Ардчилсан намын “4/11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр /2026.09.24/ боллоо.
Өнгөрсөн хугацаанд Ардчилсан намын бүлэг болон Ардчилсан намаас хоёр үндсэн шаардлага тавьж байгаа. Нэгдүгээрт, Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирж, чуулган дээр төсвийн бодлогоо авч гарах шаардлага тавьсан. Хоёрдугаарт, хэрэг наймаалцсан болон бусад олон асуудалд холбогдсон С.Амарсайхан сайдыг чөлөөлөх шаардлага тавьсан. Энэ шаардлага биелсэн. Харин дараагийн шаардлагууд үргэлжилж байгаа. Өнөөдөр бид ногдол ашиг болон төсвийн бодлоготой холбоотой мэдээлэл өгнө гэдгийг АН-ын нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж хурлын эхэнд мэдээлэв.
УИХ-ын гишүүн Г.ГАНБААТАР:
-Сүүлийн үед эрх баригч намын дарга болон УИХ дахь МАН-ын бүлгийн даргын зүгээс ирэх онд Оюу толгойгоос орж ирэх ногдол ашгаас хоёр их наяд төгрөгийг аймгуудад зарцуулах тухай ярьж байна. Мөн авлигын асуудалд холбогдсон хүмүүс нь шоронд орох гэж байгаа станцыг барьж дуусгах, дулааны 6 дугаар цахилгаан станцад зарцуулах тухай ярьж эхэллээ.
Энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Нөгөө талдаа 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар төрийн өмчит компаниудын ногдол ашиг зөвхөн хуримтлалын данс буюу иргэдийн нэрийн дансанд бичигдэх ёстой. Энэ хэмжээний мөнгийг иргэдийн нэрийн дансанд бичих юм бол нэг иргэнд ойролцоогоор 835 мянган төгрөг ногдох боломжтой.
Гэтэл хууль зөрчиж, иргэдийн халаасанд орох ёстой мөнгөөр үндсэндээ хулгайн төслүүдээ санхүүжүүлэх тухай ярьж байгаа нь увайгүй үйлдэл. Улс орны засаглал ямар байгаа билээ, сүүлийн үед эрх барьж байгаа намын хулгай ямар байгаа билээ гэдгийг иргэд харж байгаа. Иргэдийн халаасанд байх ёстой мөнгийг Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг зөрчин, хулгайн төслүүдийг санхүүжүүлэхэд зарцуулах гэж байгааг Ардчилсан нам эрс буруушааж байна.
10 аймгийн төвийн дулаан хангамжийг сайжруулах төслийг явуулах нь зүйтэй. Гэхдээ иргэдээс санал авахгүйгээр энэ их хэмжээний мөнгийг хууль зөрчин санхүүжүүлж байгаа нь буруу.
УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх А.БАТПҮРЭВ:
-Та бүхэн мэдэж байгаа. Ерөнхий сайд сүүлийн үед зах, худалдааны төвүүдээр явж, “Би ард түмэндээ мөнгө өгөх гэсэн чинь Ардчилсан нам харамлаад байна” гэж яриад байгаа. Үнэн хэрэгтээ юу болж байна вэ гэхээр Ардчилсан намын бүлэг ард түмний мөнгийг Засгийн газраас хамгаалах ажил хийж байна. 2026 оны төсвийн тодотголд нийтдээ 20 орчим хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, шинэ хууль батлах зэрэг асуудал орж ирсэн. Үүний дотор “энэ зүйл болохгүй байна” гээд хуруу дараад тоолохоор олон асуудал бий. Тоймлоод хэлбэл,
Нэгдүгээрт, Г.Ганбаатар гишүүний хэлсэнчлэн, одоо байгаа хуулийн хүрээнд Оюу толгой болон бусад компаниас орж ирэх ногдол ашгийг Хуримтлалын санд иргэн бүрийн нэр дээр 835 мянган төгрөгөөр хадгалах боломжтой. Улмаар гурван жилийн дараагаас боловсрол, эрүүл мэнд, ипотекийн зориулалтаар ашиглах боломжтой энэ мөнгийг нэг удаагийн хууль гаргаж, Засгийн газар өөрөө зарцуулъя гэж байна. Урьд өмнө бүтэлгүйтсэн, үрэн таран хийж, авлигачдын гарын салаагаар урссан төслүүдийг дахиад санхүүжүүлэх гэж байгааг бид эсэргүүцэж байгаа.
Хоёрдугаарт, өнгөрсөн хавар УИХ-аас шийдвэр гаргаж, суурь тэтгэврийг нэмсэн, мөн зарим салбарын цалинг нэмсэн. Харин энэ удаагийн төсвийн тодотголд шинэ нэмэгдлийн тухай асуудал биш, зөвхөн 2027 оны нэгдүгээр сард нэмэгдэх цалин, тэтгэврийн нэмэгдлийг хоёр сарын өмнө буюу арваннэгдүгээр сард нэмэхээр тусгасан байна. Энэ бол хариуцлагагүй төсвөө гоё харагдуулах гэсэн увайгүй заль.
Гуравдугаарт, зардлын тэлэлтийг Засгийн газрын өрийг нэмэгдүүлж санхүүжүүлэх гэж байна. 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвөөр нийтдээ 21 их наяд төгрөгийн нэмэлт өр бий болгох гэж байна.
Дөрөвдүгээрт, төсвийн алдагдал нэмэгдэж байна. Энэ алдагдлыг хязгааргүй нэмэх санаатай байгаа. Төсвийн тодотголуудыг дагаад Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, төсөв болон суурь тэнцэл ашигтай байх ёстой гэсэн тусгай шаардлагыг байхгүй болгох гэж байна.
Тавдугаарт, өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайдын гэр бүлийн сургууль, цэцэрлэгүүд төсвөөс 8.3 тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна гэдгийг шилэн дансны мэдээлэл харуулж байна. Энэ тодотголд дахиад Ерөнхий сайдын ээжийнх нь сургууль, цэцэрлэгт 3.5 тэрбум төгрөгийн зардал олгох асуудал туссан гэх баримтууд гарч ирсэн. Үүнд хууль ёсны ямар нэгэн няцаалт хийгдээгүй. Цаашилбал, бүлэг дээр танилцуулсан Сангийн яамны мэдээллээр энэ мөнгийг нэр бүхий сургуулиудад аль хэдийн зарцуулж эхэлчихсэн юм биш үү, энэ тодотголоор зөвхөн баталгаажуулж, хуульчлах гэж байгаа юм биш үү гэдэг асуудал яригдаж байгаа гэлээ.