Нэг ам.доллар өнөөдрийн байдлаар 2564.4 төгрөгтэй тэнцэж байна. Яг энэ өдрөөс нэг сарын өмнө 2472.9 төгрөгтэй тэнцэж байсан ам.доллар яагаад ийн огцом өсөв.
Монголбанк энэ оны эхний ёсөн сарын байдлаар 14.3 тонн алт худалдан авсан. Мөн гадаад валютын урсгал өсөлттөй байгаа, нөөц хангалттай байгаа гэх мөртлөө ам.долларай харьцах ханш яагаад ийн сулраад байна вэ.
Энэ талаар эдийн засагчид судлаачид өөр өөр байр суурьтай байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээс харж байгаа биз ээ. Тухайлбал зарим нь эдийн засаг сэргэж, гадаадын хөрөнгө оруулалт ихсэж, гадаад валютын урсгал нэмэгдэж, нөөц хангалттай байхад ам.долларын төгрөгтэй харьцах ханш ийн савлах нь Төвбанкны бодлого муугийнх. Яг одоогийн нөхцөлд ам.доллар ингэж тэнгэрт цойлох учиргүй хэмээн тайлбарлаж байна.
Харин Монголбанкны зүгээс “Энэ онд ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтээр хөтөлбөрийн хүрээнд нийт 136.9 сая ам.долларын санхүүжилтээр орж ирсэн боловч “Дим Сам”, “Чингис” бондын хүүгийн болон үндсэн төлбөрийг төлсөн, эдийн засаг эрчимжиж буйтай холбоотой үйлдвэрлэлд ашиглах импортын барааны эрэлт нэмэгдсэн, нүүрсний тээвэртэй холбоотойгоор ачаа тээврийн үйлчилгээний импорт өссөн зэрэг нь төлбөрийн тэнцлийн алдагдал өсөхөд нөлөөлж байна” гэх тайлбарыг өгсөн байх юм.
Товчхондоо бол валютын орох урсгал өмнөх жилийнхээс сайжирч байгаа боловч эдийн засгийн идэвхижил, улирлын онцлогоос шалтгаалан валютын эрэлт богино хугацаанд нэмэгдсэн нь сүүлийн саруудад валютын ханш өсөхөд нөлөөлсөн хэмээн тайлбарласан.
Харин ард иргэд одоо ингэж огцом өсгөж байгаад сонгуулийн өмнөхөн жаахан буулгана хэмээн хардана. Энэ бол өмнөх сонгуулиар ажиглагдсан жил болохоор иргэдийн дунд тийм таамаг, хардалт байхыг үгүйсгэх аргагүй юм.
Юутай ч ам.долларын ханш тэнгэрт цойлж, энэ хэрээр ард иргэдийн нуруун дээрх ачаа хүндэрч байгааг Монголбанкныхан болон Засгийн газрынханд дуулгахыг зорилоо.
Сэтгэгдэлүүд