Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-гийн бэлтгэл ажлын хүрээнд тус конвенцын нарийн бичгийн дарга нарын газар болон Олон талт хэлэлцээний “CEMUNE” төвтэй хамтран “COP17 Endgame Workshop” ахисан түвшний сургалт-семинарыг наймдугаар сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
.jpg)
Хэлэлцүүлэгт Гадаад харилцааны сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-гийн дарга (President-Designate) Б.Батцэцэг, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, Бага хурал (UNCCD COP17)-гийн зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир нар тус тусын багийн хамт болон манай улсаас “COP17” бага хурлын үеийн хэлэлцээнд оролцох холбогдох төрийн байгууллагын удирдах албан тушаалтнууд болон экспертүүд хамрагдаж байна.

Тэд “COP17”-гийн яриа хэлэлцээний онцлог, боломжит хувилбарууд, улс төрийн болон процедурын сорилтууд, мөн бага хурлыг даргалах, зөвшилцөлд хүргэх арга барил, туршлагын талаар олон улсын өндөр түвшний зөвлөхүүдийн багтай санал солилцож, практик туршлагаас суралцах болно. Хоёр өдрийн турш үргэлжлэх энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь манай улсын мэргэжилтнүүдийн олон талт хэлэлцээ хийх ур чадвар, чадавхыг бэхжүүлэх, “UNCCD COP17”-гийн үр дүнтэй зохион байгуулах бэлтгэлийг хангахад чухал ач холбогдолтой юм.
.jpg)
Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” уриан дор зохион байгуулна. Тус бага хурлаар дэлхийн улс орнууд газрын доройтол, цөлжилт, гангийн эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлэх, тогтвортой газрын менежмент болон газрын нөхөн сэргээлтийн чиглэлээр бодлогын шийдвэрүүдийг хэлэлцэн батлах юм.