Эдийн засаг

С.Наранцогт: “Мөнгө хэвлэхгүй”, олон жил гацсан институцийн реформыг эхлүүлнэ

Таны сэтгэгдэл

Олон жил яригдсан ч шийдэгдэлгүй ирсэн институцийн томоохон реформуудыг эхлүүлэхийн зэрэгцээ төсвийн дарамтыг Төв банкаар нөхөхгүй байх чиглэлд Засгийн газар ажиллаж байгааг Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт онцолжээ.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Олон жил гацсан, хэн ч барьж авч зүрхэлдэггүй байсан институцийн том реформуудыг Засгийн газар зарчмын хувьд дэмжиж, төв банкаар ‘мөнгө хэвлүүлэхгүй’ гэсэн нэг зорилготой ажиллаж байгаа нь маш том давуу тал” хэмээн хэлсэн байна.

Засгийн газраас “дуусдаггүй яриаг дуусгавар болгож, 30 жил хуримтлагдсан суурь реформуудыг эхлүүлнэ” гэсэн концепцыг дэвшүүлсэн нь энэ хүрээнд анхаарал татаж байна. Төрийн өмчит компаниудыг ил тод болгох, хөрөнгө оруулалтын тогтолцоог шинэчлэхээс гадна олон жил шийдэгдэлгүй ирсэн Монголбанкны хуримтлагдсан алдагдал, ипотекийн хөтөлбөр зэрэг асуудлыг реформын хүрээнд авч үзэж эхэлжээ.

Эдгээрээс Монголбанкны хуримтлагдсан алдагдлыг Засгийн газрын үнэт цаасаар нөхөх, ипотекийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх асуудал нь төр, төв банкны хоорондын санхүүгийн харилцааг шинэ түвшинд гаргах өөрчлөлт юм.

Харин Монголбанкны онцолсон “төв банкаар мөнгө хэвлүүлэхгүй” гэсэн үг үүний цаана ямар зарчим тавигдаж байгааг тодорхой болгож байна. Төсөвт үүссэн санхүүгийн дарамтыг Төв банкны мөнгөний бодлогоор нөхөх бус, асуудлыг төсөв болон холбогдох институцийн хүрээнд шийдэх тухай юм.

Энэ нь зөвхөн өнөөдрийн төсвийн асуудлаар хязгаарлагдахгүй. Төсөв тэлж, төрийн зарлага нэмэгдэх үед түүнд шаардлагатай санхүүжилтийг ямар эх үүсвэрээр бүрдүүлэх, үүний дарамтыг мөнгөний бодлогод шилжүүлэхгүй байх асуудал давхар яригдаж байна.

Түүний хэлснээр, Засгийн газар эхлүүлсэн реформуудаа макро эдийн засгийн тогтвортой байдалтай уялдуулах шаардлагатай. Үүний хүрээнд Монголбанк Мөнгөний бодлогын үндсэн чиглэлд инфляцын зорилт төдийгүй төсвийн зарлагын дээд хязгаарыг тусгаж, УИХ-аар урьдчилан батлуулах эрх зүйн өөрчлөлтийн санал гаргажээ.

“Энэ бол Төв банк төсвийн зардалд дураараа оролцоно гэсэн үг огт биш. Харин Засгийн газрын эхлүүлээд байгаа реформуудыг эдийн засгийн макро тэнцвэртэй уялдуулж, Төсөв-Мөнгөний бодлогын уялдааг хуулиар баталгаажуулж байгаа хэрэг юм.” гэсэн байна.

Өөрөөр хэлбэл, олон жил хойшилсон асуудлуудыг нэг нэгээр нь шийдэхийн зэрэгцээ төсөв болон мөнгөний бодлогын хоорондын уялдааг институцийн түвшинд шинэчлэх асуудал зэрэгцэн тавигдаж байна.

Эндээс “мөнгө хэвлүүлэхгүй” гэсэн үгний цаана төсвийн алдагдлыг Төв банкаар нөхөхгүй байх, Төв банкны мөнгөний бодлогыг төсвийн санхүүжилтийн хэрэгсэл болгохгүй байх, харин олон жил хуримтлагдсан асуудлыг бүтцийн болон институцийн реформоор шийдэх гэсэн гурван том асуудал холбогдож байна.

Сүүлийн 30 жилд яригдсан реформуудын нэг хэсэг нь дахин ярианы сэдэв болох уу, эсвэл бодит өөрчлөлт болж хэрэгжих үү гэдэг нь цаашдын шийдвэр, хэрэгжилтээс хамаарна. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийн ярилцлагаас харахад энэ удаад реформын асуудлыг төсөв, мөнгөний бодлогын тогтвортой байдалтай хамтатган авч үзэж эхэлжээ.

Түүний мөнгөний бодлогод хэрхэн шинэчлэл хийх тухай талаар ярилцсан ярилцлагыг  https://dnn.mn/article/6  уншина уу.

58
А. Номин-Эрдэнэ

Сайн байна уу? Намайг А. Номин-Эрдэнэ гэдэг. Миний хувьд сэтгүүл зүй бол зүгээр нэг мэдээ дамжуулах ажил биш, харин хөшигний ард нуугдсан үнэнийг ил гаргах хариуцлагатай аялал юм. Би нийгэмд болж буй үйл явдлуудын зөвхөн гадаргууг биш, гүн рүү нь өнгийж, баримт бүрийн ардах 'яагаад' гэдэг асуултад хариулт хайхыг эрмэлздэг. Орчин үеийн хурдацтай ертөнцөд танд хамгийн үнэн зөв, шүүлтүүргүй мэдээллийг сонирхолтой хэлбэрээр хүргэх нь миний зорилго. Хамтдаа бодит байдалтай нүүр тулцгаая.

686 нийтлэл

Сэтгэгдэл бичих