Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өнгөрсөн долоодугаар сард эх орондоо ирсэн. Түүнийг АТГ-аас дуудсан учраас эргэн ирсэн гэх мэдээлэл цацагдсан.

Өнөөдөр түүнийг АТГ-аас дуудсаны дагуу очиж, дараа нь сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Монгол улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Сайн байцгаана уу. Ерөнхийлөгч байхад сүүлийн хоёр жил АТГ-аас тодорхой асуудлуудаар асууж, тодруулж ажиллаж байсан. Хуулийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандах ёстой. Ерөнхийлөгчийн ажлаа өгсний дараа таван жил тодорхой асуудлуудаар шалгасан. Нийтдээ долоон жил шалгасны эцэст хууль зөрчсөн зүйл алга, хэрэг тогтоогдохгүй байна гэж хэрэгсэхгүй болгосон. Дараа нь хилийн хориг тавьсан шүүхийн шийдвэрийг мөн шүүх хуралдаж хүчингүй болгосон. Хүмүүс ойлгохдоо хэрэг үйлдээд гараад явчихсан, одоо ирж байгаа юм байна гэдэг. Төрийн өндөр албан тушаалд байсан асуудлаар хуулийн байгууллага нээлттэй асуух ёстой гэж би хувьдаа боддог.

Би 2023 оны есдүгээр сард Стэнфордын их сургуульд ажиллах урилга хүлээн авч явсан. Арав гаруй олон улсын байгууллагад ажилладаг. Өнөөдөр миний хамтарч ажилладаг гурван байгууллагын төлөөлөл COP17 хуралд оролцохоор ирсэн. Дараа нь 2024 оны сонгуулийн өмнө энэ улс төрийн гүтгэлэг, сонгуульд миний нэрийг ашигласан үйл ажиллагаа их явсан. Тэр үеэр шүүх дээр зохиомол хэрэг шүүх рүү өгч, Интерпол руу миний нэрийг явуулсан. Тэр байгууллага нь үзэж шалгаад улс төрийн шалтгаантай юм байна гэж тэр хүсэлтийг хүчингүй болгосон.

Ингээд шүүхийн талаасаа ч, олон улсын байгууллагын талаасаа ч юм байгаагүй. Олон улсад хамгийн нээлттэй, ил тод байдаг монгол хүмүүсийн нэг бол би. Хаана явж байгаа, юу хийж явж байгаагаа би үргэлж хэлж ярьж явдаг. 2023 оны есдүгээр сараас хойш гурван жилийн хугацаанд мэдээж ямар нэгэн улсын хууль зөрчсөн зүйл байхгүй.

АТГ-аас утасдаад өнөөдөр та ирээч гэсэн юм. Уг нь би COP17 хурлын үйл ажиллагаанд оролцохоор урилгаа авчихсан байгаа. Эхлээд АТГ-аар орж асуух зүйлд нь хариулаад явья гэдэг зорилготой ирлээ.

Авлига, албан тушаалын хэрэг тогтоогдохгүй байна, хууль зөрчсөн зүйл алга гэж хэрэгсэхгүй болсон” гэв.