УИХ-ын ээлжит бус чуулганыг 2026 оны есдүгээр сарын 7-14-нд хуралдуулахаар зарлаж, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хууль болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлосон.
УИХ-ын дарга С.Бямбацогтын хэлснээр ээлжит бус чуулганаар зөвхөн төсвийн тодотгол хэлэлцээд есдүгээр сарын 14-ний 17.00 цагт хаах аж. Энэ хугацаанд төсвийн тодотголыг эхний хоёр шатны хэлэлцүүлэг хийх тул үргэлжлүүлээд есдүгээр сарын 15-наас ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголд орон нутгийн төсвийн урьд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээх байдлаар төсвийн нийт зардал болон төсвийн алдагдлын дүнг 998 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгасан. Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдэл сүүлийн гурван жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрсэн. Төсвийн тодотголоор төр бүсээ чангалж 1.4 их наядын зардал хэмнэнэ гэж Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдсэн юм. Үүний нэг их наяд төгрөг нь цалин тэтгэврийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бол 400 тэрбум нь үнийн өсөлт, эрчим хүч, шатахууны хомсдолоос хамгаалах зорилгоор татаас болгон өгөхөөр тусгасан нь инфляцыг улам бүр өдөөх, цаашлаад хувийн хэвшлийн үйл ажиллагааг зогсоох бодлого гэж зарим эдийн засагч дүгнэж байна.
2026 оны долоодугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрч, батлагдсанаас хоёр дахин өсөөд байгаа аж.
Тэгвэл Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 2026 оны төсвийн тодотголд өгсөн дүгнэлтдээ болзошгүй эрсдэлийг тооцох, хүндрэл бэрхшээл тулгарахад бэлтгэлтэй байх боломжийг ашиглаж чадсангүй гэж үзжээ.
Төсвийн тодотголоор эрэлт, нийлүүлэлтийг дэмжих бодлого хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч өмнөх алдааг дахин давтах магадлалтай байна. Төсвийн тодотголоор урсгал зардлыг 1,152.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх санал боловсруулсны дийлэнх буюу 697.0 тэрбум төгрөг цалингийн зардалд зарцуулагдахаар байгаа нь одоогийн өндөр инфляцыг улам хөөрөгдөх, нөгөө талаас хэрэгжүүлэхээр төлөвлөсөн стратегийн бүтээгдэхүүний хангамж, эрчим хүчний үнийг тогтвортой барих, нефтийн бүтээгдэхүүний хангамжийг татаас болон татварын хөнгөлөлтөөр шийдвэрлэх арга хэмжээний үр дүн, цаг хугацааны хоцрогдол гарч болзошгүй байдлаас шалтгаалж, сөрөг үр дүнд хүргэх магадлал өндөр байгааг анхаарч бодлогын алдааг давтахгүй байх шаардлагатай байна.
2026 оны төсвийн тодотголын төсөлд өгсөн ТТБЗ-ийн дүгнэлтээс
Харин 2026 оны төсвийн тодотголд Аудитын өгсөн дүгнэлтээр төсвийн тусгай шаардлагуудыг хангаагүй гэж үзэж буй.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т “Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх” гэж заасныг бууруулан өөрчилж өргөн барьсан нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгтэй зөрчилдөж байна. Суурь тэнцэл ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байхыг шаарддаг бөгөөд 2026 оны төсвийн тодотголын тооцооллоор нэгдсэн төсвийн суурь тэнцэл 399.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 0.4 хувьтай байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т заасан шаардлагад нийцээгүй байна.
2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн аудитын дүгнэлтээс
Төсвийн тодотголоос гадна өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас өргөн барьсан 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл олны анхаарлын төвд байна. Сөрөг хүчний зүгээс ирэх оны төсвийг сонгуульд зориулсан, Баялгийн сангийн хууль зөрчсөн төсөв хэмээн шүүмжилж буй. Улмаар 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл зэрэг Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй тул эргэлзээтэй төсвийг хүлээн авч, парламентаар хэлэлцүүлэх шийдвэр гаргасан УИХ-ын дарга С.Бямбацогтыг Цэцэд өгөхөө мэдэгдээд байна.