Монгол Улсын далбаа Нэгдсэн Үндэстний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) талбайд мандаж хурал албан ёсоор эхэллээ. Тус хуралд Монгол улсын Ерөнхий сайд Н.Учрал, Засгийн газрын гишүүд, НҮБ-ын төлөөлөл далбаа мандуулах ёслолд оролцож байна.

Хурлыг нээж Ерөнхий сайд Н.Учрал үг хэлсэн юм.

Тэрээр Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 4 дэх хурлыг2000 онд даргалж байсан Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайд асан, Байгаль орчны гавьяат ажилтан, Төрийн шагналт Замбын Батжаргал гуай 2026 оны 8 дугаар сарын 6-ны өдөр зуурдаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлэн хүндэтгэл үзүүллээ.

Ерөнхий сайд “Газрын доройтол зөвхөн хөрс, ургамлын асуудал биш; хүнс, ус, амьжиргаа, ядуурал, эрүүл мэнд,шилжилт хөдөлгөөн, эдийн засаг, энх тайван, аюулгүй байдалтай салшгүй холбоотой цогц экосисистемийн асуудал гэдгийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрч байна.

Улс орнууд газрын доройтлыг тэглэх зорилтоо үндэсний бодлогодоо тусгаж, шинжлэх ухаан, мониторинг, тайлагналын тогтолцоогоо хөгжүүлж, газрын нөхөн сэргээлтэд төрөөс гадна хувийн хэвшил, иргэний нийгэм, орон нутгийн иргэдийг оролцуулах болсон нь Конвенцын чухал үр дүн” гэдгийг онцлов.

Мөн “COP17-оос бидний хүсэж буй хамгийн том өөрчлөлт бол ярианаас үйлдэл рүү, зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас хэмжигдэхүйц үр дүн рүү шилжих явдал юм. Тиймээс Монгол Улс энэ бага хурлаас дараах асуудлуудаар бодит ахиц гаргахыг уриалж байна.

Нэгдүгээрт, газар, уур амьсгал, биологийн олон янз байдлыг салангид бус, харилцан уялдаатай цогц асуудал болгон авч үзье.

Хоёрдугаарт, газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, төр, олон улсын санхүүгийн байгууллага, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргая.

Гуравдугаарт, ганд тэсвэртэй байдлыг зөвхөн байгаль орчны бодлого бус, хөгжлийн бодлогын үндсэн хэсэг болгоё.

Дөрөвдүгээрт, бэлчээр, малчид, нутгийн иргэдийн мэдлэг, оролцоог дэлхийн газрын менежментийн бодлогын төвд гаргая.

Тавдугаарт, шинжлэх ухаан, технологи, инновацыг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргая.

Зургаадугаарт, амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе. 

Үүний тулд хөгжлийн түншүүд, олон улсын санхүүгийн байгууллагууд, хувийн хэвшил, улс орнуудтай хамтран санхүүжилт, технологи, чадавх болон зохицуулалтын саадыг арилгах шинэ түншлэл бий болгохыг уриалж байна” гэлээ.

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар 197 орны Засгийн газар, эрдэмтэн судлаач, хувийн хэвшлийн 12,000 гаруй төлөөлөл хуралдахад бэлэн боллоо.

2021 онд Монгол Улс НҮБ-д хүсэлт тавьж, СОР17 хурлыг зохион байгуулах шийдвэр 2022 онд гарч өнөөдөр ийнхүү албан ёсоор эхэлж байна.