Археологичид Туркийн эрэг орчмоос дэлхийн хамгийн эртний усан онгоцны сүйрлийг илрүүлжээ. Уг сүйрсэн онгоцны үлдэгдэл нь 4400-4700 жилийн тэртээх Хүрэл зэвсгийн эхэн үе буюу Египетийн Их Пирамид баригдаж байсан цаг хугацаанд хамаарах аж.
Онгоцны модон хийц бүтнээрээ үлдэж хоцроогүй ч тээвэрлэж явсан керамик савнууд нь далайн ёроолд хадгалагдан үлдсэн төдийгүй зарим нь дотроо агуулж байсан зүйлийнхээ ул мөрийг өнөөг хүртэл хадгалжээ.
Археологчдын таамаглаж буйгаар ойролцоогоор 10 метр урттай уг хөлөг Газар дундын тэнгисийн зүүн эргээс ачаагаа тээвэрлэн баруун хойш эртний Трой хот эсвэл Крит дэх Миной рүү хүргэдэг байжээ. Малтлагыг Туркийн Акдениз их сургуулийн археологийн дэд профессор Хакан Ониз удирджээ. Тэрбээр энэхүү усан онгоцны сүйрлийг далайн ёроолд орших цаг хугацааны капсул хэмээн тодорхойлсон байна.Уг олдвор нь Анталья мужийн Кекова арлын ойролцоо, далайн гадаргуугаас ердөө 30 метрийн гүнд, далайн ёроолын налуу дээр тархан байрласан байдалтай олджээ. Судлаачид гурван том чулуун зангуу, мөн амфора гэж нэрлэгддэг 30 гаруй керамик сав олсон юм. Хөлөг онгоцны модон эд ангиуд бүрэн сүйдсэн тул органик материалаас нүүрстөрөгчийг хэмжин олдворын насыг тогтоох боломжгүй. Тиймээс археологичид амфора савнуудын хэлбэр дүрсэнд дүн шинжилгээ хийж, улмаар хоёр бариултай, голдоо хяр болон хавтгай суурьтай онцлог нь Египет болон Ойрхи Дорнодоос олддог 4400-4700 жилийн настай эдлэлүүдтэй ав цав тохирч байгааг тогтоосон байна.

Туркийн Акдениз их сургуулийн археологийн дэд профессор Хакан Ониз болон түүний баг дөрвөн жилийн өмнө сүйрсэн хөлөг онгоцыг анх илрүүлэхэд вааран савнуудыг ердөө 100–200 жилийн настай гэж таамаглаж байсан байна. Гэвч судлаачид Египетийн археологийн тухай бүтээлээс Гизагийн пирамидын орчмоос олдсон савнуудтай ижил төстэй хийцийг олж харсныхаа дараа тухайн газарт дахин судалгаа хийжээ. Ингэснээр олдворуудын нас, түүхэн ач холбогдлыг илүү нарийвчлан тогтоох боломж бүрдсэн байна.
Эх сурвалж: ВВС