Хорвоо ертөнцийн сураг ажиг, хол ойрын сонин содон мэдээлэл дунд эргэлдэх бидний амьдралд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн уушийн газар пиво ууж буй зураг нэг их сонин содон үйл явдал биш.
Гэхдээ Төрийн тэргүүний өндөр сэнтийгээс бууж, албан тушаалын ээлж халаа он цагийн үргэлжлэлд төгсдөг, эхэлдэг гэдэг зарчим жаягаар харвал түүний хувьд зугаатай өдрүүд ийн эхэлсэн нь тодорхой. Гэсэн ч хаврын урьтай зэрэгцэж, найз нөхөдтэйгөө пиво ууж, казинод тоглож буй зураг нь сошиалд тарахтай зэрэгцэн түүнийг Монголын төрөөс салгаж ойлгох амаргүй нь бас үнэн. Ардчилсан хувьсгалын он жилүүдийн түүхийг Ц.Элбэгдоржгүй, түүний чамин тансаг уриа үггүй, эсэргүүцлийн лоозонгүй төсөөлнө гэдэг боломжгүй. “Хурд”, “Никитон” хамтлагийн “Нүргээн” тоглолтод сэтгэлийн цэнгэл эдэлж, дуулж, бүжиглэж буй нь ч түүний л нэг төрх.
Аа, харин АСЕМ буюу Ази-Европын төр засгийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалтад зориулж зарцуулсан 395.7 тэрбум төгрөгийн 290.9 тэрбумтай нь холбоотой зарцуулалтыг Үндэсний аудитийн газраас нягтлан шалгуулахаар хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн тухайд бол асуудал өөрөөр яригдана. Хэдийгээр өнөөдөр олон нийтэд уг асуудалд нэр холбогдон шалгуулахаар болсон 17 хүний нэр тодорхой бус байгаа ч Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг тойрсон эргэлзээ үүгээр нэмэгдэх нь гарцаагүй. Асуудал цэвэр түүний санаачилга, ивээл доор явагдсан гэдгээр нь харж үзвэл шүү дээ. Ингэж түүнийг тойрсон эргэлзээ нэгээр нэмэгдэхтэй зэрэгцэн тэрбээр Цаазын ялын эсрэг олон улсын комиссийн бүрэн эрхт төлөөлөгчөөр сонгогдов. Гадагшаа тод, дотогшоо бүдэг болсон түүний энэ нэр хүндэд мэдээж Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилийн намтар нь хувь нэмрээ оруулсан нь дамжиггүй. Ерөнхийлөгч байх хугацаандаа Орос, Хятад, Монгол гэсэн гурван хөрш орны төрийн тэргүүний уулзалтыг санаачилсан, уулзсан, Монгол Улсыг цаазын ялгүй орон гэдгээр дэлхийд зарласан гээд дээрх дүгнэлтэд олон жишээ татаж болно. Харин тэрбээр ШХАБ-ын тухайд “Монгол Улс ажиглагчийн статустай” гэдэг байр суурийг найман жилийн турш хамгаалсан. Хөрш орнуудын төрийн тэргүүнтэй уулзахдаа ч үүнийгээ хэлж байсан. Жил бүр болдог ШХАБ-ын уулзалтад оролцохдоо ч уламжлал болсон өгүүлбэрээ өөрчлөөгүй. Энэ бол Монгол Улсын гадаад бодлогын залгамж халаа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед алдагдаагүйн нэг жишээ.
Яг одоогийн нөхцөлд буюу Ерөнхийлөгч Х.Баттулгын Монголын эдийн засгийн форумын индрээс хэлсэн “ШХАБ-тай тогтоосон хамтын ажиллагаагаа энэ жилдээ багтаан ахисан төвшинд хүргэж, илүү идэвхтэй оролцоо, хамтын ажиллагаанд шилжих хэрэгтэй байна. Ингэснээр ШХАБ-ын гишүүн найман улстай харилцах харилцаанд нэн таатай орчин үүсэхийн зэрэгцээ олон жл яриад биеллээ олоогүй бүс нутгийн дэд бүтцэд холбогдох асуудал бодит ажил хэрэг болон хэрэгжих зам нээгдэнэ. ШХАБ-ын гишүүн орнуудын хүн ам, эдийн засгийн хүчин чадлыг энд ярих нь илүүц. Ийм прагматик хандлага баримтлан, гадаад худалдааны таатай нөхцөлүүдийг бий болгож байж л хөрөнгө оруулалтыг Монгол руу бодитоор татах болно” гэдэг үгийг сонсох хүртэл яг үнэндээ эгэл жирийн иргэн бидний хувьд ШХАБ нэг их ойрын сэдэв биш байлаа. Монгол Улсын төрийн бодлогын хувьд ч уламжлалт харилцааг чухалчилснаас өөрөөр дэд бүтцийн ашиг сонирхол дээр тулгуурлан ШХАБ-гүйгээр хол явахаа хэр олон жил ярилцсан бэ гэж бодохоор бас л тодорхойгүй. “Цэргийн эвсэл” гэсэн хоёрхон үг бүхий нэг тодорхойлолтоор өнгийж ажигласан тэр цаг хугацаа харин энэ удаад дуусч мэдэх нь.
Цэг тавина. Өгүүлбэр эхэлнэ. Яг л үүнтэй адил. Учир нь, Ерөнхийлөгч Х.Баттулга их удахгүй болох ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад мордоно. Үүнээс өмнө УИХ дахь МАН-ын бүлэг ч, УИХ дахь АН-ын бүлэг ч шийдвэрээ гаргах ёстой. Тэр цагт УИХ асуудлыг хэлэлцэх боломжтой болно. Харин нэгэнт шийдвэр гарсны дараа Монгол Улс хэрхэх вэ. Евроазийн эх газрын 61 хувийг эзлээд байгаа энэ том эвслийн хатавчинд байх уу, хаалгыг нь өшиглөх үү гэдэгт хэн өнөөдөр үнэн бодитой, ирээдүйгээ харсан хариулт өгөх юм бэ. Орос, Хятадын атгалтыг үл ойшоож, Монголд барууны орнууд хөрөнгө оруулалтаа оруулах уу. ШХАБ-аар дамжиж хаалга нь цэлийх тэр дэд бүтцийн хонгилоор Монгол Улс нүүрснээс өөр юу тээвэрлэх вэ. Тэр тээврийн эцсийн зогсоол ШХАБ-даа дуусах уу, эсвэл цаашаа салбарлах уу… Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж бол энэ бүх асуултад тодорхой хариулаагүй ч ирээдүйгээс бол эмээж байсан юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга бол ирээдүйд цэцэг ч тарьж, ногоо ч ургуулж, нүүрсээ ч борлуулж зогсоогоор Монгол Улсыг харж байна. Гэхдээ зам хийгээд жим нь ШХАБ. Харьцуулаад үзэхэд яг л “Цаазын ялгүй Монгол”, “Цаазын ялтай Монгол” гэсэн хоёр өөр үзэл санаа өнгөрсөн цаг хугацаа хийгээд одоо цагт мөргөлдсөнтэй адилхан. Нийтлэлийн эхэнд дурдсанчлан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Цаазын ялын эсрэг олон улсын комиссийн бүрэн эрхт төлөөлөгчөөр сонгогдож байхтай зэрэгцэн Ерөнхийлөгч Х.Баттулга цаазын ялыг сэргээх саналаа илэрхийлж байсантай адил. Энд л Ц.Элбэгдорж явж, Х.Баттулга ирсний ялгаа нь бий.
Гэхдээ бодоод үзэх нь ээ. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн араас явах хүн нь яах аргагүй Ерөнхийлөгч Х.Баттулга. Тэрбээр монголчуудын сонголтоор хоёронтаа сонгогдож болно. Гэсэн ч тэрбээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой” гэсэн улстөрч залуусын хөөрсөн дуу хоолой олон нийтийн итгэл үнэмшлийг ховсдож чадахгүй тохиолдолд найман жилийн дараа явж л таараа. Энэ бол эрх мэдлийн цаг хугацаа зогсдог гэдгийн бодит үнэн. Үүнийг үгүйсгэж болохгүйг хэн эс андах вэ. Харин Монгол бол үлдэнэ. Иймд үлдэх эх орноо бодож, шийдвэр гаргахыг хүсье.
ЖИЧ: Огт хамааралгүй байж мэдэх АСЕМ-ийн тухай мэдээлэл ирэх өдрүүдийн нүүдэл ч юм билүү, хэн мэдлээ.
Үндэсний шуудан сонин
Сэтгэгдэлүүд