зөвлөгөө

The Guardian агентлаг: “Монгол охид бүсгүйчүүд эрчүүдээ голж эхэллээ”. Ганц бие байгаа нь гэм хийчихсэн юм шиг…

0

The Guardian агентлаг: “Монгол охид бүсгүйчүүд эрчүүдээ голж эхэллээ”. Ганц бие байгаа нь гэм хийчихсэн юм шиг…

Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах “UB Comedy” клубын шоуны дийлэнх үзэгчид нь эмэгтэйчүүд байх агаад дөнгөж ажлаа тараад гарч ирсэн болов уу гэмээр оффис хувцастай бүсгүйчүүд шар айраг шимэнгээ, тайзан дээрх залуу эрчүүдийг үзэн сууна. Үүнийг ч батлах шиг шоуг найзуудтайгаа хамт үзэж суугаа сэтгүүлч бүсгүй Ж.Мандхай “Хаана ч, ямар ч паб, клубт ийм л байдаг. Ихэнх нь эмэгтэйчүүд байдаг” гэж батлан хэлэх нь тэр.

Сүүлийн арав гаруй жилд хөдөө, орон нутагт амьдардаг гэр бүлүүд охидынхоо боловсролд илүүтэйгээр хөрөнгө оруулалт хийж нийслэл хот руу их, дээд сургуульд явуулах нь ихэсжээ. Зарим нь эмэгтэй хүүхэд мал маллахаас илүү эрдэм номд шамдах хэрэгтэй гэдэг бол харин зарим нь эрэгтэй хүүхдүүдийг гэртээ үлдэж малчин болох нь дээр гэж үздэг. Чухам энэхүү хандлага Монголд жендэрийн ялгаа өсөхөд нөлөөлсөн бололтой. Тухайлбал Монголд эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүдээсээ илүү өндөр боловсролтой байгаа бөгөөд дундаж наслалтын хувьд ч арван жилээр илүү байдаг байна.

Үндэсний статистикийн газрын мэдээгээр Улаанбаатар хотод 2007 онд гэрлэлт 22,9 хувьтай байсан бол 2016 онд 8,9 хувь болж буурсан байна. Хачирхалтай нь гэрлэлт ийнхүү буурсны шалтгааныг эмэгтэйчүүд тохирох хүн олддоггүй гэж тайлбарлажээ.

Ямартай ч гурван сая хүн амтай Монгол улсад жендэрийн харьцаа бараг л тэнцүү гэж хэлж болох ч эмэгтэйчүүдийн тоо эрчүүдээс 60000-аар илүү байдаг байна. Тийм учраас цэцэрлэг, сургууль, ажлын байр гээд аль ч газар эмэгтэйчүүдийн тоо дийлэнх хувийг эзлэх нь бий. Харин гэрлэлтийн хувьд 15-аас дээш насны эрчүүдийн 40 хувь нь гэрлэсэн байдаг бол эмэгтэйчүүдийн ердөө 32 хувь нь л гэр бүлтэй болсон байдаг байна. Учир нь орчин үеийн Монгол эмэгтэйчүүд илүү бие даасан, карьерлаг болсонтой холбоотой бөгөөд эрт гэр бүлтэй болохын оронд өөрийн гэсэн байр суурийг олохын төлөө хичээх болжээ.

Харин нас ахисан эмэгтэйчүүд хувьд энэ асуудал бас л өөр. Үүний нэгэн жишээ бол Зола гэх эдийн засагч эмэгтэй гадаадад магистрын зэрэг хамгаалж ирээд хэдэн жилийн турш нөхөр хайжээ. Эхлээд шинэ найз нөхөдтэй болж, сохор болзоонд явж, сүүлдээ лам, бөө дээр хүртэл очсон байна. Ингэж явсаар тэр эцэст нь хөрөнгө мөнгө, боловсрол, амжилт харалгүйгээр ердөө л өөрт нь анхаарал халамж тавьдаг, сэтгэл сайтай залуу л байхад хангалттай гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Тэгвэл залуу охидын хувьд эсрэгээрээ нөхөр болох хүн нь заавал өөртэй нь эн тэнцэхүйц боловсролтой, амжилттай байх ёстой гэж үздэг байна. Энэ тухай сэтгүүлч А.Алимаа “Амжилттай эмэгтэйчүүд өөртэй нь эн тэнцэхүйц хүнийг олж гэрлэх нь тэдний хувьд нийгмийн нэг төрлийн дарамт болдог” гэжээ.

Дэлхийн банкны судалгаагаар Монголын 20-иод насны эмэгтэйчүүд карьерын хувьд эрэгтэйчүүдээс илүү амжилттай байдгийг тогтоожээ. Тиймээс зарим эмэгтэйчүүд боловсролдоо хэт их анхаарснаар ганц бие өтлөх эрсдэлийг бий болгодог байна.

Энэ талаар Говьсүмбэр аймгийн эрэгтэйчүүдийн холбооны тэргүүн Т.Болдбаатар “Манай улсын жендэрийн тэгш бус байдал болон тулгамдаж буй асуудлууд нь эрэгтэйчүүддээ анхаарал бага тавьж буйг илтгэж байна. 1990 онд социалист системээс ардчилсан нийгэмд шилжихэд төрийн өмчит компаниудын хувьчлалд мянга мянган хүн ажилгүй болсон. Харин одоо ТББ-ууд болон засгийн газар нь архидалт, ажилгүйдэлд өртсөн эмэгтэйчүүдэд илүү анхаарч эрчүүдийг орхигдуулж байна. Тиймдээ ч эмэгтэйчүүд өөрөөсөө боловсрол доогуур эрчүүдийг дорд үзэж тэдэнтэй гэрлэхийг хүсдэггүй. Нөгөө талдаа эрчүүд нь тухайн эмэгтэйг мөнгөтэй, боловсролтой залуутай л тохирно гэж бодоод ойртож чаддаггүй гэх мэт асуудлууд үүсдэг” гэжээ.

Улаанбаатар хотын төвд байрлах “Caffe Bene” кофе шопын ширээг эмэгтэйчүүд дүүргэсэн дүр зураг харагдана. Зарим нь сандал дээр сууж, хажуудаа дэлгүүрээс авсан олон тортой хувцсаа тавиад, утсаараа оролдож харагдана. Ер нь хаана ч эмэгтэйчүүд л олон байна.

Монголын ганц бие эмэгтэйчүүдэд, ялангуяа цагаан сарын баяраар хамаатнуудтайгаа уулзахад тун хэцүү байдаг гэнэ. Энэ талаар уул уурхайн компанид ажилладаг ганц бие ээж Б.Солонго “Заримдаа надад ганц бие байгаа нь яг л гэм хийчихсэн юм шиг санагддаг” гэж хэлсэн байна.

Монгол улсад ийнхүү эрэгтэйчүүдийн боловсрол доогуур болсноор жендэрийн тэгш бус байдал үүсэж амжилттай хэрнээ ганц бие бүсгүйчүүдийн тоо нэмэгдэж, тэдгээр бүсгүйчүүд нийгмийн зүгээс гэр бүл зохиохыг шаардсан дарамттай нүүр тулгарч байна.

12 настай гэгддэг тиктокчин охин ЯГ ҮНЭНДЭЭ…

Өмнөх нийтлэл

Надаас ч том цэцэг хүргэлтээр ирэхээр нь Зоригоо маань одоо л “гэсэж” дээ гэтэл биш харин…

Дараах нийтлэл

Танд таалагдаж магадгүй юм

Сэтгэгдэлүүд

Сэтгэгдэл хаалттай байна.

Дэлгэрэнгүй зөвлөгөө