ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд болон улсын хөрөнгө шамшигдуулсан тухай есөн үндэслэл бүхий баримт бичгийг иргэн О.Цэрэнтогтох АТГ-т шалгуулахаар өглөө.
Тэрбээр Дорнод аймгаас сонсгогдсон УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун нь Дорнод бүсийн эрчим хүчний станцтай салшгүй холбоотой. Тус станцын дарга нь Х.Болорчулуунтай худ ургийн хамааралтай Отгонбаатар гэж хүн байдаг. 2018 оноос хойш 18 удаагийн тендерийг өөрийн хамаарал бүхий этгээдүүдээр дамжуулж авсан. Мөн 2021 онд зээ дүүгийнх нь компани 2022 онд тусгай зөвшөөрөл авсан ч найман удаагийн тендер авчээ. Мөн төрсөн дүүгээ “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ТУЗ-д багтаасан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байна. Иймд сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарсан материалуудыг нэгтгээд иргэн хүний хувьд, улс төрийн зорилгогүй АТГ-т шалгуулахаар хандаж байна гэсэн юм.
Иргэн О.Цэрэнтогтох, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууныг шалгуулах болсон үндэслэлүүд:
Улсын Их хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулууны талаар илтэд гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд гарсаар байтал хууль шүүхийн байгууллагаас эдгээр асуудлыг шалгахгүй, толгойг нь илсээр байгаа байдал харагдаж байна. Би хэн нэгний өмнөөс ямар нэгэн улс төрийн зорилгогүйгээр зөвхөн шудрага ёсыг хүсч байгаа энгийн иргэний хувиар мянга мянган иргэдийнхээ хүсч байгаа зүйлийг тодруулахаар дараах асуудлуудыг шалгуулах хүсэлтийг гаргаж байна.
- Эргэлт.мн сайт дээрх 2022.11.14-ний өдөр Х.Болорчулуун тендер түүж, төсөв “хонхойлдог” дүү нар буюу 20.9 тэрбум төгрөгийн тендерийн баримт гэсэн гарчиг бүхий МАШ НОЦТОЙ нийтлэл нийтлэгдсэн байна. Уг нийтлэлд: Х.Болорчулуун гэх гишүүний дүү Х.Болор-Эрдэний Дорнод Газар ХХК нь 2018 оноос төрийн байгууллагуудын төсвийн хөрөнгөөр зарласан тендерүүдийг түүж эхэлжээ. Тэр төрийн 17 тендерт шалгарч, 8 тэрбум төгрөг халаасалсан бөгөөд Болорчулууны удирдаж буй ХХААҮЯ-наас л гэхэд 2.8 тэрбум төгрөгийн тендер авсан баримт байна. Энэ тохиолдлын шинжтэй гэж бодох боловч энгийн компани 1 ч тендер асуудалгүй авч чаддаггүй энэ үед бүхэл бүтэн 17 тендер асуудалгүй авч чадаж байгаа нь улс төрийн нөлөөлөл орсон нь мэдээжийн асуудал юм.
Мөн Х.Болорчулууны зээ дүү буюу төрсөн дүү Болорчимэгийнх нь хүү О.Тэмүүлэн гэгч нь “Саруул өргөө Констракшн” ХХК 2021 онд барилга угсралтын, 2022 онд эрчим хүчний цахилгаан хангамжийн тусгай зөвшөөрлүүдийг тус тус авсан хэрнээ, энэ 2 жилийн хугацаанд 11 тендерт 12.9 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэсэн байх юм.
- Х.Болорчулуун гишүүний хамаарал бүхий “Дорнод гурил” ХХК-ийн гурил, гурилан бүтээгдэхүүний нийт 21 тендерт оролцож НАЙМД нь шалгарч, ТАВАН тендер хүлээгдэж байна[1]. Өөрөөр хэлбэл, ашиг сонирхлын зөрчилтэй хүнийг салбарын сайдаар томилсон гэсэн үг. Үүнийг тохиолдолд гэж үзэх үү эргэлзээтэй, түүнийг сайд болсны сарын дараагаас гурилын үнэ 50%-иар нэмэгдсэн байдаг. Ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг учир нь Х.Болорчулуун гишүүн хувийн гурилын үйлдвэртэй гэдгээрээ алдар цуутай хүн. Тодруулбал, Дорнод аймгаас хоёр ч удаа сонгогдсон Х.Болорчулуун гишүүний хувьд 2021 он хүртэл “Дорнод Гурил” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг байсан.
- Эрчим хүчний яам Чойбалсан сумын дулааны цахилгаан станцын өргөтгөл барих НЭГ тендерт ХОЁР компанийг шалгаруулжээ[2].
Дорнод аймгийн Дулааны цахилгаан станцын өргөтгөлийг барих гүйцэтгэгчийг шалгаруулах тендерт Эрчим хүчний яам хоёр компанийг тодруулсан асуудал гарчээ.
2019 оны тавдугаар сарын 10-ны өдрийн тендерийн комиссын хуралдааны дүгнэлтийг үндэслэн “Чойбалсангийн дулааны цахилгаан станцыг өргөтгөх төслийн ажлын зураг төсөл боловсрулах, тоног төхөөрөмж нийлүүлэх, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх” тендерт 2019 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр материалаа ирүүлсэн “Chine Energy” компанийг “Хамгийн сайн”-аар үнэлэн шалгаруулжээ.
Гэтэл тендерт оролцогч компаниас Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамнаас “Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийх”-ийг мэдэгдсэн байна. Ингээд Эрчим хүчний яам Сангийн яамны хүсэлтийн дагуу тендерийн үнэлгээгээ дахин зохион байгуулж “TBEA co” гэх компанийг “Хамгийн сайн”-аар үнэлэн шалгаруулжээ. Гэтэл сүүлд шалгарсан ТВЕА нь Chine Energy компаниас 5 сая доллараар илүү үнийн санал ирүүлсэн байхад хамгийн сайнаар шалгаруулсан нь АЛБАН ТУШААЛЫН ГЭМТ ХЭРЭГ гэж үзэх боломжтой. Энэ хэрээрээ улсын төсвийг үр ашиггүй зарцуулж байгаа бодит жишээ. Энэ тендэр шалгаруулалтын цаана ямар ашиг сонирхол, авлига албан тушаалын асуудал яваад байнаа. Эрдэнэс тавантолгойн уурхайн дотор 110 квт-ын дэд станцын ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “ТВЕА” компани шалгарч туслан гүйцэтгэгчээр “Дорнод газар”, туслан гүйцэтгэгчээр “Илч хангай” компаниуд ажиллаж байна гэх юм.
- БАРИМТ: Ц.Даваасүрэнг ЭХ-ний сайд байхад Х.Болорчулуун 1.5 тэрбумын тендер авч, тэд ДБЭХС ТӨХК-д 3.5 тэрбумын ажил гүйцэтгэх үеэр хүний эрүүл мэнд хохирчээ[3].
БАРИМТ НЭГ: Х.Болорчулууны хамаарал бүхий “Дорнод газар” ХХК нь Ц.Даваасүрэнг Эрчим хүчний сайдаар ажилласан 2017-2020 онд 1.589.407.310 /нэг тэрбум 560 орчим сая төгрөг/-ийн таван удаагийн тендерт ялж Эрчим хүчний салбарт ажил гүйцэтгэсэн байна.
БАРИМТ ХОЁР: Дорнод аймгийн Чойбалсан хот дахь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн /ДБЭХС ТӨХК/ 70 хувийг Эрчим хүчний яам, 30 хувийг Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газар эзэмшдэг байна. Гэтэл 2018 онд буюу мөн л Ц.Даваасүрэнг Эрчим хүч /ЭХ/-ний сайдаар ажиллаж байх үед “ДБЭХС” ТӨХК нь тендер зарлалгүйгээр “Дорнод газар” ХХК-тай шууд гэрээ байгуулж Хэрлэн сумаас Булган сум хүртэлх 35 кв-ын 40 км урттай агаарын шугам болон дэд станцын засвар шинэчлэлийг 3.0 тэрбум төгрөгөөр хийж гүйцэтгүүлсэн байна.
Хамгийн ноцтой нь тухайн үед дээрх агаарын шугамыг шинэчлэхээс илүүтэй ДБЭХС ТӨХК-ийн зуухны засвар, шинэчлэлийн ажлыг хийх зайлшгүй шаардлага тулгараад байсан гэдэг. Гэтэл зуухны засвар шинэчлэлийг хийх туршлагатай, мэргэжлийн компанигүй гэх шалтгаанаар тус ажлыг хойшлуулж, агаарын шугамыг солих ажлыг зохиомлоор бий болгон үнэлгээг өндрөөр тогтоож “Дорнод газар” ХХК-иар гүйцэтгүүлсэн гэж буй. Улмаар тус ажлыг ДБЭХС ТӨХК-ийн инженер, техникийн ажилтнуудаар хийлгэсэн бөгөөд цалинг нь ДБЭХС ТӨХК-иас олгуулсан гэх мэдээлэл байгаа юм. Нөгөөтэй “Дорнод газар” ХХК нь эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулах чиглэлгүй бөгөөд Улсын бүртгэлийн мэдээлэлд гадаад хэлний орчуулга, сургалт, газар тариалан эрхлэх зориулалтай хэмээн бүртгүүлжээ. Одоо “Дорнод газар” ХХК-ийн захирлаар Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнэ ажиллаж байна. ДБЭХС ТӨХК-нь анх удаа 2017-2018 онд гурван тэрбумын ашигтай ажилласан нь ийнхүү тус ажилд зарцуулагджээ.
БАРИМТ ГУРАВ: 2020 оны дөрөвдүгээр сард ДБЭХС ТӨХК нь “Саруул өргөө констракшн” ХХК-тай 1.2 тэрбумын гэрээг байгуулж “КРУ-6кВ-ын II секцийн цахилгаан тоноглолын шинэчлэлийн ажилд бараа материал нийлүүлэх, шинэчлэлийн ажлыг гүйцэтгэх”-үүлэхээр болжээ. Гэтэл “Саруул өргөө констракшн” ХХК нь мөн Х.Болорчулуун сайдтай холбогддог байх байж болзошгүй гэх мэдээлэл байгаа юм. /Төрсөн зээ дүү нь шүү дээ/
“ДБЭХС” ТӨХК нь хэрхэн, яаж Х.Болорчулуутай холбогддог схемийг харвал Гүйцэтгэх захирлаар нь Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болорбаатарын хүүгийн хадам аав Г.Отгонбаатар ажилладаг. Харин Ерөнхий инженер Ө.Жаргалсайхан нь мөн Х.Болорчулуун гишүүний төрсөн дүү Х.Болоржаргалын эхнэр Ө.Сүнжидмаагийн төрсөн дүү аж. Мөн Хангамжийн хэлтэст Х.Болорбаатарын хүү Б.Алтанхуяг нь инженерийн орон тоонд цалин авдаг ч ажлаа хийдэггүй гэх шүүмжлэлийг тус компанийн ажилчид хэлж байгаа юм. / Дорнодын ард түмэн захын хүнээс асуухад Г.Отгонбаатар, Х.Болорчулуун нарын ямар харилцаатай болохыг хэлээд өгнө/
БАРИМТ ДӨРӨВ:Одоо ДБЭХС ТӨХК-ийн 50 мвт өргөтгөх ажлыг 79.5 сая долларын зээлээр гүйцэтгэхээр ажиллаж байна. Хөгжлийн банкнаас тус төслийн ажилд нийт 70.2 сая юанийн зээлийг олгосон. Тендерт БНХАУ-ын компани шалгарсан бөгөөд туслан гүйцэтгэгч компаниуд нь мөн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нартай холбоотой байж болзошгүй аж. Тухайлбал, өргөтгөлийн талбайн инженерээр ажиллаж буй Рэнцэндорж гэгч нь “Дорнод гурил” ХХК-д гүйцэтгэх захирлаар ажиллаж байжээ. / Энэ хүн оюутан цагаас хойш найзалж байгаа хүн /
- Дорнод аймгийн иргэн гэмээр Orkhon Enkhee гэх фейсбүүк хэрэглэгч 2022.11.14-ний өдөр өөрийн фейсбүүк орчиндоо дараах хэсэг бүхий пост оруулжээ. Тухайлбал: …Анх энэ хорооллыг барьж эхлэх үед тендерийг нь одоогийн Хүнс хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун гишүүний дүү аваад яг ажил гүйцэтгэх дээрээ өөр компан оруулсан юм билээ. Ажил гүйцэтгэгч компани ажлаа хийж байх үед нь эрхэм гишүүний дүү дур мэдэн хямдхан зэвтэй турбаг шахсан. Тухайн үед инженерүүд нь эсэргүүцсэн ч хүч нь хүрэлгүй шахаанд нь орж манай хорооллын усны шугам хуучин муу зэвтэй турбагаар тавигдсан. Энэ хүний яриад байгаа үнэн үү. Үнэн бол ингэж улсын төсвийн хөрөнгөөр хийгдсэн ажлыг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж өөрийн хамаарал бүхий дүү нараараа хийлгэж болох юм уу.
- 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Дорнод аймгийн ДБЭХС ”ТӨХК-ны даргаар Г.Отгонбаатар гэдэг УИХ-ын гишүүн Х.Болорчулууны худ болсон билээ. Тодруулахад Баавгайн савар хууль бусаар хил давуулахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн Х.Болорбаатарын хүүтэй охин нь гэр бүл. Г.Отгонбаатар нь дарга болсон цагаасаа эхлэн өөрийн эрх мэдлээ хэтрүүлэх нь хэрээс хэтэрч өөрийн эхнэрийн байгууллагын 4 хүнийг 800,000 төгрөгөөр шагнаж байсан бол одоо бүр байгууллагын шинэ жилийн арга хэмжээгээ хөтлөөгүй хүнд хөтөлсөн мэтээр 5 сая төгрөгийг шилжүүлсэн байна.
Г.Отгонбаатар нь УИХ-ын гишүүн худтайдаа барддаг уу тэжээлийн усны насос худалдан авах тендэрт “Дархан ар шанд” ХХК-нийг 14 хоногт нийлүүлнэ гэж ялагчийг тодруулж гэрээ байгуулсан ч 14 хоног биш 100 хоногийн дараа станцад хүлээлгэн өгсөн нь одоо хүртэл ажилладаггүй гэх. Гэтэл төлбөрийн 294 сая төгрөгийг 100 хувь бүрэн шилжүүлсэн байна. Энэ талаар Дорнод аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын төлөөлөгч Б.Мөнх-Оргил хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл тавьсан.
Мөн Г.Отгонбаатар нь тендэр шалгаруулах үнэлгээний хороо байгуулахдаа багын найз Г.Нямдавааг даргаар томилж, тэрээр сонгосон компанийнхаа туслан гүйцэтгэгчээр хамтарч байгуулж байсан “ДОРСҮХЭ” компаниар ажлыг гүйцэтгэж мөнгийг нь авдаг аргатай юм байна. Дулааны 3-р магистраль шугамд оруулга оруулах солих, шинээр дулаалга хийж будах ажил 299509162 МЭЗ ХХК авсан боловч “ДОРСҮХЭ” компаниар ажлыг гүйцэтгэж станцийн ажилчдаар ажлыг гүйцэтгүүлсэн. Ингэж улсын мөнгөнөөс хумсалж болдог юм уу.
2017 оны тендэрүүдэд Х.Болорчулууны дүү Х.Болор-эрдэнийн “Дорнод газар” компанийг тусгай зориулалтын машин механизм нийлүүлэхэд Сангийн яамнаас хориглосоор байтал илт хууль зөрчиж ялуулсан. Энэ нь өөрийнхөө ар тал болох худ Х.Болорчулууны нөлөөгүйгээр хийх боломжгүй юм.
Мөн “Эрхсаран эрхэс” гэх фейсбүүк хаягний эзэн бичсэн мэдээллээр Төрийн өмчтийн бодлого зохицуулалтын газрын 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 31 тогтоолын хавсралтыг хэвлэсэн байна. Үүнд 1 тэрбум 822 сая төгрөгний зөрчил дутагдал илэрсэн талаар мэдээлжээ. Мөн түүнчлэн энэ байгууллагын ноцтой улсын мөнгийг удаа дараалан шамшигдуулж байгаа талаар 8 удаагийн баримт дэлгэж сэтгэгдэл бичсэн байна. Гэтэл үүнийг шалгасан асуудал байна уу.
- “Мэдээ.мн” сайтад 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг эгүүлэн татна” гэсэн гарчигтайгаар нийтэлсэн мэдээлэлд хүчингийн гэмт хэрэг үйлдсэн талаар мэдээлжээ. Тухайн үед үүнийг цагдаагийн байгууллагаас нэр төдий шалгасан болоод хаачихсан. Х.Болорчулууныг өөрийн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан нөлөөлж өөрт ашигтайгаар шийдвэрлүүлсэн гэж хардаж байна.
- Гэрэг мн. сайтад “ЖДҮ-чин, гурилчин, тариачин Х.Болорчулуун ХХАА байнгийн хорооны дарга болох нь зөв үү ” гэсэн мэдээлэлд Х.Болорчулуун өөрийн компаниар ЖДҮ авснаа зөвтгөн УИХ-ын Байнгын хорооны хурал дээр “УИХ-ын гишүүн зүй бусаар зээл авахад нөлөөлсөн үү гэдгийг шалгах ёстой. Миний хувьд ямар нэг байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй. Орон нутагт үйлдвэрлэл явуулахад ямар хэцүү байдгийг та мэдэх байх. “Дорнод гурил” компани анх удаа энэ сангаас зээл авсан” хэмээсэн юм. Тэрээр 950 сая төгрөгийн зээл авсанаа хүлээн зөвшөөрдөг, гэхдээ шалгалтаар зориулалтын бусаар зарцуулсан уу гэдгийг тодруулмаар байна. Түүнийг өөрийн бэр Ө.Сүнжидмаагийн банк бус санхүүгийн байгууллагаар мөнгийг эргэлдүүлж хүүлсэн гэж ярих юм үнэн үү.
- Тойм.мн сайт дээр “Ерөнхий сайдаа хормой доор чинь хомхой шуналтнууд нуугдсаар байна гэсэн гарчигтай мэдээлэл нийтлэгдсэн. Энэ мэдээлэлд УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулууны хамаарал бүхий этгээдүүд хэрхэн улсын мөнгийг зүгээр идээд сууж байгааг бичсэн байна. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй байна уу гэдгийг шалгуулмаар байна.
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Отгонбаатарын Хувийн ашиг сонирхол хөрөнгө, орлогын мэдүүлэг болон ашиг сонирхлын зөрчилтэй гэх асуудлыг хянан шалгаад Г.Отгонбаатар нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн их хэмжээний өөрчлөлтийн талаарх мэдээллийг хуулийн хугацаанаас 57 хоног хоцроож мэдүүлсэн нь тогтоогдож сахилгын шийтгэл авч байсан байна. Гэтэл энэ хүн нь Эрчим хүчний яам, АТГ-аас очсон шалгалтыг очиход оруулдаггүй гэсэн яриа Дорнодынхоны дунд хэсч явдаг юм билээ. Хэдий ковидын хууль гарч хорио цээрийн хүнд үе байсан ч өөрийн том ар талдаа найдаж төрийн байгууллагуудыг үл тоож даварсан байна гэж хардаж байна. Мөн төрсөн дүү Х.Болор-эрдэнийг “Эрдэнэс тавантолгой” ХК-д ТУЗ-ын гишүүнээр улираан барин томилуулж байсан нь одоо яригдаад байгаа нүүрсний гэх хэргүүдэд хамааралгүй байх учиргүй байх.
Энэ мэтчилэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдээд Монголын ард түмний дээрээс удирдаад явж байгаа нь шудрага ёс мөн үү. Илтэд гэмт хэргийн шинжтэй мэдээ, мэдээллийг хуулийн байгууллага тэр дундаа улс, нийтийн хөрөнгийг ихээр идэж шамшигдуулсан тухай мэдээллийг шууд шалгах хуультай. Энд дурьдагдсан асуудлыг яагаад шалгахгүй байгаа юм бэ. Эсхүл энэ хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр худлаа гүтгээд байна уу. Одоо хүртэл ямар нэгэн байдлаар хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийг болон бичигч нарыг шалгуулахаар гомдол гаргаагүй байгаа тул дээрх мэдээллүүд үндэслэлтэй байх гэж хардаж энэхүү гомдлыг шудрагаар шалгаж хариуг өгөхийг шаардаж өөрийн биеэр хүргэж өгч байна.
Энэхүү гомдлын хариуг албан бичгээр гомдол мэдээлэл шалгаж дууссан өдөр өөрийн биеэр очиж авах болно. Энэ талаараа Монголын ард түмэнд эргэж мэдээлэх болно.
[1] Эх сурвалж: https://ubn.mn/p/31178
[2] http://isee.mn/n/1805
[3] http://isee.mn/n/42762
Сэтгэгдэлүүд