Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Катар Улсын Зөвлөлдөх зөвлөл (парламент)-ийн дарга Ахмед бин Абдулла бин Зайед Аль Махмудтай уулзлаа. УИХ-ын дарга уулзалтын эхэнд хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш харьцангуй богино хугацаа буюу 20 жил өнгөрч байгаа ч хамтын ажиллагааны эхлэл сайн байгааг тэмдэглээд, ноён Ахмед бин Абдулла бин Зайед Аль Махмудыг Катарын Зөвлөлдөх зөвлөлийн даргаар сонгогдсонд нь баяр хүргэв.Худалдаа, эдийн засаг, батлан хамгаалах зэрэг салбарын хамтын ажиллагаа өргөжиж, Монголын хууль хяналт, төрийн байгууллагын ажилтнуудыг сургалтад хамруулж буйд УИХ-ын дарга М.Энхболд талархал илэрхийллээ.
Тэрбээр дэлхийд томд тооцогдох, нэр хүндтэй Катарын хөрөнгө оруулалтын сангаас хөрөнгө оруулалт татаж, цахилгаан эрчим хүч, төмөр зам, зэс, нүүрс боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлалын зэрэг чиглэлээр хамтран ажиллах сонирхол бидэнд бий. Манай Засгийн газраас энэ талаарх саналаа хүргүүлсэн. Катарын Зөвлөлдөх зөвлөл болон ноён Ахмед Аль Махмуд таныг эдгээр асуудал болон салбаруудын хамтын ажиллагааны нэгэнт тогтсон гэрээ, хэлэлцээрүүдийг парламентаараа соёрхон батлахад анхаарал тавьж, дэмжихийг хүсэж байна гэлээ. УИХ-ын дарга М.Энхболд “Сайн харилцаатай, анд нөхдийн хувьд бид Катарын эргэн тойронд үүссэн нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байдаг. Асуудлыг зөвшилцлийн замаар харилцан ойлголцож шийдвэрлэж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.
Ноён Ахмед Аль Махмуд “Бид Монгол Улстай тогтоосон харилцаагаа ямагт өндрөөр үнэлдэг. Парламент хоорондын болон эдийн засгийн харилцааг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд анхаарах болно. Холбогдох байгууллагууд төсөл, хөтөлбөрийн асуудлаар шууд харилцаж байх нь зөв. Элчин сайд, яамд ойр дөт ажиллах нь зүйтэй” гэдгийг онцолж хэллээ.Тэрбээр Катарт үүссэн нөхцөл байдлын талаар тайлбарлаж, Монгол Улс, Монголын парламент Катарыг дэмжинэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв. Уулзалтын үеэр өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах асуудлыг хөндөж, Катарын Эрхэм дээд Эмир Монголд айлчлах урилгатай, Монгол Улсын Ерөнхий сайд Катарт айлчлахаар төлөвлөж буйг УИХ-ын даргын зүгээс дахин нотлов. Түүнчлэн Парламентын хоёр тэргүүн харилцан бие биенийг тус тусын улсдаа айлчлахыг урьсныг талархан хүлээж авлаа.
Comments