Олон хүнд онц хэмжээний хохирол учруулаад оргон зайлсан Д.Отгонбаярыг өчигдөр /2026.09.23/ 15:00 цагт ОХУ-аас Алтанбулаг-Хиагтын хилийн боомтоор шилжүүлэн авчирсан байна.
Цагдаагийн алба хаагчид түүнийг оройн 20:00 цагийн үед Улаанбаатар хотод авчирч, баривчлах тогтоолыг нь танилцуулснаар цагдан хорих 461 анги руу шилжүүлжээ.
Д.Отгонбаяр нь “Хурд” группийн туслан гүйцэтгэгч “Тангас”, “Гэрэлт есөн од” зэрэг компанийн захирлаар ажиллаж байсан бөгөөд тус группийн барьсан төслүүдээс байр зарна хэмээн иргэдээс их хэмжээний мөнгө залилсан гэмт хэрэг үйлджээ.
Д.Отгонбаяр нь эхнэр Э.Гэрэлмаагийн хамт залилан хийж, иргэдэд 10 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулаад байгаа юм.
Хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байх үедээ буюу 2024 оны арваннэгдүгээр сард оргон зайлж, олон улсад эрэн сурвалжлагдаж байсан юм. Улмаар 2025 онд ОХУ- руу хил зөрчин нэвтрэх үедээ саатуулагдаж, тус улсын шоронд жил гаруй хоригджээ.
Харин түүний эхнэр Э.Гэрэлмаа нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын Хяналтын прокуророор ажиллаж байсан бөгөөд түүнийг залилангийн гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хилийн хориг тавиад байгаа аж.