энтертаймент

“Хар тас” Марка: Бор дарсанд алтан сайхан насныхаа 25 жилийг үрчихсэн одоо өөрийгөө олчихсон болохоор “мөс хагалах”-аар урлагт эргэн ирлээ

0

Монголд анх удаа реп, хип хоп урсгалын өнгө төрхийг мэдрүүлж гудамжны бүжгийг тайзнаа маш амжилттайгаар хөрвүүлж залуусыг байлдан дагуулж байсан хамтлаг бол “Хар тас”. Тус хамт­ла­г хөгжмийн ритм, бүжгийн хөдөлгөөн, хувцас­лалт имиж тухайн үед хэнийг ч өмнөө гишгүүлж байгаагүй юм. Тэгвэл тус хамтлагийнхан эргэн тайзнаа ирж мөс хагалж, гал гаргах тоглолтоо хийхээр болжээ. Энэ талаар “Хар тас” хамтлагийн ахлагч Марка буюу И.Бадмаарагтай ярилцлаа.

-Монголын анхны реп, хип хоп “Хар тас” хамтлаг байгуулагдсан түүхээс хоёулаа ярилцлагаа эхэлье?

-Монголд ардчилал үүссэн цагаас эхлээд барууны урсгал хүчтэй орж ирсэн. Үүнд бид хүүхэд залуусыг байлдан дагуулсан. Тухайн үед бид 15, 16 настай хүүхдүүд байлаа. Манай хамтлагийн үндсэн гишүүд болох Тамир, Пүрэвдаш, Батсүх, Зоригоо, Жагаа, Жоонгий, Отгонтамир гээд маш олон хүмүүс “Хар тас” хамтлагийг байгуулж байсан. Бидний үед бүжгийн тэмцээнүүд их болдог байсан. Энэ тэмцээнүүдээс шалгарч шигшигдээд супер бүжигчид нь нийлж хамтлагаа байгуулсан түүхтэй. Бид нар гудамжны урлагийг тайз руу хөрвүүлж чадсан. Америкт болохоор нийгэм, арьс өнгөний үзэл ид өрнөж үүний эсрэг дуу хоолойгоо хүргэж эхэлсэн. Тэд ч бас тайзны урлаг руу хөрвүүлж чадсан. Харин нөгөө хэсэг нь гудамжны урлаг хэвээр нь авч явсан л даа. Үүнтэй л адил бид бүжгээрээ анхдагчид байж хөгжүүлж чадсан. Харин сүүлдээ үглэж сурах ёстой юм байна гэдгийг ойлгосон. Францад Supreme NTM хамтлаг нийгэм, улс төр рүү чиглэсэн бүтээлүүдээ хийж эхэлсэн. Ерөнхийдөө бидний урлаг бол цэвэр дуу хоолойны ардчилал үнэт зүйл гэдгээ хадгалж монголд үүссэн түүхтэй.

-Бүжгийн хамтлагаар анх байгуулагдаад сүүлдээ хип хопчид болжээ.

-Сүүлдээ дуу хийж байж энэ хамтлаг өнө мөнх удаан оршин тогтнох юм байна гэдгийг ойлгосон. Би тухайн үед хөгжим бүжигт суралцаж байхад 1993 онд “Хар тас” хамтлаг авч байсан юм. Би өөрөө төгөлдөр хуурч учраас энэ хамлагийн цаашдаа дуу хийх тал дээр нь зангидаж авч явсан. Хамтлагт ороод л ахлагч болоод маш хурдан хугацаанд 12 дууг хийсэн. Энэ дуунуудаа тайзны хэмнэл рүү буюу реп жанрт оруулаад үглэж монголд анх гарч ирсэн дээ. Ер нь бол би амьд түүх явж байна аа л гэсэн үг.

-Уран бүтээлд юуг өгүүлж байв?

-Амьдрал хэцүү болсныг л тусгаад дуулсан. Энэ нь гудамжнаас үүссэн ганцхан манай хамтлаг гэхгүй хотын гэсэн тодотголтой бүх залуус ам амандаа үглэдэг байсан. Өнөөдрийг хүртэл “Бүрхэг тэнгэр” дуу маань амь бөхтэй байгаад байна. Тухайн үед картын бараатай, зах зээлийн үе рүү шилжсэн бүх хүмүүс өлөн зэлмэн амьдарч байсан хэсэг үе таарсан. Бид нар маш их зовлон бэрхшээлийг давж гарч ирсэн бүхэл бүтэн үе. Энэ үед бид амьдралын шуурганд өртсөн. Тэгээд л тухайн цаг үеийнхээ нийгэмдээ тохируулж үгээ бичсэн.

“Одоо цагийн манай оронд

Олон муу юм шүглэж байна

Орондоо орж хэвтсэн ч айж зүүдлэх нь их боллоо

Тайван байна аа гэвэл та нарыг хуурсан буруутан

Тав алдсанаа засахгүй бол талаар болох нь яана даа” гээд тухайн үеийн ах нарыгаа их шүүмжилж эхэлсэн. Тухайн үеийн эрх мэдэлтнүүд Жасрай, Багабанди нар руу чиглэсэн. Үгийн төгөлдөр хууран дээр би хийхдээ зөөллөж Р.Чойномын шүлгээс оруулсан талтай.

-Улс төрчдийн зүгээс дарамт ирж байв уу?

-Одоо бол харьцангуй гоё болчихлоо. Залуучууд маань өөрсдөө гэр гэртээ хийгээд үгээ хүргэдэг болчихлоо. Бид нарын үед бүх зүйл хаалттай. Одооных шиг сошиал гэж байхгүй. Ийгл, 25-р суваг, Үндэсний телевизээр явуулахыг хориглодог байлаа. Харин хэдэн фм-үүд дууг маань хаалт боолттой ч явуулдаг байсан.

-Одоо “Хар тас” хамтлагийн гишүүд юу хийж байна?

-Манай хамтлаг чинь маш олон бүрэлдэхүүнтэй. Энэ урлагийг түгээн дэлгэрүүлэх гэж гадаад, дотоодын аялал тоглолт гээд маш олон бүрэлдэхүүнтэй. Маш олон шавьтай. Хамтлагийн дотоод зохион байгуулалт бол Марка гэдгээрээ явдаг байсан. Би өөрөө хамтлагийн ахлагч үг, ая, хөгжмийг зохионо. Харин үлдсэн хэд маань орох нь ороод гарах нь гараад л явсан.

-Энэ жил хамтлаг байгуулагдсаны 33 жил, “Бүрхэг тэнгэр” дуу бүтээгдсэн 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулж фенүүддээ гэнэтийн бэлэг барих гэж байгаа гэсэн. Сонин сайхнаасаа хуваалцана уу?

-Бид нар үүнийг 19 жил хүлээлээ. Би бол “Хар Тас” Марка гээд хувийн статустай явдаг. Харин хамтлаг нэгдсэн бүрэн бүрэлдэхүүнээрээ зохион байгуулалт орж тайзнаа гарах гэж байна. Сүүлийн дөрвөн жил бид үүндээ бэлтгэж хөдөлмөрлөлөө. Яагаад гэвэл “Бүрхэг тэнгэр” дуу чинь өөрөө мөс хагалсан дуу. 1993 онд ингэж мөс хагалчихаад одоо яагаад дахиад мөс хагалж болохгүй гэж.

Энэ мөс хагалалт бас урлагийн түвшинд яригдаж байгаа. Учир нь урлаг ухралт хийчихсэн. Сүүлийн 10-аад жил урлаг эрс ухарсан. Залуучууд илүү Солонгос, Ази тал руугаа мэдээлэл нь харьцангуй их болсон. Нөгөө шүтээд байгаа Азиуд нь болохоор Америк, Европоо л шүтдэг. Тэгэхээр монгол гэдэг үндэсний хэв шинж нь дарагдчихсан. Одоо бид нар цэвэр дэлхийн стандартыг барьж мэргэжлийн түвшинд гарч ирэхээр бэлтгэлээ хийлээ.

-Сүүлийн жилүүдэд олон хамтлаг, дуучид төрөн гарч ирсэн. Одоогийн залуус урлагийг ухарсан гэхээр хүлээн зөвшөөрөхгүй байж магадгүй. Та залуу уран бүтээлчдийн бүтээлийг хэрхэн хүлээж авч байгаа вэ?

-Энэ бол ерөөсөө манай нийгмийн асуудалтай холбоотой. Хүмүүсийн үзэж байгаа тархи, оюуны бядтай холбоотой. Дүү нар маань ихэвчлэн маш энгийн зүйл сонирхдог болчихсон. Хүчлэх шаардлагагүйгээр энгийнээр тайзан дээр гараад мөнгө олчихдог, болчихдог гэдгийг л хэлээд байгаа юм. Энэ чинь л урлагийг үнэгүйдүүлээд байна. Ингэхээр дүү нартай тайзны соёл гэдгийг яриад ч хэрэггүй байхгүй юу.

2018 онд бид хар тамхины эсрэг нэлээн том акц хийж байсан. Цагдаагийн ерөнхий газар, Хар тамхитай тэмцэх хэлтэстэй хамтраад хар тамхи сурталчлан дуулаад байгаа бүх реп, хип хоп хамтлагуудтай уулзаад цаашдаа энэ талаар уран бүтээлдээ тусгахгүй байх албан үүрэг өгсөн. Энэ үүрэг өнөөг хүртэл албажин явж байгаа. Эвент мастерсийн продюсер М.Дорждэрэм бид хамтдаа “Саруул Монгол” гээд хоёр ч удаа хар тамхины эсрэг маш том аян Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Урлагт би байгаа учраас дүү нартаа хэрхэвч ингэж болохгүй гэдгийг зөвлөсөн ухаантай юм. Тэр чинээгээрээ хэн ч хар тамхи сурталчлахгүй байгаа.

-Гэхдээ сүүлийн үед залуу артистууд хар тамхи хэрэглээд хуулийн дагуу арга хэмжээ авахуулчихсан байж буцаад тайзан дээр гарах болсон. Энэ тал дээр таны бодол?

-Энэ бол хамгийн хөлдүү толгой нар гэсэн үг. Миний хувьд бол маш сайн бодлого боловсруулаад тэр уран бүтээлчийг тайзан дээр дахиж гаргахгүй байх тал дээр олон нийт жигших хэрэгтэй. Хар тамхи хэрэглэсэн хүнийг зарим тохиолдолд хохирогч гэж үздэг юм байна лээ. Олон зүйлсийн нөлөөнд автаж хэрэглэсэн хүмүүс байдаг. Хамгийн гол нь үүний цар хүрээг нэмэгдүүлэхгүй байх тал дээр бид манлайлж, дуугарч байх ёстой.

-“Бүрхэг Тэнгэр” дууны бүтсэн түүх. 33 жилийн өмнөх ба өнөөгийн нийгэмд өөрчлөлт гарсан уу?

-Түрүүн би ярьсан гудамжнаас бүтсэн дуу. Амьдрал ямар байна би тэр үед яг л өнөөгийн нийгмийг харсан юм шиг бичжээ. 10-аад жилийн өмнө нэртэй улс төрч хүн “Марка одоо амьдрал сайхан болж байгаа шүү дээ. Энэ талын дуугаа болиорой” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “үгүй” гэж хариулсан даа. Хөгждөггүй юм аа гэхэд энэ нийгмийн бохир заваан асуудал үгүй болоод эцэслэгдсэн тохиолдолд энэ дуу өөрөө зогсоно. Шударга бус зүйлс байгаа учраас “Бүрхэг тэнгэр” дуу амьд байгаад байна.

-Маш олон хүн цуглах боломжтой UG ARENA-д тоглолтоо хүргэж байгаа. Энэ талаараа?

-Бид тоглолтоо дуу хоолой, үзэл бодлоо аль болох олон хүнд хүргэх үүднээс энэ заалыг сонгосон. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар Ч.Ананд захиралтай “Топ шилэн хөшиг”, “Тэнгэрийн цагаан морь холдинг”, Ерөнхий продюсер, маркетинг тал дээр М.Дорждэрэм захиралтай “Event Masters” энтертайнмент, Ерөнхий найруулга С.Ононбат захиралтай “Он энд Офф” продакшн тус тус ажиллаж байна. Мэдээж биднийг дэмждэг урлагийн найз нөхөд, надтай хамтарч дуулсан гээд рок попын бүхий л хамтлаг дуучид хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлсэн энэ хаврын жинхэнэ том тэсрэлт байх болно. Бид ч өөрсдийгөө сорих ёстой. Хоёр дахь тоглолтын өмнө бид тэсрэх ёстой гэдгээ ойлгосон.

-Ид байлдан дагуулж байсан үеийнхээ дурсамжаас дурдвал, одооныхоор та их краштай байсан байх?

-“Хар тас” хамтлагт орсон үеэсээ эхлээд 2000-аад он хүртэл яг л одын хэмжээнд явсан. Хүний эдлээгүйг эдэлж, барьж үзээгүй мөнгийг нь бариад, авч үзээгүй гоо охидуудын хажуудаа суулгаад яг Султан хаан шиг л явсан омголон үе. Мэдээж амьдрал чинь бүгдийг ойлгуулж өгдөг. Үүнтэй би нүүр тулсан. Өдий хүртэл урлагтаа үнэнч байгаагийн шалтгаан нь энэ бүгдийг би даваад гарч ирсэнд бий. Тийм учраас л дүү нартаа алдаж болохгүй гэдэг зарчмыг л ойлгуулж дахиж мөс хагалах гээд байгаа нь энэ юм. Алтан тайз чинь ийм учиртай шүү гэдгийг л дүү нартаа ойлгуулах гээд байгаа юм. Түүнээс мөнгө олох гээд байгаа зүйл огт биш.

-Амьдрал олон өнгөтэй гэж ярьдаг. Та одоо аль өнгөөр нь амьдарч яваа вэ?

-Би бол гал шиг асчихсан, ерөөсөө л гал. Галыг улаан өнгөтэй дүрсэлдэг. Хүн өөрийгөө олсны дараа найз нөхдөдөө туслах ёстой гэдэг. Би бол өнөөдрийн хувьд өөрийгөө олчихсон. Одоо би газар шороо, улс орныхоо төлөө үргэлжлүүлэн дуугарах, мөс хагалах гэж би түрүүн хэлсэн үүнийг л манлайлах болно.

-Та түрүүн бор дарсанд ч орж явлаа гэлээ. Хэр удаан хэрэглэв?

-Хамаг зоригтой алтан сайхан насаа үрчихсэн байгаа байхгүй юу, 25 жил архитай нөхөрлөсөн. Ард түмэн чинь өөрсдөө шидэж унагаадаг гээч л болсон. Адарсүрэн ахыг яалаа даа. Миний эцэг хөгжмийн зохиолч Индрээ гэж хүн байсан. Шавь нар нь Адарсүрэн ах, Чинзориг, Шарав, Билэгжаргал гуай гээд байсан. Би өөрөө цэвэр урлагийн гэр бүлд төрж өссөн. Энэ агуу хүмүүс тав дахь өдөр болгон манайд ирж шоуддаг байсан. Энэ бүгдийг би туулсан, намайг тойроогүй биш дайрсан. Намайг гэдэг байсан 20-30 хүн үргэлж мөнхөд байлаа. Хүн унаад ирэхээр найз нөхөд шигшигдээд үлддэг гэж үнэн юм байна лээ.

-Энэ хазгай гишгэсэн үедээ хэзээ цэг тавив?

-Энэ бол ерөөсөө л тархи, оюун ухаан. Би чинь амьдралдаа гурван удаа бараг үхэж үзсэн. Санаандгүй үхлүүдтэй нүүр тулсан. Үүнийг бол яриад яах вэ. Хамгийн гол нь энэ бор дарсны буруу хэрэглээнд хүн өөрөө өөрийгөө дуусгадаг. Амьдралд шантрах хэсэгхэн үеийг давж чадалгүй л уусан гэж би бодсон. Эрэгтэй хүн ухаан дутсан үедээ л бор дарсанд автдаг юм болов уу, энэ бол хамгийн новшийн үе.

-Унахад чинь нөгөө дагаж явсан 20, 30 нөхдөөс хэдэн нь үлдсэн бэ?

-Хүний зан чанар энэ үед л мэдэгддэг юм байна лээ. Хүнийг нэр алдартай, мөнгөтэй явахад бүх хүн дагадаг. Одоо ч энэ бичигдээгүй хууль үйлчилж л байна. Гэхдээ бүр сонин байдлаар урд нь бид ах хүнийг эрхэмлэн дээдэлдэг байсан бол одоо мөнгөтэй хүнийг эрхэмлэдэг болчихлоо. Тэр хүн өөрөөс нь дүү байсан ч хамаагүй. Миний гол зарчим бол хэний ч өмнө сөхөрч, унтарч байгаагүй. Ёстой гал шиг л явсан. Энэ бол мөнхөд байсан сая л сэрээд гал маань дүрэлзэн аслаа.

Үүнийг асаахын тулд маш их хугацаа орж байгаа юм. Хамгийн айхтар хамааралтай зүйл нь хүүхэн байдаг. Архийг дагаж хүүхэн орж ирдэг. Одоо бол нууц амраг гэдэг шүү дээ. Энэ бол огтоосоо байх ёсгүй юм. Мөнгийг архи дагаад ороод ирнэ. Архийг хүүхэн дагадаг. Мөнгөнд бүхий л хар бараан зүйлс наалдаж явдаг.

Монгол эр хүнийг яагаад гэрэл гэгээтэй, ноён нуруутай гэж ярьдаг вэ гэхээр үндэс нь энэ. Гал тотгоо цэвэр ариун авч явах. Энэ муухай зүйлээс хол явсан эр хүн хийморьтой, ноён нуруутай айл гэрийн өрхийн тэргүүнээрээ үлдэнэ.

Би чинь бацаан байхдаа хамгийн үзэсгэлэнтэйг нь барьж авдаг байсан. Энэ бол дуусдаггүй юм байна лээ. Миний гол алдаа л энэ. Үүний ард нь маш олон хүний амьдрал яригддаг. Үйлийн үр хаалга андуурдаггүй юм. Олон хүүхэнтэй завхайрахад эр хүн тэр хэрээрээ бузартаж хийморьгүй болно. Монгол эр хүний хийморь босоо гэдэг энэ нь бүр тэгээсээ хасах руугаа орно. Үүнийг эрчүүд давахгүй бор дарсанд ордог. Миний хувьд энэ бүхнийгээ ойлгодог болчихсон. Надад одоо мянга царайлаг, сайхан хүүхэнд байгаад ч хэрэггүй. Өөртөө хөшиг татчихсан учраас хоёр дахь хүн хэрэггүй.

-Та арай залуудаа өөрийгөө татсан бол гэж бодож байв уу?

-Үгүй шүү дээ. Би яах гэж эцэг эхээс төрсөн юм. Өгөгдөл нь шал ондоо. Юу бүтээх гэж энэ дэлхийд ирсэн юм. Тэгвэл миний хүсэл мөрөөдөл ганц урлаг биш. Би тэрийгээ олж хараад л зүтгэсэн. Ингэхийн тулд 100 уул бараг давсан. Үүнийгээ олж хараагүй байсан бол миний зарим зан хэзээ ч дарагдахгүй байсан байх болов уу.

-Магадгүй урлагийн хүн гэдэгтэй холбоотой юу?

-Урлаг бол маш гэгээлэг. Миний хар талыг дарсан. Хар бүх муухай бүхнийг дарсан. Үйлийн үрийг тэнцүүлсэн нь л урлаг. Тэгэхээр урлаг маш хүчтэй. Хүмүүст аз жаргал, баяр өгнө гэдэг сайхан зүйл энэ үйлийн үртэй хүний амьд яваа шалтгаан нь энэ.

-Одоо таны хувийн амьдрал төвхнөсөн үү?

-Би энэ редакц руу ирэхээсээ өмнө хоёр охиноо гадагшаа явуулчихаад ирлээ. Яагаад гадагшаа явуулах болсон бэ гэхээр монголын нийгэм хүүхдүүдэд ямар байгаа билээ. Би аргаа барсандаа л явууллаа. Монгол орон минь сайхан ч гэлээ нийгэм ямар байна. Энэ нийгэмд хэрэгтэй хүн болоод ирээсэй гээд л хоёр балчир үрсээ явууллаа. Би өөрийгөө олоогүй байхдаа хэд хэд салаад үзчихлээ. Үүнийг бол хэзээ ч ярьдаггүй. Одоо амьдрал минь тогтож жинхэнэ эр хүн болсон.

-Таныхаар энэ нийгэм ямар байгаад охидоо гадагшаа явуулав. Айдас хүйдэстэй байна уу?

-Маш том асуудал бол айдас хүйдэс. Охин үрүүдтэй хүн чинь их айдаг юм байна. Том болоод сургуульд сурна. Нэгдүгээрт хар тамхины хэрэглээ. Хэрэглэдэг нэг нь уруу татчих бүрэн боломжтой нийгэм. Үүнээс ч айж охиноо хөгжим бүжгийн коллежид оруулсан. Сошиал хэрэглээнд порно сайт энгийн болчихсон. Уг нь энэ бүгдийг гадны оронд хуульчлаад өгчихсөн байдаг. Хоёрдугаарт, хүчирхийлэл. Нэгнээ үзэн ядаж атаа жөтөө хийдэг. Амны билиггүй нийгмийн стрессээсээ салж чадахгүй байгаад байвал арилахгүй.

-Тэгвэл 33 жилийн өмнөх монголын нийгэм өндөр барилгаас өөрөөр өөрчлөгдөөгүй юм уу, таныхаар?

-33 жилийн өмнө бид нар Соёлын төвд бүжгэндээ орчихоод хороолол руу алхдаг байсан юм. 2000-аад онд монгол орон маань битүү өндөр байшинтай, samsung, nokia гэсэн бичигтэй гэрэл асдаг болох байхдаа гэж ярьдаг байв. Тэрийг аминдаа хөгжил л гэж боддог байж л дээ. Гэтэл эсрэгээр байжээ. Бид нар ямар ч газаргүй болж, хахуульд идэгдэж, нийгэм өөрөө ялзарсан юм байна. Ард түмэн л нэг шийдэлд хүрэхгүй бол цаашид хөгжинө гэж би хувьдаа харахгүй байна.

-Яаж өөрчлөгдөөсэй гэж бодож байна. Мэдээж улс л юм чинь төвхнөх л ёстой л доо?

-Миний бодол улс төр гэхээр ардчиллын ах нарт их баярладаг. Бид нарыг чөлөөтэй үглэх, үгээ илэрхийлэх өнөөдөр бидний өмсөх зүүх хүртэл маань чөлөөтэй болсон. Нөгөө талаараа, хэтэрхий бид гадны хараат долларын боол болсон. Үүнийг миний хувьд лав ойлгосон. Би цэвэр ардчиллыг биднийг боолын систем рүү л аваачихсан гэж хардаг. Монгол оронд бол өөрийн гэсэн үндэсний хэнээс ч хараат бус тогтолцоо хэрэгтэй. Швейцар шиг гэсэн үг. Британийг агуу гэдэг, боддоо. Яагаад агуу гэдэг үг ордог юм. Уг нь агуу чинь монголд хамаарагдах ёстой байсан байхгүй юу. Агуу Монгол гүрэн. Тэгээд монгол гэсэн маш том бүхий л улсуудтайгаа нээлттэй харьдцаг тогтолцоог авч үлдвэл нэг намын эрх мэдэл алга болно.

-Та сонгуулийн сурталчилгаанд хэр явж байв?

-Би МАН, АН-ын сурталчилгаанд хоёуланд нь л явсан. Хамгийн сүүлд 2012 оноос хойш урлагийн тоглолт үзүүлэхгүй гэж хаах хүртэл нь би хангалттай явсан. Тухайн үед хүүхдүүд байсан болохоор мөнгө олно гэдгээр л явсан. Харин одоо бол хэний төлөө ам нээх үү гэдгээ чухалчилна. Хоёр намд надад найз нөхөд зөндөө бий. Бүгд надтай тэврэлдэж, баярлаад угтаж авч уулздаг. Марка үэзл бодолдоо үнэнч гэдгээр маань мэддэг учраас над руу халдаж чадахгүй. Би тэд нарт худалдагдахгүй, үзэл бодлоо худалдахгүй ээ.

-Өнгөрсөн долоо хоногт таниас ярилцлага авахаар цаг тохироход шинэ клипний зураг авалттай байна гэсэн. Хэзээнээс цацагдах уу, өгүүлэмж нь юуны тухай вэ?

-Би мөс хагалж, хувьсал хийнэ. Дөрвөн жил бэлтгэсэн ажил маань олонд хүрнэ. “On’n off” продакшн хийгээд дууссан. Тоглолтоос өмнө цацна. Клип цацагдаад эхлэнгүүт орчин үеийн залуус ч бидний фенүүд ч “Хар тас” хамтлаг гэж нийтээрээ дахин мэдэх болно.

-Танай хамтлагийн фенүүд их баяртай хүлээж авах байх аа. Харин орчин цагийн залууст шинэ мэт л санагдах болов уу?

-Орчин цагийн залуус гаднынхныг их сонсдог болчихсон. Тэгэхээр монголчуудыгаа жиших нь ойлгомжтой болсон. Нэг ёсондоо сонсогч нарын маань чих сайжирсан. Гэтэл урлагийнхны чих нь сайжраагүй. Сурсан мэдсэн зүйл нь потенциал нь байхгүй байгаа. Энэ нь нэг дутагдал. Харин бид нарын хувьд яг энэ залууст чиглэсэн дэлхийн стандартыг бариад байгаа юм. Хөгжим дуу, үглээ, реп талдаа бол хэнийг ч урдаа гишгүүлэхгүй болсон гэдгийг л харуулна.

-Хэдэн клип цацагдах уу?

-Хоёр клипээр бэлэг барина. Хоёулаа сенсац тарина гэж бодож байна.

-Та өмнө нь нас явсан ч би бүжиглэдэг хэвээрээ гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярьсан байдаг. Одоо та бүжиглэх үү?

-Манай хамтлагийн бүх дуу бүжигтэй. Уянгын дуу байдаггүй. Би бол цэвэр гудамжны бүжигчин. Маш олон тэмцээний шүүгчээр ажиллаж байсан. Бид бүжиглэхгүй бол утгаа алдана. Нэг стиль имиж маань бүжиг.

 

-Тоглолтын үеэр хэн, хэн тайзан дээр гарч ирэх вэ?

-Тоглолтын сюрприз нь нийт масс сайн танихгүй Ориг МС. Монголын гудамжны бүжигчид тэр чигээрээ энэ хүнийг хүндэлдэг, хайрладаг. Мөн ууган гишүүн болох дуучин Үүрээгийн нөхөр Пүүгий, Ама, Тамир, миний бие эргэн нэгдэж бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзнаа гарна.

Би олон дуучидтай дуэт дуу дуулсан. 1999 онд дуучин Т.Ариунаатай “Үггүй мордсон чи минь” дууг хамтарч дуулсан. Тэр үеэс миний соло карьер эхэлсэн. Дуучин Д.Болдтой “Ухаарал”, “Хар Сарнай”-гийн Амараа, Т.Дэлгэрмөрөн, Э.Минжинсор, Ж.Алтанцэцэг, “Гала” , “Мотив” зэрэг маш олон хамтлаг, дуучидтай хамтарч дуулсан. Тоглолт дээр хүрэлцэн ирэх олон хамтлаг уран бүтээлчид бий. Бүгдийг урьсан байгаа. “Хар” тас хамтлаг ингэж тайзан дээрээ ирэх гэж гээд бүгд сайхан хүлээж аваад тоглолтод оролцоно гэдгээ хэлсэн. Залуустаа маш шинэлэг хэлбэрээр тоглолтыг мэдрүүлнэ. Мөн өөрийнхөө үеийн залуучууддаа эргүүлээд би гал өгч зоригжуулна.

-Тоглолтод нь амжилт хүсье.

-Баярлалаа.

 

 

Ярилцсан: Х.Даваа

Дуучин, гитарчин О.Гантулга “Он жав” анхны бие даасан тоглолтоо хийнэ

Өмнөх нийтлэл

Замын хөдөлгөөний чиглэлийг өөрчилсөн ТЦА-н даргыг ажлаас нь чөлөөлж, ТУРШИЛТ-г зогсоожээ

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй энтертаймент