Засгийн газраас ирэх долоо хоногт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина хэмээн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэв.
Тэрбээр, өнгөрсөн оны сүүлийн өдрүүдэд Ерөнхий сайдаас өгсөн үүргийн дагуу улс төрийн өндөр албан тушаалтнууд буюу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд дэд сайд нарын саданг төрийн захиргааны болон өмчийн компанид удирдах албан тушаалд ажиллуулахгүй, мөн хамаарал бүхий компанийг нь төрийн худалдан авалтад оролцуулахгүй байх хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулсан гэж байв.
Гэвч УИХ-ын гишүүдээс хамаарал бүхий гэж чухам хэнийг хэлээд байна вэ, хүний эрхийн зөрчил үүсээд байгаа юм биш үү гэх бухимдал цухалзсан.
Шинэ оны ажлын эхний өдөр МАН-ын бүлгийн хурлаар энэ асуудлыг хэлэлцсэн гэнэ. Д.Амарбаясгалан сайд мэдээлэл өгөхдөө хамаарал бүхий гэдэгт эхнэр, нөхөр, хүүхэд, хамтран амьдрагч, түүний хүүхдийг хэлнэ хэмээн тодотгохоор яригдаж байгаа хэмээн өчигдөр хэллээ.
Харамсалтай нь, бодит амьдрал дээр эхнэр, нөхөр, үр хүүхэд гэхээс илүүтэйгээр шадар туслах нь, нутгийн дүү нь, худ нь, төрсөн дүү, ах нар нь төрийн захиргааны болон компанийн ямар нэгэн албан тушаалд томилогдож, тэд нарынх нь компани төрийн тендерт оролцдог. Тэгэхээр хуульд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, үр хүүхэд нь гэж орууллаа гээд ард иргэдэд тэгш боломж ирнэ гэж итгэх нь ёстой тэнэгийн дотор уужуу гэгч болох биз. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хормой доор л ах дүү амраг садангийн сүлжээ салаа мөчрөө дэлгэсээр байгаа жишээ нэг биш бий.
Наад зах нь, Төрийн өмчит компанийн ТУЗ-д орсон этгээдүүдийг хараарай. Бид “Эрдэнэс Тавантолгой “ ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүнээр хэдэн жил суудал бөглөсөн УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүү Х.Болор-Эрдэнийн талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл түүний дүү нарын Төрийн өмчит компаниас сордог үзэгдэл үүгээр хязгаарлагддаггүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд ил болсон зарим баримтаас эхлээд шүүж үзье.
Аалзны тор мэт ах дүүс, анд нөхдийн сүлжээ
Баримт 1. УИХ-ын гишүүн Х.Болорчулууны төрсөн дүү Х.Болорбаатарын худ Г.Отгонбаатар нь “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэгвэл мөн л дүү Х.Болоржаргалынх нь эхнэр Ө.Сүнжидмаагийн төрсөн дүү Ө.Жаргалсайхан нь тус компанийн ерөнхий инженер хийдэг. Харин “ЭТТ” ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн дүү Х.Болор-Эрдэнийнх нь “Дорнод газар” компани тус төрийн өмчит компаниас тендер авдаг.
Үүнийг уншигч та шударга зүйл гэж харж байна уу. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн сайхан яриад байгаа хуулийн төслөөр бол энэ байдал цаашид ч үргэлжлэх нь тодорхой юм байна. Учир нь, дүү нар болон тэдний эхнэр, нөхөр хамаарал бүхий этгээдэд хамаарахгүй.
“Дорнод эрчим хүч дулааны сүлжээ” ТӨХК-д өөр олон хачирхалтай баримт бий. Яг л өнөөх аалзны тор гэгчээр амраг садан, ах дүү, анд нөхрийн хэлхээ ажил төрөл дээр нь наалдана.
Баримт 2. “ДБЭХС” ТӨХК-ийн Г.Отгонбаатар захирал 2009 онд өөрийн найз Г.Нямдаваа, Ж.Эрдэнэцогт нартай хамтран “ДОРСҮХЭ” гэх компанийг байгуулжээ. 2016 онд “ДБЭХС” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон учраас тус компанийнхаа 30 хувийг найз Г.Нямдаваад шилжүүлсэн байгаа юм. Гэхдээ Г.Нямдавааг өөрийн дэргэд Дулааны шугам сүлжээ цехийнхээ даргын ажилд томилжээ. Албан үүргийн дагуу Г.Нямдаваа нь “ДБЭХС” компанийн тендерийн үнэлгээний хорооны даргаар ажиллаж, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр “Дулааны гуравдугаар магистраль шугамд оруулга оруулж, солих, шинээр дулаалга хийх засвар үйлчилгээний ажил”-ын тендерт “МЭЗ” ХХК-г шалгаруулсан байна. Нийт 299 сая төгрөгийн ажил. Сонирхолтой нь, “МЭЗ” ХХК-ийнхаа туслан гүйцэтгэгчээр яг энэ ажил дээр Г.Нямдаваагийн “ДОРСҮХЭ” компани 50 сая төгрөгийн гэрээ байгуулан ажилласан байдаг.
Туслан гүйцэтгэгчийн гэрээндээ Г.Нямдаваа өөрөө компаниа төлөөлж, гарын үсэг зурсан. Тайлбар нь тухайн компани туслан гүйцэтгэгчээр сонгосон. Манай компани ажлыг нь л хийсэн. Ухвал энэ баримт араасаа уртаас урт сүүлтэй. “ДОРСҮХЭ” бол төрийн тендерийн түүдэг компанийн нэг мөнөөс мөн.
Баримт 3.
“ДБЭХС” ТӨХК-ийн ТУЗ нь 9 гишүүнтэй. Эрчим хүчний яам 70 хувийг нь эзэмшдэг учраас ТУЗ-д 5 төлөөлөлтэй, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар 30 хувийг нь эзэмшдэг 1 төлөөлөлтэй бол хараат бус 3 гишүүнтэй.
Хамгийн сүүлд 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр ТУЗ-ийн гишүүдийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар томилжээ. ТУЗ-ийн дарга нь ЭХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын санхүүгийн хэлтсийн дарга Ж.Жанарбаатар. Түүнээс гадна тус яамны шинжээч, мэргэжилтэн зэрэг 4 хүн бий. Мөн ТӨБЗГ-ын ТӨУЗХ-ийн Удирдлага, төлөөллийн албаны дарга В.Дарханбаатар ТУЗ-д ажилладаг. Хууль дүрмийн дагуу ТУЗ нь сард нэг хуралддаг гэж өөрсдөө бичсэн байсан.
Тэгвэл хараат бус гишүүнээр Төрийн албаны зөвлөлийн маргаан хянан шалгах газрын дарга байсан, одоо өмгөөллийн “Ивээл баг “хуулийн фирмийн гүйцэтгэх захирал Э.Эрдэнэхишиг, сэтгүүлч яруу найрагч Д.Ган-Очир, “Олонлог академи” сургуульд багш Э.Мөнх-Оргил гэх гурван хүн ажилладаг юм байна. Тус бүр 700 мянган төгрөгийн цалин авдаг аж.
Уг нь хараат бус гишүүний үүрэг нь ТУЗ-ийн гишүүдийн гаргаж байгаа шийдвэрийг бие даасан байр сууринаас харж, шүүмжлэх эрх үүрэгтэй. Мөн Компанийн тухай хуульд төрийн худалдан авалтын талаар санал боловсруулах, үр ашигтай зохион байгуулж байгаа эсэхэд хяналт тавих хэмээн онцолсон байдаг.
Тэгвэл Э.Эрдэнэхишиг хуульчийн хувьд Дорнод аймгийн уугуул нэгэн ч гэлээ мэргэжлийн дагуу хараат бус гишүүнээр ажиллаж байгаа гэж бодлоо гэхэд яруу найраг ч Д.Ган-Очирыг УИХ-ын гишүүн Х.Болорчулууны “хуурай дүү” гэдгийг ойр орчмынх нь бүгд мэднэ.
Харин Э.Мөнх-Оргил гэх эмэгтэй нь УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн “хуурай дүү” Б.Гэрэлцогтын эхнэр. Магадгүй “ДБЭХС” ТӨХК-ийн талаар түүнээс лавлаад нааштай мэдээлэл олж авах нь юу л бол… Сар бүр тэднийг хуралд суудаг гэдэгт ч бас эргэлзэж байна.
Эрхэм гишүүд маань өөрийн халаасны хүмүүсээ бага ч гэлтгүй байнга орлоготой газарт ямар нэг байдлаар шургуулж чаддагийн тод жишээ бол энэ.
Бодит амьдрал дээр Ерөнхий сайдын хамар дор нь ийм жишээ байхад улстөрийн өндөр албан тушаалтны эхнэр, нөхөр, хүүхэд гээд хамаарал бүхий этгээдийг хязгаарлах тухай ярих нь тэгш боломж, хүний эрхэд нь нийцэж байна гэж үү.
TOIM.MN
Сэтгэгдэлүүд