Боловсролын сайд Л.Энх-Амгалан: Засгийн газраас монгол хүүхэд бүрийг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье гэдэг бодлогыг зарласан. Энэ жилээс нэг, зургаа, ес, 12 дугаар ангийн сурагчдыг эрт илрүүлэгт хамруулна. Бид өмнө нь 2022 онд ийм эрт илрүүлгийг хийхэд нэгдүгээр ангийн гурван сурагчийн нэг нь шүдний цооролтой, дөрвөн хүүхдийн нэг нь хараа согогтой байна гэдэг дүгнэлт гарч байсан. Эрүүл мэндийн байдал нь хүүхдийн сурлагад шууд нөлөөлдөг учраас сургуульд суурилсан эрт илрүүлгийн тогтолцоог бий болгоно. Үндэсний энэ тогтолцоогоо аравдугаар сараас эхлүүлнэ. Мөн энэ жилийн онцлог нь хөтөлбөрийн шинэчлэл хийнэ. Одоогийн тогтолцоо хүүхдийг шалгалтад бэлддэг болсныг амьдралд бэлддэг болно. Монгол хүүхдэд, оюуны тамир, сэтгэлийн тамир, сэтгэл зүрхний боловсрол хэрэгтэй юм байна. Нэгдүгээр ангийн хөтөлбөрийн шинэчлэлийг хийхдээ есдүгээр сарын 1-нээс үсэг заадаг, хуучин хөтөлбөрөөр хичээллэхгүй. Нэг сарын хугацаанд “Би сурагч боллоо” гэдэг бэлтгэл хөтөлбөр хэрэгжүүлнэ. Нэгдүгээр ангийн сурагчийн сургалтын хөтөлбөрийг аравдугаар сараас өөрчилнө. Цэцэрлэгийн орчин шиг сургалтын орчин бэлдэж байна.
Ерөнхийдөө нэг, хоёр, гуравдугаар ангийн орчныг цэцэрлэгийн орчин шиг тохижуулж, бүх хичээлийг тоглонгоо суралцана. Энэ жил сургууль бүрийг “Эрүүл сургууль” болгоно.
Анги танхимын агааржуулалт, орчин нь эрүүл, барилгын материал нь хоргүй байх ёстой. Хүүхэд сургууль дээрээ цэвэршүүлсэн ус хэрэглэдэг байя. Улсын хэмжээнд шинээр ашиглалтад орж байгаа 170 сургууль, цэцэрлэгийн байранд хяналт шалгалт хийж байна. Улсын хэмжээнд аравдугаар сараас нэг ч сургууль цэцэрлэг нүхэн жорлон ашиглахгүй. Нийт 1200 сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг халж, хөтөлбөр хэрэгжүүлж дууссан. Сургууль бүр дээр үдийн хоол иднэ. Мөн үе тэнгийн дээрэлхэлт, цахим дээрэлхэлтгүй байх үүднээс фэйсбүүкээр гэрийн даалгавар өгөхгүй. Гэрийн даалгаврын тогтолцоог шинэчилнэ. Тиймээс бид нэг хичээлийн гэрийн даалгаврыг 10 минутаас хэтрүүлэхгүй. Мөн цаашдаа хичээл бүр дээр гэрийн даалгавар өгөхгүй, хичээлүүдийг хооронд нь уялдуулж гэрийн даалгавар өгч өдөр бүр шалгах бус хоёр долоо хоногт, эсвэл сард нэг удаа шалгадаг уян хатан тогтолцоо руу шилжүүлнэ.