энэ газар нь сумын төвөөс бүр 70 орчим км алслагдсан, хөдөө хээр газар. Тухайн үед хүү хоёр ахтайгаа усанд явахаар мотоциклтой хөдөлжээ. Гэвч гэрээсээ 800 орчим метр зайтай газар очоод бензин нь дууссан тул том ах нь бензин авахаар явсан бөгөөд таван настай дүүгээ үхрээ хараад ир гэж явуулсан бол бага дүүгээ мотоциклийнхоо хажууд үлдээсэн гэх мэдээлэл байна. Гэвч бензинээ аваад ирэхэд нь хүү алга болсон байжээ. Хүүг эрэн хайх ажиллагаа сураггүй болсон газраас 16 км тойрогт хийгдэж буй боловч ямар ч ул мөр гараагүй байна.
Сэтгэгдэлүүд