Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-ийг эх орондоо зохион байгуулах хүсэлтээ албан ёсоор илэрхийлж, 2025 оны хоёрдугаар сард НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Нарийн бичгийн дарга нарын газар болон Монгол Улсын Засгийн газар хооронд албан ёсны гэрээ байгуулснаар уг хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулахаар болсон. Энэ бол Монгол Улсын хувьд олон улсын тавцанд нэр хүндээ өсгөх, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогоо дэлхийд танилцуулах түүхэн боломж юм.
Гэвч энэхүү том боломжийг бодлого, зохион байгуулалтын алдаа, хэт өндөр зардал, улс төрийн маргаан “бүүдийлж” эхэлсэн нь анхаарал татаж байна. НҮБ-тай байгуулсан гэрээний дагуу зохион байгуулагдах энэхүү томоохон олон улсын арга хэмжээ хэр амжилттай болохоос Монгол Улсын Засгийн газар, тэр дундаа Ерөнхий сайд Г.Занданшатарын танхимын чадавхид дүгнэлт өгөгдөнө.
Гэтэл байгаль орчны асуудал хариуцсан сайд Б.Батбаатар нь бэлтгэл ажлын нэрээр өндөр зардалтай гадаад томилолтуудад явсан асуудлаар шүүмжлэлд өртөөд байна.
Түүнчлэн намынхаа санхүүжилттэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт дуудагдсан гэх мэдээлэл ч гарсан нь улс төрийн нөхцөл байдлыг улам хүндрүүлжээ.
Үүнээс гадна түүний удирддаг Иргэний зориг ногоон нам (ИЗНН) дотооддоо хуваагдалд орж, Онц их хурлаа зарлан намын даргаа чөлөөлөх шийдвэр гаргасан нь анхаарал татаж байна. Намын гишүүд нь Улс төрийн намын тухай хуульд заасан эрхийн хүрээнд намын удирдлагаа шинэчилж, сайд Б.Батбаатарыг намыг төлөөлөх “мандат”-гүй болсныг мэдэгдсэн нь улс төрийн том дохио болж байна. Парламентад суудалтай намын удирдлагаа авч явж чадахгүй байгаа хүнд төрийн сайдын хариуцлагатай албыг бүрэн дүүрэн үүрэх чадвар байна уу гэх асуулт эндээс гарч ирж байна.
Засгийн газар ч энэ нөхцөл байдлыг анзаараад, COP17 хурлын зохион байгуулалтын ажлыг дэд сайд Б.Мөнхтамирт шилжүүлсэн гэх мэдээлэл бий. Гэсэн ч сайд Б.Батбаатарын гадаад томилолтын зардал олны анхааралд өртөөд байна. COP17 хурлын бэлтгэл уулзалтад оролцох нэрээр дөрвөн улсад хийх томилолтын зардлыг нэг тушаалаар баталсан бөгөөд нийт дүн нь 1 тэрбум 412 сая 936 мянга 740 төгрөг болжээ. Үүнд:
• АНУ – 37,268,348 төгрөг
• Бразил – 685,007,858 төгрөг
• Панам – 312,577,210 төгрөг
• Кени – 378,083,324 төгрөг Нийт: 1,412,936,740 төгрөг Төрийн ажил зардалтай гэдгийг хэн ч үгүйсгэхгүй.
Гэвч улсын төсвөөс гарч буй зардал үндэслэлтэй, ил тод, хяналттай байх ёстой. Салбарын сайдын бэлтгэл уулзалтын томилолтод тэрбум гаруй төгрөг зарцуулж байгаа энэ нөхцөлд COP17 хурлыг бүхэлд нь зохион байгуулахад нийт хэдий хэмжээний төсөв зарцуулагдах вэ? гэдэг асуулт зайлшгүй гарч ирнэ.
Өмнө нь Монгол Улс олон улсын томоохон арга хэмжээ зохион байгуулж байсан туршлагатай. Тухайлбал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед Улаанбаатар хотноо зохион байгуулсан АСЕМ-ийн уулзалтын дараа төсөв, зарцуулалтын асуудал олны анхааралд өртөж байсан билээ. Иймээс энэ удаад алдаа давтагдах ёсгүй.
COP17 бол Монгол Улсын хувьд зөвхөн хурал биш, дэлхийд өөрсдийгөө харуулах боломж юм. 12 хоногийн турш 190 гаруй орны 8-10 мянган төлөөлөгч Монгол Улсад ирж, Монголын бодлого, соёл, хөгжилтэй танилцах юм. Тиймээс энэ арга хэмжээг улс төрийн маргаан, төсвийн эргэлзээ, зохион байгуулалтын сул талд “живүүлэх” биш, харин үндэсний нэр хүндийн асуудал болгон авч үзэх шаардлагатай.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд Б.Батбаатарын үйлдлүүд нь өнөөдөр Засгийн газрыг бүхэлд нь “муухай” харагдуулж байна гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар анхааралдаа авах цаг иржээ.